Дорой дэд бүтэц хилийн жуулчлалыг боомилдог
Мэдээ
Жуулчдын тоог нэг саяд хүргэхэд визний хөнгөлөлт хэрэгтэй
Монгол Улсад 2017 онд зорчсон жуулчдын тоо хагас саяд арай л хүрч чадсангүй. Хил хамгаалах ерөнхий газрын өгсөн мэдээллээр 471094 жуулчин манайд зорчсон нь өмнөх оныхоос 14.2 хувь өссөн үзүүлэлт. Мөн 400.9 сая ам.долларын орлого олсон нь 2016 онтой харьцуулахад 21.9 хувиар нэмэгджээ. Жуулчдын дийлэнх нь Улаанбаатар, Хөвсгөл, Тэрэлж гэсэн маршрутаар л манай улсад аялжээ. Энэ бол нэг талаас уг уламжлалт маршрутын дэд бүтэц, тээврийн даац хэтэрч, нөгөөтэйгүүр аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэх нөхцөл бүрдэхгүй байгаагийн илрэл. Салбарын яамны мэргэжилтэн С.Баясгалангийн хэлж буйгаар “Алтанбулаг”, “Замын-Үүд” боомт, “Буянт-Ухаа”-гаар дийлэнх жуулчин ирдэг бөгөөд талаас илүү нь агаарын тээврээр зорчдог байна. Харин жуулчдын урсгалын тэн хагасаас илүүг нь бүрдүүлдэг Орос, Хятадын аялагчдын хилээр нэвтрэх боломж нь зөвхөн “Алтанбулаг”, “Замын- Үүд” боомтоор л хязгаарлагдаж байна.
Үндсэндээ ОХУ-тай хиллэдэг 10, БНХАУ-тай хиллэдэг 11 боомтын хүчин чадлыг бид бүрэн гүйцэт ашигладаггүй гэсэн үг. Уг нь бусад салбартай харьцуулахад аялал жуулчлалын орлого хамгийн олон салбарт хуваарилагддаг, эдийн засгийн хүртээмжтэй үйлдвэрлэл. Тиймээс ч дэлхий даяар жуулчдыг тухайн улс оронд эдийн засаг, соёл, нийгмийн хамгийн үр өгөөжтэй зорчигч гэж үздэгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ үүднээсээ жуулчдад визийг аль болох хөнгөлөлттэй олгох бодлогыг улс орнууд баримталж буй. Өмнөд хөрш гэхэд хил залгаа орнуудтай харилцан визгүй зорчдог болсон бол ОХУ хил орчмын аялал жуулчлалдаа зориулан 2015 оны наймдугаар сараас Манжуур, Эрхүүгийн галт тэрэгний шинэ маршрут нээж, хятад жуулчдыг визгүй хүлээж авдаг болжээ. Энэ тухай Спутник сонин цахим хуудастаа “Транс Сибирийн төмөр замаар 2.5 жилийн өмнө анхны аялалаа хийсэн Хятадын 278 жуулчны тоо өнөөдрийн байдлаар 1500 болоод байна. Тэд Чита, Улаан-Үд, Эрхүү, Байгаль нуур гэсэн чиглэлд найман өдөр аялдаг. Төмөр замын чиглэлийг удахгүй Красноярск хүртэл сунгах гэж байгаа” хэмээжээ. Манай жуулчны компаниудын аяллын гол бүтээгдэхүүн болдог Итгэлт хамбын аялал ч гэсэн ОХУ-ын хил орчмын аяллын сонгодог жишээ хэмээн Mongolia Expeditions компанийн менежер ярив. Үүнээс манай аяллын компаниуд нэг монгол хүнээс хамгийн багадаа 100 мянган төгрөгийн орлого олж, дийлэнх нь Оросын талд ордог. Энэ мэт хөрш зэргэлдээ орнууд хил орчмын жуулчлалаа дэмжихийн тулд визний хөнгөлөлт эдлүүлэх болсноор үл үзэгдэгч экспорт улам тэлж байна. БНХАУ-ын Эрээн хот гэхэд өнгөрсөн онд нэг сая жуулчин хүлээж авсан нь манай ДНБ-ий 5.4 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбарын мөрөөдлийн үр шимийг хүртчихсэн хэрэг.
Мөн гурван улсын хүрээнд 2008 оноос хэрэгжүүлсэн “Цайны зам”-ын аялалыг хоёр хөрш аль хэдийнэ бүтээгдэхүүн болгосон байхад бид саяхан л нөөцөө тогтоож дууссан. Үүнээс гадна 2016 онд зохион байгуулсан АСЕМ-ийн өмнөхөн хил орчмын аялал жуулчлалын гол зөвшөөрөл болсон цэнхэр үнэмлэх олгохоо больсон нь Замын-Үүд боомтоор нэвтэрч, Монголд өдөртөө 300 орчим юанийн орлого оруулдаг байсан Хятадын жуулчдын урсгалыг хаачихсан. Одоо цэнхэр үнэмлэхийг эргээд сэргээвэл нэг сая жуулчин гэдэг мөрөөдөл байхаа болино хэмээн салбарынхан найдаж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр ирэх сард Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэрээ хил орчимд зорчих бүлэг жуулчдад зориулсан цэнхэр үнэмлэхийг сэргээж, албажуулах асуудлыг өмнөд хөрштэй ярилцах аж. Нөгөө талаар, боомтуудын үйл ажиллагааг олон улсын шинж чанартай болгон, жуулчин нэвтрүүлэх статустай болгож, дэд бүтцийг нь сайжруулахгүйгээр ганц цэнхэр үнэмлэхэд найдах нь учир дутагдалтай.
Ялангуяа, боомтуудын авто болон төмөр замыг сайжруулвал нэг сая гэдэг тийм ч хол сонсогдох тоо биш юм. 2016 онд нийт жуулчдын 56 хувь нь агаараар, үлдсэн нь газраар зорчжээ. Энэ ачаалал үндсэндээ “Замын-Үүд”, “Алтанбулаг” боомтод л ногддог гэвэл хэтрүүлсэн болохгүй. Өнгөрсөн онд л гэхэд “Алтанбулаг” боомтоор нэвтэрсэн гадаад зорчигчдын тоо 25 хувиар нэмэгдсэн. Тийм учраас нэн түрүүнд түүхий эд нэвтрүүлж буй Бичигт, Гашуунсухайт зэрэг боомтын автозамын хүчин чадлыг нэмэгдүүлж, жуулчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулах хэрэгтэй хэмээн тур операторууд шаардаж байна. Хил орчимд аялж, зугаалах сонирхолтой жуулчид гэдэг угтаа манай аялал жуулчлалын бүсчилсэн хөгжлийн гол хэрэглэгчид юм. Тиймээс аялал жуулчлалыг 2025 он гэхэд гадаадын хөрөнгө оруулалтын 24.8, ажлын байрны 6.2 хувийг бүрдүүлэгч болгохын тулд газрын тээврийг яаралтай сайжруулж, визний хөнгөлөлтийг нэн даруй хэрэгжүүлж эхлэх шаардлагатай. Үгүй аваас, 2020 оны нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар гэдэг дахин хоосон мөрөөдөл болж үлдэх талтай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй