Үгээр хийрхэгчдэд үнэн төрх байдаггүй

Нийтлэлчийн булан


Улстөрчдийн популизм эцэстээ улс төрийн институцид нэвт шингэжээ

Хямралын үед ард түмний сэтгэл зүй хүчтэй удирдагчийг хүсэмжлэх хандлагатай болдгоос үүдэн популистууд хүчээ авдаг нь манай улс төрийн амьдралаас тод харагддаг. Ийм үед популистууд онол, судалгааг үл тоомсорлож, олны сэтгэлийг хөөргөж, тэдний сэтгэл хөдлөлд тулгуурлан, этгээд зан үйл, элдэв хоосон үгээр нэр хүнд олж авдаг. Товчхондоо, амьдралд хэрэгжих боломжгүй хоосон амлалт өгч, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хүмүүсийг популистууд гэж нэрлэж болно. Тухайн улс орон улс төр, эдийн засгийн хямралтай, ард иргэдийн амьдрал ядуу тарчиг байхад олон нийтийн сэтгэл зүй хэвшмэл бус өвөрмөц нэгэн удирдагчийг хүсэмжилдэг нь популистуудын амжилтад хүрэх гишгүүр болдог байна. Популист улстөрчид хямралаас гарах хамгийн хялбар арга замыг амлан, жирийн хүмүүсийн чихний чимэг болсон баялгийг тэгш хуваарилах, албан тушаалтны эрх ямбыг хасах, нийгэмд шударга ёс тогтоох зэрэг уриа лоозон дэвшүүлдэг. Энэ төрлийн популист улстөрчид үе үеийн парламентад байсан, байна, хойшид ч байх биз. Тэд өнөөгийн, бас ойрын ирээдүйн жижиг ашиг сонирхлынхоо төлөө олон нийтэд таалагдах чихэнд чимэгтэй зүйлүүдийг ярьж, зогсоох, болиулах, хаах, өөрчлөх, огцруулах, жагсах, тэмцэх гэсэн хамгийн хялбар “шийдэл”-ийг дэвшүүлж, улс төрийн оноо цуглуулан, магадгүй дараагийн сонгуулийн бэлтгэлээ хангаж суугаа. Өөрсдийгөө жинхэнэ удирдагч, эх орон ард түмнийхээ төлөө чин сэтгэлээр тэмцэгч мэтээр харуулахын тулд үг, үйлдэл бүр нь төр засаг, хэн нэгэн, аль эсвэл хэсэг бүлэг рүү чиглэж, шүүмжлэхийн дон туссан хүмүүс улс орныг доош нь чангаахаас, өөд татаж байсан түүх үгүй.

Тэд олон түмэнд зулгуйдаж, зөвхөн сонсохыг хүссэн тэр зүйлийг л ярьдаг нь нууц биш. Олон түмний сэтгэл зүй тогтворгүй тул түүнд тохируулан популист улстөрч ухамсар, зорилгогүйгээр нэгээс нөгөөд үсчих нь харагддаг. Жишээ дурдахад, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Сант Марал” судалгааны төвөөс хийсэн судалгаагаар хамгийн рейтинг өндөртэй улстөрчөөр МАХН-ын дарга Н.Энхбаяр тодорч байв. Үүний араас УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ, Ц.Нямдорж, С.Жавхлан, С.Ганбаатар нар эрэмбэлэгдэж, топ таван улстөрчөөр шалгарсан билээ. Хамгийн сонирхолтой нь нийслэлчүүд УИХ-ын гишүүн С.Жавхланг хамгийн нэр хүндтэй улстөрчөөр тодруулсан явдал байлаа. Уул уурхайн томоохон төслүүдийн үр ашиг нь ард түмэнд ирэхгүй байгааг шүүмжилдэг учраас тэд дээрх рейтингийг тэргүүлсэн байсан. Хийсэн бүтээсэн байтугай юу хийж бүтээх нь тодорхойгүй байдаг популист улстөрчдийн балаг эдийн засгийг сөхрүүлж, улс орныг үймээн самуунд уруу татах хүртэл хор хөнөөлтэй болохыг улс төр судлаачид онцолдог.

Гэхдээ популист улстөрчдийн жагсаалт дээр дурдсанаар дуусахгүй. Учир нь манай улстөрчид “Чи популист, би популист биш” гэж маргах хэрэггүй юм. Бүгдээрээ адилхан популист учраас хоорондоо ингэж маргалдах хэрэг байхгүй. Үүний оронд бүгдээрээ популизмд нэвт автсанаа хүлээн зөвшөөрөөд, гарах арга замаа хайх хэрэгтэй болов уу. Улстөрчдийн популизм эцэстээ улс төрийн институцид нэвт шингэсэн. Үүнийг улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтуудаас харж болно. Ард түмний саналыг авахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг амь оруулж, ногдол ашиг тараах замаар монголчуудын 5.8 их наяд төгрөгийн өрийг төлнө хэмээн амласан улс төрийн хүчин бий. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, халамжийг хавтгайруулах бодлого жилийн жилд аль ч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсаар ирсэн. Мэдээж, амлалтынхаа дагуу өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэвэр, тэтгэмжүүд нэмэгдсээр ирлээ.

• Амьдралд хэрэгжих боломжгүй хоосон амлалт өгч, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хүмүүсийг популистууд гэж нэрлэж болно.

• Популизм улстөрчдийн давын өмнө барьж авдаг сонгомол арга мэхнээс үүдсэн өвчин юм.

• Ард иргэдийг бодит байдлаас хөндийрүүлэн, үл биелэх хоосон итгэл найдлага, аз жаргал руу ямагт түлхдэг.

Эдийн засгийн өсөлт, инфляцын дүнтэй уялдуулж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь байж болох ч үүнтэй зэрэгцээд халамжийг хавтгайруулах бодлого хүчтэй хэрэгжсээр л байна. Хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, оюутны тэтгэлэг зэрэг халамжийн бодлогуудыг цэгцлэх талаар оролдлого хийдэг ч бүтэлгүйтсэн. Энэ бүхэнд цэг тавих боломж нь улстөрчид болон улс төрийн хүчнүүд популизмаас татгалзах. Ингэж байж төрийн бодлого жанжин шугамаа олж, улс орны хөгжлийн хөрс суурь нь бүрдэнэ. Нэг талаар, үндэсний эрх ашгаа хувийн болон нам, эвсэл, бүлгээс дээгүүр тавих сэтгэл, улс орныг удирдах мэдлэг боловсрол, зөвшилцөлд хүрэх, буулт хийх ур чадвар манай улстөрчдөд дутагдсаар байна. Популизмаас болж ямар ч тооцоололгүй, эдийн засгийн үндэслэлгүй, улс орноо бус, амин хувиа бодсон шийдвэр гарах нь цөөнгүй.

Тухайлбал, одоогийн эрх баригчид 2016 онд татвар нэмэхгүй гэх популист амлалт өгч, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Гэтэл тэр нь биелэх боломжгүйг мэдээд ОУВС- гийн нэрийг урдаа барьж хэсэг үзэв. Эцэстээ үнэнд гүйцэгдэж, ОУВС-гийн нэрийг барьсан нь илчлэгдэв. Монголын зарим улстөрч нийгэмд популизмын үр суулгаж, түүнийгээ усалсаар цөөнгүй жилийг ардаа орхисон. Үр дүнд нь Монгол Улс хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болж, рейтинг нь улам уруудан, харин зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалт татах өртөг нь улам өссөөр байна. Гэхдээ энэ бүхэн сүүлийн хэдэн жилийн дотор бий болчихсон асуудал биш, олон жилийн турш хуримтлагдсан, нөгөө талаас Монголын улстөрчдийн давын өмнө барьж авдаг сонгомол арга мэхнээс үүдсэн өвчин юм. Энэхүү өвчлөлөөс салахын тулд бодлогоо зөв тодорхойлохоос гадна Монголын улстөрчид овлигогүй ааш араншингаа дарах ёстой болж байна. Хэдийгээр эрх чөлөөт, ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсах, шаардах эрх нь нээлттэй ч популист улстөржилтөөр санасандаа хүрэх оролдлого нь хэрээс хэтэрлээ. Улсынх нь данс улайчихсан байхад цалин, тэтгэвэр нэм хэмээн жагсаал цуглаанаар сүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад төр нь тогтворгүй бодлоготой гэдгийг байнга сануулах нь хэр зохимжтой вэ. Асуудал байгаа бол шийдэх нь зөв.

Гэхдээ популизм хийхгүйгээр УИХ, Засгийн газрын түвшиндээ шийдвэрлээд явах гарц байгаа гэдгийг улстөрчид хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж л байгаа. Популистууд ардчилсан шаардлагыг дэвшүүлж буй мэт харагддаг ч эдийн засгийн бэрхшээлийг тайлбарлах нь өнгөцхөн шинжтэй байдаг. Популистуудыг ерөнхийд нь эгэл хялбар шийдвэрт эрмэлзэгчид гэж нэрлэж болно. Гэвч тэдний хялбар шийдвэр төрийн бодлого, үндэсний эрх ашигтай зөрчилдөх учир бодит ажил болж биелэх нь ховор. Ард иргэдийг бодит байдлаас хөндийрүүлэн, үл биелэх хоосон итгэл найдлага, аз жаргал руу ямагт түлхдэг байна. Цагийн жамаар популистуудын ярьдаг сэдвүүд цөөрч, хууртагддаг хүмүүс нь багасах байх. Учир нь популизм тооцоо, судалгаан дээр суурилдаггүй. Дутуу дулимаг мэдлэг, мэдээлэл, хоосон лоозон, заримдаа эх оронч сэтгэлийн хамгийн энгийн, хялбарчилсан хувилбар болох ард түмэндээ хайртайгаа харуулах ганц сонголт дээр тоглолт хийдэг. Ийм “эх орончид” бидэнд хэрэггүй. Тиймээс энэхүү цөөн дүртэй, ганц үзэгдэлт жүжгээс салах нь Монголын улс төр эрүүл байх, улс орон нь хөгжил рүү зөв замаар тэмүүлэх нэг гарц мөн билээ.

САНАЛ БОЛГОХ