Халтуурчид такси үйлчилгээний зах зээлд ноёрхжээ

Зах зээл


Хотын 2000 хүн тутамд албан ёсны бүртгэлтэй нэг такси ногдож байна


1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлж буй 11 компанийн 600 орчим такси явж байна. Харин бидний нэрлэж заншсан хувиараа такси эрхлэгчид буюу халтуурчид үүнээс тав дахин их буюу 30-40 мянга байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас гаргасан судалгаанд дурджээ. Нэг талаар халтуурчид 30-40 мянгуулаа болсон нь Улаанбаатар хотод такси үйлчилгээний зах зээл ямар эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байгаа юм. Харин энэ орон зайг яагаад албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээний компаниуд нөхөж чадахгүй байна вэ гэсэн асуулт урган гарч байна. Судалгаанаас харахад, дэлхийн жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногдож байвал эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 2000 хүн тутамд албан ёсны бүртгэлтэй нэг такси ногдож байгаа юм.

Ийн эрэлт хэрэгцээг такси үйлчилгээ эрхлэгчид гүйцэхгүй байгаагаас шалтгаалан иргэд цаг хугацаа хэмнэх үүднээс өөрт хамгийн хялбар аргаар буюу зам дээрээс дурын такси барихаас өөр аргагүй байдалд ордог. Энэ нь явсаар халтуурчид такси үйлчилгээ эрхлэх ёстой, тэдэнтэй аль болох хөдлөхөөсөө өмнө км тутмын үнийг асууж тохиролцох, бэлэн задгай мөнгөтэй явах гэх мэт ойлголтыг ёс юм шиг хэвшүүлсэнд байна. Мөн эд зүйлээ мартаж буувал хаясан хүний гарз, олсон хүний олз болдог “хууль” ч халтуурчдад үйлчилж байдаг. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаагаар хотын төв хэсэгт 07.30-09.20, 12.00-13.30, 16.30-19.40 цагийн хооронд хамгийн их түгжирдэг гэжээ. Энэ үед шатахуунаараа “шатахаас” болгоомжлоод хувь, хувьсгалын аль ч такси үйлчилгээнд гарах нь цөөрдөг. Энэ мэт ерөөсөө л бодлого, зохицуулалт үгүйлэгдснээс такси үйлчилгээг зохих албад нь хянаж чадахаа байж, халтуурчдын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Үнэндээ сайн дурын халтуурчдын үйлчилгээг зохион байгуулах нь бүү хэл хууль эрх зүйн орчин байхгүй, хяналт сул, аюулгүй байдал, даатгал гээд хариулт хариуцлага нэхсэн түмэн асуудал ундарсан хэвээр. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар такси үйлчилгээтэй холбоотой хамгийн их гардаг гомдол нь иргэд үйлчлүүлэх биш дээрэмдүүлэх, таксины жолооч хэл амаар доромжлон танхайрч, хүч хэрэглэх, илүү мөнгө нэхэх, таксинд гар утас, гар цүнх гэх мэт эд зүйлээ мартсан тохиолдолд эргүүлж өгдөггүй гэсэн асуудлуудтай холбоотой байдаг.

Тэрчлэн автомашины өнгө үзэмж муу, эвгүй үнэртэй байдаг төдийгүй жолооч нар нь харилцааны соёлгүй, мөнгө тааруулж өгөхийг шаарддаг, эсвэл хариулт өгдөггүй, жолоо барьж явахдаа утсаар ярьж, аюулгүй байдал хангадаггүй гэх мэт айдас, тав тухгүй байдлын талаар гомдол, зөрчил тасрахгүй. Уг нь зах зээлд такси үйлчилгээг дагаад бизнесийн олон салбар хөгжих боломжтой гэдгийг энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид хэлдэг юм. Тухайлбал, такси үйлчилгээ нь хүүхдийг хичээлд хүргэх, авах, жуулчдад зориулсан тусгай такси, онгоц буудлын тусгай чиглэл, хот доторх бараа бүтээгдэхүүний хүргэлт гэх мэт бизнес төрөлжин хөгжих боломжтой. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг технологийн шийдэл бүхий такси дуудлагын аппликэйшн, тусгай дугаарын утас ажиллуулах гэх мэт шийдлүүд байна. Тэгвэл бусад хөгжингүй хотуудын жишиг, такси үйлчилгээний зах зээл ямар байгааг сонирхоё. Сөүл хотын хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй 80 мянган такси үйлчилдэг аж. Тус хотын захиргаа такси компаниудаас гадна хувь хүмүүст энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодог юм байна.

• Зах зээлд такси үйлчилгээг дагаад бизнесийн олон салбар хөгжих боломжтой.

• Гэсэн ч такси үйлчилгээний зах зээлийг халтуурчид эзэлчихээд байгаа учир энэ салбар дорвитой хөгжиж чадахгүй байна.

• Такси үйлчилгээний салбарыг цаашид амжилттай авч явахын тулд ухаалаг систем нэвтрүүлж, халтуурчдад хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй.

Гэхдээ таксинууд нь бүгд LPG буюу хийн хөдөлгүүртэй байхыг шаардана. Төрөөс нь такси үйлчилгээ эрхлэгч компани болон хувь хүмүүсийг бүх төрлийн татвараас чөлөөлж, шатахууны хөнгөлөлттэй карт олгодог аж. Тус хотын бүх такси нэг тарифтай бөгөөд эхний хоёр км нь 3000 вон, шөнийн тариф нь 20 хувийн нэмэгдэлтэй байдаг гэнэ. Харин Бээжин хотын тухайд 252 такси компанийн 67 мянган такси иргэдэд үйлчилдэг аж. Бээжин хот агаарын бохирдлоо шийдэхийн тулд сүүлийн таван жилийн хугацаанд бүх таксинуудаа цахилгаан хөдөлгүүрт шилжүүлжээ. Хийн хөдөлгүүртэй таксинууд эхний гурван км-т 13 юань, цааш км тутамд 2.35 юанийн тарифтай үйлчилдэг байна. Иймд Улаанбаатар хотын такси үйлчилгээний зах зээлийг амжилттай авч явахын тулд цаашид зорчигчдод баталгаатай төлбөрийг хэмжих таксиметр хэрэгслээр хангах, дуудлага хүлээн авах диспетчерийн систем нэвтрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн байршил заагч GPS, дуудлагын аппликэйшн нэвтрүүлэх, мэргэшсэн жолоочтой байх, QR код бүхий ухаалаг төлбөр тооцооны горимд шилжих, даатгагдсан такситай байх гэх мэт шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байгааг төрийн байгууллага болон такси үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс хэлж байна.


ЗГМ: НЭГ АСУУЛТ

Улаанбаатар хотод такси үйлчилгээний зах зээл хэр эрэлттэй байна вэ. Үйлчилгээгээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тулгамдаж буй гол асуудал юу байна вэ?

АВТО ЗОГСООЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

“Тэбэ сервис” ХХК-ийн захирал Ц.Тэрбиш
-Төрөөс бидэнд нэгдүгээр эгнээгээр зорчих гэсэн ганцхан хөнгөлөлт үзүүлдэг. Тиймээс татвараа төлдөг такси үйлчилгээ эрхлэгчдийн дэд бүтцийг шийдэх, ялангуяа авто зогсоолын асуудалд анхаарах хэрэгтэй байна. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг зогсоож, албан ёсны болгох хэрэгтэй. Манай улс зүүн гарын дүрэмтэй. Зөв талдаа жолооны хүрдтэй автомашинаар такси үйлчилгээ эрхлэх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр маш олон приус маркийн буруу талдаа жолооны хүрдтэй машин таксинд явж байна. Тэдний дийлэнх нь аваар осол гаргадаг. Монголд жилд 570 хүн автомашины ослоор амь насаа алдаж байна. Тиймээс монгол хүний аюулгүй байдалтай холбоотой асуудалд төр төмөр нүүрээ үзүүлэх л хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, автомашины түгжрэл хүн бүрийн толгойны өвчин болсон. Бараг л манай хотын бүх хүн машинтай байна. Хэрэв такси үйлчилгээ хурдан шуурхай болчихвол иргэд хувийн автомашин унах хэрэггүй болно. Ингэснээр замын түгжрэл буурна шүү дээ.

ТАКСИНЫ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

“Гранд такси” ХХК-ийн захирал Х.Болдбаатар
-Такси баазын үйлчилгээ 200 төгрөгөөс эхэлж явсаар өнөөдөр 800-1000 төгрөгийн ханштай болсон байна. Тодруулбал, энгийн такси үйлчилгээний компаниуд эхний километрт 1000, дараагийн нэг километр 800 төгрөгийн тарифаар үйлчилж байгаа. Харин өндөр зэрэглэл бүхий VIP такси үйлчилгээнүүд нэг километрт 3000 төгрөгөөр явж байгаа. Үнэндээ таксины үнийг чөлөөлөх хэрэгтэй гэж би боддог. Өнөөдөр шатахууны үнэ хэдэн төгрөг болсон байгаа билээ. Иймд хотыг гурван бүсэд хувааж, нэгдүгээр бүсэд стандартын шаардлага хангасан таксиг явуулъя, хоёрдугаар бүсэд мэргэшсэн жолооч нарыг, гуравдугаар бүсэд стандартын шаардлага хангасан машинуудыг явуулах гэх мэт арга хэмжээ авах боломжтой. Мөн хууль бус такси үйлчилгээ эрхлэгчдийг маш өндөр үнээр торгодог болмоор байна. Нийслэлийн төсөвт такси үйлчилгээг сайжруулахад 700 сая төгрөг суулгасан гэсэн. Үнэндээ бидэнд бэлэн мөнгөний дэмжлэг авах сонирхол алга. Таксины тоог нэмэхэд хамгийн гол нь парк шинэчлэл хийх хэрэгтэй учир бага хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй байна.

ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН ТУЛ ТАКСИНЫ ҮНИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

“Улаанбаатар такси транспорт сервис” ХХК- ийн гүйцэтгэх захирал Б.Алтангадас
-Манай компани 2010 онд дэлхийн жишигт нийцсэн такси үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан. Бид тухайн үеийн хотын удирдлагуудтай гурвалсан гэрээ байгуулж, такси үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс БНСУ-аас 800 автомашин зээлээр авч, оруулж ирсэн. Гэсэн ч хотын удирдлагууд солигдож, төрийн бодлогын залгамж халаа алдагдсан учир 400 машинаа хувь хүмүүст борлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Өнөөдөр үлдсэн 400 машины зарим нь элэгдэж, хувьд шилжсэнээр 285 машинтай үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн чухал нь такси үйлчилгээ эрхлэгчид хувийн жолооч нартай яг ижил түвшинд байгаад асуудал оршино. Манай жолооч нар өдөрт 100 орчим мянган төгрөг олж, 30 мянга гаруйг нь шатахуун, 25 мянгыг нь бааздаа өгч, үлдсэнээр нь амьдралаа залгуулдаг. Тиймээс шатахууны үнэ нэмэгдэж байгаа энэ үед таксины үнэ тарифийг нэмэх ёстой гэсэн шаардлага тавьж байна.




САНАЛ БОЛГОХ