“Эрдэнэт үйлдвэр”-ийн нээлттэй худалдан авалт 400 дахин нэмэгджээ

Нийтлэлчийн булан


Хувийн хэвшил “Эрдэнэт үйлдвэр”-т хэмнэлт авчрав

Хаалттай “вант” улс байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн нээлттэй сонгон шалгаруулалтаар хийсэн худалдан авалт 2017 онд 400 дахин нэмэгджээ. Улс төрийн өндөр албан тушаалтнуудын шахааны бизнесийн үүр болсон энэ үйлдвэрт 2016 оны зургадугаар сард хувийн хэвшлийн хяналт бий болсон. Ингэснээр хэдэн арван жилийн турш “Эрдэнэт үйлдвэр”- ийг төр, түмний өмч нэрээр эзэнгүйдүүлэн, шим шүүсийг нь сорж шимсээр ирсэн шахаач, шантаажлагчдын бүлэглэлийг тас цохин зогсоож, цэвэр бизнесийн зарчмаар урагшлах боломж нээгдсэн. Монголын хувийн хэвшлийн төлөөлөл болох “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авалтыг үр ашигтай болгосноор зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн байгаа юм.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн эхнээсээ эрүүлжиж, санхүү нь сахилга баттай болж эхэлсэн хугацаанд энэ үйлдвэрийг 100 хувь Монголынх болгож, энэ хэмнэлтийг хийсэн хувийн хэвшлийн төлөөллийг хэчнээн их занаж зүхэв дээ. Шударга дүрд хувирсан хиймэл “эх орончид”-той харьцуулахад хувийн хэвшлийн төлөөлөл харин ч ард түмний хөрөнгийг хэмнэж, гамнаж байна. Харин төрөөр түрий барьсан этгээдүүд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг гаднынханд бараг алдчихаад сууж байгаа. Өөрөөр хэлбэл, хувийн өмчтөн, хүний юманд эзэн суусан эрх мэдэлтэн хоёрын тэнгэр, газар мэт зөрүү хугацааны хувьд ийн нэг цаг үед давхцаж байгаа нь энэ. Олон жил хяналтгүй, дур зоргоороо аашлагчдын золиос болж ирсэн энэ үйлдвэр дэх эрээ цээргүй үйлдэл цэгцэрсэн. Нэгэн цагт хэзээ ч бүтэшгүй, хоосон мөрөөдөл төдий байсан хяналт, хариуцлага, хуулийн хэрэгжилт хувийн хэвшил удирдлагын багт нь ажиллаж эхэлсэн 2016 оны дунд үеэс эрчимжсэн байдаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийг монголчуудад авчирсан “Монгол зэс” корпораци “Эрдэнэтийн ирээдүй таван зорилт” дэвшүүлж, хаалттай хөшигний цаана бугласан бүх асуудлыг цэгцлэхээр зорьсон. Тухайлбал, хэдэн жилийн турш амьсгалаагүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн шилэн данс “Монгол зэс”-ийн оролцоо бий болсноор 2016 оны есдүгээр сард амь орж байв. Ингэж улс төрийн өндөр албан тушаалтнуудад “зориулагдсан” шахааны бизнесийн үүр болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийг ил тод, нээлттэй болгосон юм. Үүнээс гадна тус үйлдвэрийг тойрсон хардлага сэрдлэгийн хамгийн халуун сэдэв болдог худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөөний зарчмаар явуулах ажлыг мөн л хувийн хэвшил эхлүүлсэн. Шахааны бизнес хийх таатай хөрс болоод байсан үйлдвэрийн худалдан авалтыг төр, хувийн хэвшил хамтарсан удирдлага цэгцэлсэн байна. Үр дүнд нь нийтлэлийн эхэнд өгүүлсэн олон тэрбумын хэмнэлт, иргэд, бизнес эрхлэгчдэд нээлттэй худалдан авалтын дүнгүүд бий болсон. Энэ сарын эхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хууль, эрхзүйн газар, Хангамжийн хэлтсийнхэн орон нутгийн үйлдвэрлэгч, компаниудтай уулзаж, санал хүсэлтээ солилцсон. Уг уулзалт, хэлэлцүүлэг урьд өмнө нь болж байгаагүй ажил хэрэгч уулзалт болсныг оролцогчид ч онцолж байсан юм.

• “Монгол зэс” корпораци “Эрдэнэтийн ирээдүй таван зорилт” дэвшүүлж, хаалттай хөшигний цаана бугласан бүх асуудлыг цэгцлэхээр зорьсон.

• Хувийн хэвшил удирдлагын багт нь ажиллаж эхэлсэн үеэс “Эрдэнэт үйлдвэр”-т хяналт, хариуцлага, хуулийн хэрэгжилт эрчимжиж эхэлсэн байдаг.

• Тодруулбал, үйлдвэрт хэрэгцээтэй, стандартад нийцсэн бүтээгдэхүүн зах зээлийн үнээр, хугацаанд нь нийлүүлэхээр тусгасан байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Хууль, эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам “Бид худалдан авалтын бодлогоо сайжруулж, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс худалдан авалтын ерөнхий журам, үйл ажиллагааны журмуудаа шинэчлэн баталж, нээлттэй худалдан авалтын бодлого баримтлах болсон” гэдгээ ханган нийлүүлэгчдэдээ анхааруулж байна. Ингэснээр үе шат бүртээ ард түмний хөрөнгөнөөс хулгайлж, хумсалсаар ирсэн эрх мэдэлтнүүдийн эрээ цээргүй үйлдэлд цэг тавих боломж нээгдсэн байна. Ер нь өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авалт зах замбараагүй явж ирсэн. Ямар сайн даа л, элэг авч, эмгэнэл төрмөөр ичгүүргүй шахааны хэргүүд энэ үйлдвэрээс гарч байх вэ дээ. Ус мөрөнгүй уулын баяжуулах үйлдвэрт усан онгоцны мотор шахаж байсныг монголчууд хэсэгтээ л элэг доог хийсэн. Энэ нь ч хэдэн саяар тоологдох теннисний бөмбөг, бэлгэвч зэрэг эрүүл хүний ухаан дутмаар шахаануудтай харьцуулахад энгийн үзэгдэл хэмээн өмөөрч байсан нэгэн ч бий. Оросын талын хийсэн тусгай аудитаар сүүлийн 10 гаруйхан жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-т өндөр үнээр худалдаж авсан, үр ашиггүй шахааны зарцуулалтын дүн 6.1 тэрбум ам.долларт хүрснийг тогтоосон. “Чингис” бондоос даруй дөрөв дахин их энэ мөнгө сүүлийн 10 гаруй жилд энэ үйлдвэрт шахаа хийдэг бүлэглэлийн халаасанд орсон гэсэн үг. Тэгвэл хувийн хэвшлийн авчирсан хариуцлагын салхи “Эрдэнэт үйлдвэр”-т сэвэлзэж эхэлсэн байна. Тухайлбал, өмнө нь худалдан авалтыг үйлдвэрийн ерөнхий захирал шууд гэрээ байгуулаад шийдчихдэг байв. Тэгвэл нэг хүнд төвлөрсөн эрх мэдлийг тарааж, олонхоороо шийддэг болгосон. Худалдан авалтын шинэ журмаар тус бүр нь 20-иос доошгүй хүнтэй хоёр комисс байгуулсан байна. Дарга нараас гадна мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн эдгээр комисс нь дэд комиссуудын санал болгосон худалдан авалтуудыг харгалзан шийдвэр гаргана. Тэрчлэн жил бүрийн аравдугаар сараас эхлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авалтын саналыг авч, холбогдох зөвлөлөөр батлуулна. Батлагдсан төлөвлөгөөг жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд мэдэгдэж, цахим хуудсанд байршуулна. “Эрдэнэт үйлдвэр” худалдан авалтын журамд дөрвөн зарчим баримтлахаар тусгасан.

Тодруулбал, үйлдвэрт хэрэгцээтэй, стандартад нийцсэн бүтээгдэхүүн зах зээлийн үнээр, хугацаанд нь нийлүүлэхээр тусгасан байна. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”- ийн худалдан авалтын системийг олон улсын түвшинд хүргэхээр зорьж байгаа тухай шударгаар өрсөлдөж, үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтэй үндэсний компаниудад мэдээлсэн. Тухайлбал, 2018 оноос үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудын нэгдсэн бүртгэл хийж, цахим хуудсандаа байршуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн жилд нэг удаа бараа, үйлчилгээ нийлүүлэгчдийн дунд цагаан, хар жагсаалт гаргана. Цагаан жагсаалтад багтсан, үлгэр жишээ түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана. Харин хар жагсаалтад багтсан, хариуцлагагүй компаниудтай дахин хамтрахгүй байхаар заажээ. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигч “Монгол зэс” корпорацийн санаачилсан хуулийн хэрэгжилт, бизнесийн зарчим, ил тод байдал идээ бээр нь бугласан “Эрдэнэт үйлдвэр”- ийг эмчилж байна. Эрх мэдлээр далайлгаж, “Эрдэнэт үйлдвэр”-т хулгай, луйвар, шахаа хийдэг этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож, ил тод сонгон шалгаруулдаг болсонд бизнес эрхлэгчид ч ам сайтай байна. Нээлттэй, эрх тэгш, шударгаар сонгон шалгаруулж, эргээд хариуцлага нэхдэг энэ зарчим хамтран ажиллахад таатай боломж олгож байгаа юм. Монголд LED гэрлийн анхны үйлдвэр байгуулсан “Анд Энерги” 2017 оноос “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум төгрөг босгосон тус компани бараг гурван жил “Эрдэнэт үйлдвэр“-т хамтран ажиллах хүсэлтээ тавьжээ. Гэсэн ч нэг ч удаа хүлээн авч байгаагүй аж.

“Эрдэнэт үйлдвэр” худалдан авалтын ерөнхий журмаа шинэчилжээ
Харин “Өнгөрсөн оноос Монголын LED гэрлийн анхны үйлдвэрийг дэмжин хамтран ажиллаж эхэлсэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь Монголын талд шилжсэнээр нээлттэй болсны баталгаа болсон” гэж “Анд Энерги” компанийн гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа ярьж байна. Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь Монголын хувийн хэвшилд ирснээр ийнхүү компанийн засаглал жинхэнэ утгаараа тогтож, санхүүгийн нарийн хяналт бий болж чаджээ. Энэ хэрээр сайн засаглал бий болж, Монголын эдийн засгийн хүчирхэг зүтгүүр “Эрдэнэт үйлдвэр” улам өсөн дэвжинэ. Мэдээж тус үйлдвэрээс улсын төсөвт төвлөрөх татвар хураамж нэмэгдэж, энгийн ажилчдаас эхлээд орон нутгийн бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчдийн хүртэх өгөөж, боломж нэмэгдэнэ. Хувийн хэвшлийн хяналт бий болсон жил гаруйхан хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” танигдахын аргагүй болтлоо илааршсан билээ. Энэ бол “сүүлчийнхээ цамцыг урагдтал” тэмцэнэ хэмээн орилж байсан “эх орончид”-ын хоосон хийрхэлтэй харьцуулахад бодит үр дүн. Чухам яагаад “Эрдэнэт үйлдвэр”-т хувийн хэвшлийн хяналт байх ёстой, бас яагаад зарим шахаач, шантаажлагчид үүнд хорсон, тэмцээд буйн шалтгаан ч энд оршдог.

САНАЛ БОЛГОХ