Ноолуурын орлого зургаа дахин нэмэгдэнэ

Мэдээ


Үйлдвэрлэгчдийг дэмжих 500 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй сан байгуулна

Монголчууд дэлхийн ноолуурын зах зээл дээр зүй ёсны байр сууриа эзлэхээр чармайж байна. 2014 оноос уналттай байсан уг зах зээл энэ оноос сэргэж эхлээд буйг салбарын шинжээч The Schneider групп онцолжээ. Тиймээс дэлхийн ноолуурын зах зээлийн гол тоглогчийн хувьд Монгол Улс энэ таатай үеийг ашиглан ноолуураа экспортолж, валютын орлогоо зузаатгах цаг үе ирээд байна. 2000- 2004 онд хэрэгжүүлсэн “Ноолуур” хөтөлбөрийн үргэлжлэл болох “Ноолуур-2” хөтөлбөрийг Засгийн газар 2018-2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөв. Дэлхийн ноолуурын зах зээлд Хятад, Монгол, Иран гэсэн гурван гол тоглогч бий. Өмнөд хөрш нийт зах зээлийн 48 хувийг бүрдүүлдэг.

Хэдийгээр манай улсад Хятадын дайтай түүхий эдийн нөөц бий ч үүнийхээ 70 орчим хувийг өмнөд хөршид түүхийгээр нь гаргадаг. “Харин 15-18 хувийг гүн боловсруулж, үлдсэн багахан хэсэг нь л эцсийн бүтээгдэхүүн болж байна” хэмээн Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг учирласан.

Тиймээс “Ноолуур-2” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийнхээ 60-70 хувийг эцсийн бүтээгдэхүүн болговол ноолуурын салбарт том дэвшил авчирна гэдгийг тэрбээр үргэлжлүүлэн тайлбарлалаа. Жилд авч буй есөн мянган тонн ноолуурын багахан хэсгийг л эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа нь санхүүжилт дутмаг, суурилагдсан хүчин чадлаа гүйцэд ашиглаж чадахгүй байгаатай холбоотойг салбарынхан хэлж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад ноолуурын иж бүрэн цогцолбор үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг үйлдвэр 51, өрхийн 1500 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

2017 онд эцсийн бүтээгдэхүүнээс 133.9 мянган ам.доллар олсон
Гэвч энэхүү хүчин чадлын тал орчим хувийг л ашиглаж байгаа нь үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө дутмаг байгаатай холбоотой хэмээн Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу ярилаа. “Үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө дутмаг байдгаас зээл авах шаардлагатай болдог. Гэвч зээл хавар ноолуур самнахаас өмнө амжиж гарах боломжгүй тул сайн чанарын ноолуураа хэрэгцээтэй хэмжээгээр авч чаддаггүй. Түүхий эдийнхээ ихэнхийг ченжүүд, өмнөд хөршийн наймаачдад алддаг” хэмээн “Эвсэг” брэндийн үйлдвэрлэгч хэлсэн. Манай улсад хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо нурсан. Тиймээс ноолуур худалдаж авахын тулд үйлдвэрлэгчдээс тээвэр, томилолтын гээд нэмэлт зардлууд гардаг. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд үйлдвэрлэгчдэд бага хүүтэй зээл олгох “Ноолуур хөгжил” сан байгуулахаар болжээ. 500 тэрбум хүртэл төгрөгийн эх үүсвэртэй байх уг сан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зарчмаар ажиллах аж. Харин Монголын хөрөнгө оруулалтын корпорациас 2016 онд гаргасан судалгаагаар нийт үйлдвэрийн 50 хувь нь угаах үйлдвэр байна. 2017 оны байдлаар эдгээр үйлдвэрээр дамжин 5400 гаруй тонн угаасан ноолуур өмнөд хөршийн зах зээлд гарсан нь нийт түүхий эдийн 60 гаруй хувийг эзэлж буй юм. Энэ нь ноолуураас олж буй нийт орлогын 54.3 хувийг бүрдүүлж байна. Харин эцсийн бүтээгдэхүүнээс нийт 133.9 мянган ам.доллар ноолуурын салбарт оржээ. Энэ нь нийт орлогын 35, түүхий эдийн 10 гаруйхан хувь юм.

• “Ноолуур хөгжил” сан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зарчмаар ажиллана.

• Хоёр үе шаттай хэрэгжих “Ноолуур -2” хөтөлбөрийн үр дүнд нийт түүхий эдийн 60 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгоно.

• Эцсийн бүтээгдэхүүнээс гадна ноолууран утасны зах зээл монголчуудад нээлттэй байна.

Харин хоёр үе шаттай хэрэгжих “Ноолуур-2” хөтөлбөрийн үр дүнд 2022 он гэхэд нийт түүхий эдийн 60 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгосноор ноолуураас олох орлогыг зургаа дахин нэмэгдүүлэх боломжтой аж. Эцсийн бүтээгдэхүүнээс гадна ноолууран утасны зах зээл монголчуудад нээлттэй, уг нь. Ноолуурын түүхий эдийн 16-17 хувийг ээрэх хүчин чадал манай улсад бий. Хөтөлбөрийн үр дүнд энэ хүчин чадлыг 3-3.5 дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр угаасан ноолуурын экспорт 50 гаруй хувиар хумигдах юм. Гэхдээ угаасан ноолуурын экспортыг хорихын тулд дотоодын үйлдвэрлэлээс гадна тарифын бус зохицуулалт хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ гэдгийг Д.Алтанцэцэг хэлсэн. Үүний дараа самнасан ноолуурын экспортод мөн тарифын бус зохицуулалт хийнэ. Ингэж байж түүхий эдийн экспортыг хумьж, дотоод зах зээл дээр ченжийг халах нөхцөл бүрдэх аж. Харин түүхий эдийг бэлтгэж, нийлүүлэхэд хөдөө аж ахуйн бирж, салбарын яамны оролцоо чухал. Ялангуяа, Хөдөө аж ахуйн биржийг бүртгэх ажил хийхээс илүүтэй түүхий эд бэлтгэлийн тогтолцоогоо сайжруулах шаардлагатайг мэргэжилтнүүд анхаарууллаа.



САНАЛ БОЛГОХ