Утаанаас болж эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо 2.4 дахин нэмэгдэнэ

ЗГМ: Сэдэв


Эцэг эхчүүд 20 цэцэрлэг босгох хэмжээний зардалтай тэнцэх бүтээмж алджээ

Хорт утаанд нэрвэгдсэн хүүхдүүдийнхээ амийг аврахын тулд манай улс жилд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг аж. Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” тайланд дурдсанаар 2016 онд нийслэлд 73747 хүүхэд агаарын бохирдлын улмаас өвчилж, эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна. Үйлчилгээний нийт төлбөр 10.4 тэрбум төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдэд ойролцоогоор 141 мянган төгрөг зарцуулж байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 58 хувьтай тэнцэж байна. Өмнөх жилүүдийн алдаатай бодлого, агаарын бохирдлыг бизнес болгосон дарга нарын балгаас болж төсөвт ийм хэмжээний ачаалал ирж байна. 10.4 тэрбум гэдэг их санагдахгүй байж болно.

Гэхдээ энэ тоо 2012 оноос хойш 40 хувь нэмэгдсэн гэдийг зориуд тодотгох хэрэгтэй. Цаашид хэчнээн сайн бодлого байлаа гээд агаарын бохирдлыг бууруулах ажил шахаа, ашиг сонирхлын зөрчилтэй дарга түшмэлийн гараар орвол нөхцөл байдал хэрхэхийг зураглах гээд оролдъё. Юуны өмнө Улаанбаатар хотын хүн ам 2020 онд 1.66 сая, 2025 онд 1.9 сая болж өсөх тооцоо бий. 2016 онд хотын нийт хүн амын 30 орчим хувийг эзэлж байсан хүүхдийн тоо 29 хувиар нэмэгдэж, 619 мянга болно. Харин агаарын чанар сайжрах найдлага тун бүрхэг. Энэ талаар сүүлд тайлбарлая. Хүүхдийн тоо нэмэгдсэнээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэнэ. Ялангуяа, хоёрдугаар шатлалтын буюу харьяа аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хэвтэн эмчлүүлэгсдэд зарцуулах зардал эрс нэмэгдэнэ. Энэ талаар тайланд “0-18 насны хүүхдүүдэд зарцуулагдах эс үйлдлийн зардлын хамгийн их хувийг дүүргийн эмнэлгүүдийн хэвтэн эмчлүүлэх тасгууд үүрэх болно.

2021 оноос хойш дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгуудад жилд 700 сая төгрөг буюу 227.9 мянган ам.долларын нэмэлт ачаалал ирнэ” гэжээ. Харин одоогийн нөхцөл байдлын талаар Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлгийн нэгэн ажилтан “Өвөл эмнэлэгт ханддаг өвчтөнүүдийн 90 хувь амьсгалын замын өвчлөлтэй. Гэтэл эмнэлэг тэдний ердөө л 30 хувьд нь хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ үзүүлэх бололцоотой” гэж ярьжээ. Хэвтэн эмчлүүлэгсдийн 70 хувь нь уушгины үрэвсэл гэсэн оноштой аж. Тус эмнэлэг 165 ортой хэдий ч өвлийн улиралд даац нь бараг хоёр дахин хэтэрч, 300 хүүхэд хүлээн авч эмчилдэг байна. Харин манай улсын хүн амын эрүүл мэндийн 2016 оны үзүүлэлтээр хүүхэд, өсвөр үеийнхний өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг амьсгалын тогтолцооны өвчлөл эзэлсэн байх юм. Үүн дотор 0-4 настай хүүхдүүд амьсгалын замын өвчлөлд хамгийн их нэрвэгдэж байна. Нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжилбэл хүүхдийн эрүүл мэндийн зардал жил бүр 4.8 тэрбумаар нэмэгдсээр 2025 он гэхэд 24.5 тэрбум болох тооцоог дэлхийн хүүхэд хамгаалах мэргэжилтнүүд гаргажээ.

Гэхдээ энэ нь нэг хүүхдийг эмчлэх эмчилгээний зардал нэмэгдэнэ гэсэн үг биш юм. Харин агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирсон хүүхдийн тоо одоогийнхоос 2.4 дахин нэмэгдэж, 176 мянга давахыг ёрлож байна. Өвдсөн хүүхдүүдээ асрахын тулд эцэг эх, асран хамгаалагчийн алдагдсан бүтээмжийн зардал ч анхаарал татахаар өндөр болох аж. Зөвхөн 2016 онд гэхэд агаарын бохирдлын улмаас өвчилсөн хүүхдээ асрахын тулд эцэг, эхчүүд нийт 19.6 тэрбум төгрөг буюу 20 цэцэрлэг босгох хэмжээний зардалтай тэнцэх бүтээмж алджээ. Харин 2025 он гэхэд асран хамгаалагчийн алдагдсан бүтээмжийн зардал эрүүл мэндэд зарцуулах зардлыг хоёр нугалсантай тэнцэнэ гэж тооцсон байна.

Түүнчлэн нийт хүн амын хувьд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн улмаас 2017-2025 онд 1.2 сая хоног хэвтэн эмчлүүлж, 145 мянган удаа амбулаторт үзүүлэх таамаг гарсан байна. Харин өвчнийг эмчлэх зардал 2025 онд 15 тэрбум төгрөг болж нэмэгдэнэ гэж “Аюулын харанга: Агаарын бохирдол ба эрүүл мэнд” тайланд дурджээ. Долоон жилийн дараах дүр зургийг зоосны нүхээр харвал ийм л дүр зураг бууж байна. Гэхдээ энэ бүхэн 2017 онд Засгийн газрын баталсан Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт хэрэгжихгүй тохиолдолд үүсэх дүр зураг.

Гэтэл энэ хөтөлбөр хэрэгжих боломж үнэхээр хязгаарлагдмал байна. Шийдэл, хэрэгжүүлэх гэж буй ажил гэхээсээ илүү санхүүгийн боломж хомс байна. Үндэсний хөтөлбөрт 2017-2025 он хүртэл нийт 9.8 их наяд төгрөг зарцуулж, агаарын бохирдлыг 80 хувь бууруулна гэж заасан. Санхүүгийн эх үүсвэрийн хоёр хувийг улсын төсвөөс, 2.5 хувийг агаар бохирдуулсны төлбөрөөс тооцохоор болсон. Харин үлдсэн 95.5 хувийнх нь эх үүсвэр тодорхойгүй. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр маань харганын ноосоор эсгий хийхийн үлгэрийн орчин үеийн загвар болж хувирахаар байна. Уг нь хөтөлбөр хэрэгжвэл эрүүл мэндийн салбарт шаардагдах нэмэлт зардал 2025 он гэхэд 10.3 тэрбум болж буурах боломжтой аж.

Харин одоо бол нийслэлийн нийт хүн амын 30 хувийг эзэлж буй 0-18 насныхан агаарын бохирдлоос болж эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах нийт зардлын 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Хэрэв өвөлдөө агаарын чанар нь ДЭМБ-ын стандартаас 25 дахин хортой хэвээр байвал 2025 он гэхэд нийт зардлынхаа 60 гаруй хувийг хүүхдээ аврахад зарцуулаад ч нялх монгол хүнээ эрлэгийн гарт алдахаас сэргийлж чадахгүй болох дүр зураг харагдана.



САНАЛ БОЛГОХ