“За” нь заль болсон монголчууд

Мэдээ


Хэлснээсээ буцдаг зангаараа Монгол Улс олон улсад цууд гарлаа

Нэгэн цагт монголчуудын андгай болж байсан “за” хэмээх үг өдгөө молиго үмхүүлж, хуурч булхайцах заль болж. Хэлснээсээ буцдаг зангаараа Монгол Улс олон улсад цууд гарлаа. Ялангуяа улс төр, эдийн засгийн талбарт эргэж хургадаг, хэлснээсээ буцаж, хэлцлээсээ ухардаг монгол төрийн ичгүүргүй зан хил залгаа хөршүүдээ цөхрөөж, ойр дотно түншүүдээ түлхсээр. Тэд хэдийнэ бидний энэ занг мэддэг болсон төдийгүй тэрүүхэндээ тааруулах гэж хэрдээ хичээдэг болчихож. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс олон ч түншийнхээ итгэлийг эвдэж, аргыг барсан. Тиймээс гадаад түншүүдтэй хамтран хэрэгжүүлсэн амжилттай ажил хэрэг тун ховор. Харин монголчуудын увайгүй зангаас болж ухарсан төсөл, хөтөлбөр тоймгүй олон. Монголын нэр хүндийг олон улсын тавцанд сэвтүүлж, биднийг бизнесийн итгэлгүй түнш болгон харагдуулсан хамгийн ойрын жишээ Дорнодын ураны ордтой холбогдоно. Канадын “Хан ресурс” компанийн зарга гэдгээр нь монголчуудын сайн мэдэх энэ хэрэг 2009 оноос эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийн Дорнодын ураны орд газарт эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг тодорхой үндэслэлгүйгээр цуцалж, булаан авсан нь үнэн. Энэ нь хууль зөрчсөнийг олон улсын Арбитрын шүүх тогтоож, Монгол Улсад их хэмжээний төлбөр ногдуулсон билээ. Гэтэл “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг нь хураахдаа эрээ цээргүй аашилж байсан Монгол Улс олон улсын хуулийн дагуу өрөнд унасныхаа дараа шалдаа бууж, өр төлбөрөө буулгахыг Канадын компаниас ичих ч үгүй гуйсан шившигтэй түүх саяхных. Ингээд хэлцлээсээ буцаж, тэрхүү компаниас булхайцаж авсан зөвшөөрлөө Оросын хөрөнгө оруулагчид өгсөн ч бас л хамтарч чадалгүй хоцорсон. Ингээд бид Канадын болон Оросын компанийг хуурч нэрээ бараад өнгөрсөн. Дахин нэг жишээ. Замхарч, үгүй болсон V цахилгаан станцыг нэрлэж болно. Сэхээнд хэвтсэн төвийн бүсийн эрчим хүчний системд сэргэлт авчрах байсан энэ төслийг анх танилцуулахдаа Монголын Засгийн газар хэчнээн чихэнд чимэгтэй урсгаж байлаа. Төр, хувийн хэвшлийн хамтарсан түншлэлээр барина, эрчим хүчний гуйлгачин байхаа болино... Ийм алт шиг үгс мөн ч их урссан даа.

Монгол Улс олон ч түншийнхээ итгэлийг эвдэж, аргыг барсан
Ингээд Монголын “Ньюком”, Японы Sojitz, БНСУ- ын Posco Energy, Францын GDF Suez-ийн хамтарсан түншлэлд 2010 оны эхээр хөрөнгө оруулж, тус станцыг барих эрх өгсөн билээ. Гэтэл энэ төслийг 2018 оны эхээр Засгийн газар албан ёсоор зогсоож байгаагаа мэдэгдлээ. Чухам ямар шалтгааны улмаас Монголын эрчим хүчний салбарын найдвар болж байсан энэ төсөл зогсов. Үүнд хариулахаас өмнө V цахилгаан станцын төслийг урагшлуулахаар зүтгэж байсан “Ньюком” группийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуягийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сар буюу төслийг зогсоохоос өмнө “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагаас хүргэж байна. “Бид тендерт 2012 оны долдугаар сард ялсан боловч тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж 2013 оны наймдугаар сард нээгдсэн. Одоогоор ТЭЗҮ-ийн бүх зүйл нь хийгдсэн. Одоо эцсийн гэрээнүүд, Засгийн газартай холбоотой тодорхой асуудлууд үлдээд байна” хэмээн ярьжээ. Тэгэхээр хэн, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой байсан төслийг чухам хэн гацааж, эцэст нь амийг таслан зогсоосныг энэ ярианаас мэдчихэж болно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар станц барих газрыг нь шийдэлгүй гацаанд оруулж, улмаар холбогдох хэлэлцээрүүдийг өгөлгүй энэ төслийг зогсоожээ.

Гэтэл энэ төсөл нь монголчуудыг эрчим хүчний гуйланчлалаас ангижруулах нэг боломж байв. Монгол Засгийн газар Францын Arevа компанийг (одоогийн нэр нь Orano) бас л мурьсан. Манай ураны салбарт 10 гаруй жил хайгуул хийж байсан тус компанийн Монгол дахь үйл ажиллагаа үр ашгаа өгөхийн даваан дээр бүтэлгүйтсэн юм. Гэтэл Монгол дахь үйл ажиллагаагаа багасгасан Arevа компани Казахстаны ураны салбарт 20 жил хамтран ажиллах гэрээг хэдхэн сарын өмнө байгууллаа. Үүнээс гадна өнөөг хүртэл хөдлөөгүй Тавантолгой төсөл ч монголчууд бусадтай хамтарч чаддаггүйн бас нэг баталгаа. Энэ мега төслийг анх зарлахдаа Монгол Улсын Засгийн газар 11 компани, консорциумаас дөрвийг үлдээгээд нэгийг сонгоно гэж мэдэгдэж байв. Гэвч хэлсэндээ хүрээгүй. Ингээд эрчимтэй өрнөж байсан сонгон шалгаруулалт замхарсан. Одоогоос бараг 10 жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын төрийн тэргүүн болохоосоо өмнө Тавантолгойн асуудлаар дотооддоо нэгдмэл байр суурьтай болчихвол хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан гэдэг.

• Манай улс төрийн барьцгүй, найдваргүй, тогтворгүй нөхцөл байдал биднийг сул дорой болгон харагдуулдаг.

• Энэ нь нам, амин хувийн эрх ашгаа эх орны эрх ашгаас дээгүүр тавьдаг, авлигад идэгдсэн, зах замбараагүй хүсэл шуналтай улстөрчдийн балаг.

• Олон улсын түншүүд хэдийнэ бидний найдваргүй занг мэддэг болсон төдийгүй тэрүүхэндээ тааруулах гэж хэрдээ хичээдэг болчихож.

Гэтэл одоо Ши дарга урд хөршийн төрийн тэргүүнээр хоёр ч удаа сонгогдоод, дахиад ч улиран сонгогдох замаа засаад эхэлж байна. Харин энэ хугацаанд манай Тавантолгой нэг ч алхам урагшилсангүй. Монголчуудын хэлсэндээ хүрдэггүй занг хэдийнэ мэдсэн урд хөршийн тэргүүн тухайн үед ийм ухаантай үг хэлж байжээ. Үүнийг ойлгосон япончууд хүртэл Хөшигийн хөндийн нисэх буудлын төсөлд Монголын талын оролцоог хязгаарлаж, өөрсдөө бүрэн хариуцсан. Үр дүнд нь өдгөө нүдэнд харагдаж, гарт баригдахаар бүтээн байгуулалт босчихоод байна. Олон улсын улс төр, эдийн засгийн тавцанд Монгол Улс итгэлтэй, найдвартай тоглогч болж чаддаггүй, сул дорой атлаа булхайцаж, явуургүй заль гаргахаар оролддог. Тэгсэн атлаа үүнийхээ хариуцлагыг хүлээж чадалгүй хошуу унжуулж, ширэн нүүрлэдэг.

Эдгээр ичгүүргүй зангаасаа өөрсдөө ч ичдэггүй.Шалтгаан нь тодорхой хэдий ч огт засагдахгүй юм даа. Манай улс төрийн барьцгүй, найдваргүй, тогтворгүй нөхцөл байдал биднийг сул дорой болгон харагдуулдаг. Энэ нь нам, амин хувийн эрх ашгаа эх орны эрх ашгаас дээгүүр тавьдаг, авлигад идэгдсэн, зах замбараагүй хүсэл шуналтай улстөрчдийн балаг. Эх захаа алдсан, бие биеэсээ өрсөн, хэр хэмжээнээсээ хэтэрсэн зүйлээ чалчдаг улстөрчид хилийн чанадын олон хишиг, хаялгыг буцааж, үнэгүйдүүлдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө БНХАУ манай улсад 400 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Ингээд юунд, ямар төсөлд зарцуулахаа мэдэгдээд, мөнгөө аваарай хэмээн урд хөршийн тал сануулсан байдаг.

Гэтэл манай сайд, дарга нар Хятад улсыг зорих бүртээ уг санхүүжилтийг зарцуулах өөр өөрийн хүслээ ярьсаар, өмнөд хөршийг залхааж, санхүүжилт ч завхарсан гашуун түүх бий. Унтаад сэрэх зуур Монголын улс төр бужигнаж, Шинэчлэлийн Засгийн газраас Шийдлийнх, Мэргэжлийн Засгийн газар нь Ардынх болж донсолдог. Гарч ирсэн засаг болгон өмнөх гэрээ, хэлцлүүдийг унагаж, үгүйсгэж байж санаа амардаг гаж зуршил тогтсон. Ярьсан хэлсэн, төлөвлөсөн гэрээ хэлцлүүдээ дахин засаж, ахин өөрчлөхөөр ухаж эхэлдэг. Хоёр хонохгүй хууль нь өөрчлөгдөж, хорь хонохгүй гэрээ нь цуцлагддаг залгамж бодлогогүй Монголоос гадныхан болгоомжилж байна. Хамрынхаа үзүүрээс давж сэтгэж чаддаггүй, улс орны эрх ашгаас илүү нам, амин хувийн эрх ашгаа эн тэргүүнд тавьдаг улстөрчид, эрх баригчид монголчуудыг найдваргүй, худалч улс үндэстэн болгон харагдуулаад байна. Дотроосоо ялзарсан улс төрийн нам, бүлэглэлийн увайгүй талцал нь “за” гэвэл “ёо”-гүй гэгддэг монголчуудыг дэлхийн шившиг болгож буй нь энэ. Уг нь Монголын ЗА АНДАГААР байсан билээ.


САНАЛ БОЛГОХ