ҮХЦ: "Эрдэнэт" үйлдвэрийг төрд авсан тохиолдолд нөхөн төлбөр хийгдэх ёстой
Хувийн хэвшлээсээ дээрэмдэж авсан 49 хувиа “Ростех” компанид буцаах нөхцөл рүү түлхэв
“ Жаст”-ын Батхүүгийн Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж зээл авах гэрээг баталгаажуулж гарын үсэг зурсан хэрэгт холбогдоод байгаа, “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяаг Хятадын талд шийдсэн хүний нэг болох ашиг сонирхлын илт зөрчилтэй Д.Сугарт энэ асуудлыг хэлэлцэхэд илтгэгчээр оролцох ёс суртахууны эрх байсан уу гэдгийг олон нийтийн зүгээс хүчтэй тавьж байсан юм Гэтэл тэрбээр өчүүхэн ч санаа зовсон шинжгүй хэлэлцэх асуудлыг улстөржүүлсээр эцсийн шийдвэрт МАН-ын зүгээс урьдчилан төлөвлөсний дагуу нөлөөлж чадлаа. Цэцийн шийдвэр хэрхэн гарсныг олон нийт өчигдөр оройжин телевизээр үзсэн. “УИХ-ын 23-дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна” гэхээсээ илүү “төр өмчөө буцаан авлаа” гэсэн агуулга тухайн мэдээнүүдэд байсан нь ч анзаарагдсан. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэрхэн гаргах, түүнийг олон нийтэд яаж дамжуулах нь эртнээс бичигдсэн зохиолын дагуу явсныг нотлох жишээний нэг энэ байлаа. Ингэснээрээ хөх тэнгэрээс өөр юу ч орой дээр нь үгүй гэсэн зарчимтай Үндсэн хуулийн Цэцэд МАН яаж нөлөөлж, улстөржсөн шийдвэр гаргуулж чаддаг, Үндсэн хуулийн язгуур заалтуудыг хэрхэн дэвсэлж болдгийг ч харуулав.
УИХ-ын 23-дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэдгийг маргаан үүсгэгч талуудын тайлбарласан үндэслэлийг эргэн нэг санацгаая. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол Монгол Улсын Засгийн газрын өмч хэзээ ч байгаагүй, тэрхүү хэсгийг /49 хувийг/ өмчилж байсан өөр улсаас худалдаж авах замаар үүссэн хувийн өмчийн эрхэнд Улсын Их Хурал, Засгийн газар халдаж, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэн, маргаан үүсгэсэн. Үндсэн хуулийн цэц уг маргааныг урьдчилан шалгаад, УИХ-аас гаргасан 23-дугаар тогтоол нь: Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэснийг өчигдрийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн нь энэ юм. Хэдийгээр энэ бол төр нь хувийн хэвшилтэйгээ булаацалдаж буй өмчийн маргаан мэт боловч, үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн ядаж тал нь Монголдоо үлдэх үү, эсвэл 100 хувь гадаадад алдах уу гэдгийг шийдэх асуудал байсан юм. “Ядаж” хэмээн тодотгосны учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Жаст групп Өмнөд Африк /Үнэндээ БНХАУ/-ийн Стандарт банкны барьцаанд тавьж авсан зээлээ төлөөгүйгээс үүдэн Олон улсын Арбитрын шүүхээс Эрдэнэтийн 51 хувийг битүүмжилчихээд буй. Битүүмжилнэ гэхээр “Эрдэнэт” үйлдвэр дээр ирээд хаалгыг нь лацдахын нэр биш. Зүгээр л гүйлгээ хийх дансуудыг нь хаачихдаг. Харин үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй Ц.Нямдорж, Г.Занданшатар нарын сайдууд “Эрдэнэтийг битүүмжлээгүй, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь хэвийн явж буй” хэмээн ил цагаан худал мэдээллийг ард түмэн өгөөд сууж буй. Харин өчигдөр болсон Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны хувьд цаашид Монголд хэн дуртай нь хүний өмчлөх эрхэнд халдан, хөрөнгийг нь дээрэмдэж болно гэсэн жишиг тогтоогоод өгчихлөө.
Мөн Монголын төр хувийн хэвшлээсээ дээрэмдэж авсан 49 хувиа “Ростех” компанид буцаахад хүргэх нөхцөл рүү ч түлхлээ. “Надад байхгүй бол чамд ч байх ёсгүй” гэсэн хувийн хүсэл шуналаар улайран зүтгэж буй зарим хүний өмнөөс гаргасан төрийн буруу шийдвэрийн төлөөс нь Эрдэнэтийн 49 хувь болно. Энэ үед УИХ, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн Цэцийн зүгээс ямар ч шийдвэр гаргаад нэмэргүй. Өөрөөр хэлбэл маргалдагч талууд Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанд гомдол гаргахгүй, энэ хэвээрээ явбал Эрдэнэтийн 49 хувийн хувь заяа Монголын мэдлээс гарах юм. Хятадын талд битүүмжлэгдээд буй төрийн мэдлийн 51 хувьд санаа тавихаасаа илүү хувийн хэвшлийн худалдаж авч ирсэн 49 хувь руу чичрээд буй эрх мэдэлтнүүдийн цаана ямар эрх ашиг байна. Гол шалтгаан нь Эрдэнэтийн 51 хувийг Хятадын дөрвөн том банкны нэгт алдахад хүргэсэн гэмт үйлдлээ хаацайлах гэсэн улайрал юм шүү дээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувь гэдэг өдгөө хүртэл үе үеийн улстөрчдийг угжиж ирсэн, амь амьжиргааных нь баталгаа болохыг бид мэднэ. Ямар сайндаа уул уурхайн сайдаар томилогдсон нэгэн эрхэм Эрдэнэтээс хүртдэг өөрийн хувийг авахаар залгатал өмнөх сайд нь урьдчилаад авчихсан байсан гэдэг яриа улс төрийн хүрээнд өрнөж байхав. УИХ-ын 23-дугаар тогтоол гарсан даруйд эрх баригч намын гишүүдээс цөөнгүй хүн Эрдэнэт рүү захидал бичсэн гэдэг. Ажилд хүн оруулах, бараа материал нийлүүлэх гээд өнөөх л шахааны ажлаа хийх гэсэн нь тэр. Эрдэнэтийн 49 хувь хувийн хэвшилд очино гэдэг олон жилийн шахааны бизнест нь гэнэтийн том саад болсон учраас эрх баригчид үхтлээ айж байлаа. “Эрдэнэт” хэмээх шавхраагүй их баялгаар түнтийж бүдүүрсэн дэлгээтэй хэтэвчинд хуруу шургуулан олз хамах эрхгүй болсонд хорсон байж дэвсэлж байгаа нь үнэндээ өнөө цагийн Монголын нэг цөхрөл, доройтол юм. Үндсэн хуулийн Цэц үнэний төлөө бус улстөржсөн шийдвэр ийнхүү гаргав. Гэхдээ тэд үнэнд гүйцэгдэнэ гэдгээ бас ч мартчихаагүй бололтой УИХ-ын 23 дугаар тогтоолтой холбоотойгоор У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргасан тогтоол буруу болохыг нотлоод “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авсан тохиолдолд “Монгол зэс” корпорацид нөхөн төлбөрийг бүрэн хийж барагдуулах ёстой гэсэн шийдвэр гаргалаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй