Татварын шинэчлэл ачаалал, дарамтыг хөнгөлнө

Мэдээ


Орон сууц худалдан авбал зургаан сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Иргэн бүрт хамаатай татварын хуулийн шинэчлэл орон даяар эхлээд байна. Сүүлийн 10 гаруй жил татварын багц хуульдаа гар хүрээгүй Монгол Улс энэ удаад Татварын ерөнхий болон түүнээс улбаалсан бусад хуулиудыг шинэчилнэ. Үүнд Аж ахуйн нэгжийн болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт багтаж байгаа юм. Сангийн яамнаас татварын хуулиудын төслийг 2018 оны хоёрдугаар сарын 23-наас хойш 30 хоногийн хугацаанд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж буй. Ингэхдээ татвар төлөгчдийн дуу хоолойг сонсох, оновчтой санал хүсэлт цуглуулах үүднээс цахим болон нийгмийн сүлжээний бүх төрлийн платформыг ашиглаж байна. Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, эрдэмтэн судлаачид зэрэг олон салбарыг багтаасан хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулж буй. Өнөөдөр буюу даваа гарагт гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд татварын багц хуулийн хэлэлцүүлэг өрнүүлнэ. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд татварын хуулиудыг хэсэгчлэн шинэчилж ирсэн.

Харин 2006 оноос хойш багцаар нь буюу бүрэн шинэчилсэн найруулга хийгээгүй юм. Гэтэл энэ хугацаанд Монгол Улсын макро эдийн засгийн хэмжээ тэлж, бизнесийн орчин, хувийн хэвшлийн хүчин чадал нэмэгдсэн. Мөн олон улсын хувьсан өөрчлөгдөж буй шинэчлэл өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах шаардлага тулгарсан. Хөгжиж буй орнууд 10 жил тутам татварын бодлогоо шинэчлэх шаардлагатай тулгардаг гэж судлаачид үздэг. Учир нь татварын орчин нь эдийн засагтаа “жижигдэх” магадлал өндөр байдаг. Монголын эдийн засаг 2006 оноос хойш зургаа дахин томроод байна. Үндэсний компаниуд өсөн дэвжсээр байгаа. Тиймээс хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, иргэдэд татварын таатай орчин бүрдүүлнэ гэж үзэж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Европын холбооноос Монгол Улсыг татвараас зайлсхийдэг бүсүүдийн хар жагсаалтад багтаасан. Энэ нь Монгол Улсыг татварын орчноо эргэн харахыг сануулсан дохио болсон юм. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар ч тэр даруй татварын хууль тогтоомжоо Европын холбооны стандартад нийцүүлэх үүрэг амлалт өгч, хар жагсаалтаас гарч байв. Мөн “Монголын бизнесийн орчны судалгаа”-гаар судалгаанд оролцсон татвар төлөгч компаниудын 57.5 хувь нь татварын орчин тааламжгүй гэж үзсэн. Мөн 28 хувь нь Засгийн газраас нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний нэг нь татварын дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх гэж хариулжээ.

Монгол Улс одоогоос арав гаруй жилийн өмнө татварын эрх зүйн орчноо шинэчилсэн. Дөрвөн төрлийн татварыг 10 хувь болгон бууруулсан шинэчлэлээ “Дөрвөн 10-ын бодлого” хэмээн нэрлэж байлаа. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр татварын таатай орчинтой орны тоонд багтсан юм. Татварын шинэчлэл хийж, жижиг компаниудад хөнгөлөлт үзүүлж, шатлалыг нэмсэн. Татварын хувь хэмжээг 10 хувь болгон багасгаснаар төсвийн төлөвлөгөө давж биелж байсан түүхтэй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг хэрэгжүүлснээр далд эдийн засгийг ил болгосон. НӨАТ-ын хуулийг шинэчилж, төлсөн татварынх нь хоёр хувийг буцаан олгодог болсноор эдийн засгийн ил тод байдал улам сайжирч, улсын төсвийн орлого хүртэл нэмэгдсэн билээ. Сүүдрийн эдийн засгийг сөхсөн эдгээр хуулийг хэрэгжүүлснээр зах зээл дэх мөнгөний урсгалыг тодорхой болгосон юм. Үүний араас татварын хуулиудаа өөрчилж, илүү оновчтой болгосноор татварын таатай бөгөөд эрүүл орчин бүрдүүлнэ гэж Сангийн яамнаас үзэж байна. Татварын ерөнхий хуульд бүх татвар ижил нөхцөлтэй. Тухайлбал, Монгол Улсын төсөвт 2018 онд 538.4 тэрбум төгрөгийн татвар төлөх “Эрдэнэт үйлдвэр”, гудамжны буланд үйл ажиллагаа явуулдаг найман нэрийн барааны дэлгүүр бүхэн нэг маягтаар татвараа тайлагнадаг. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл татварын хялбаршуулсан горимын зохицуулалтгүй өдийг хүрсэн. Харин шинэчилсэн найруулгын хүрээнд татвар төлөгчдийг ангилж, бичил, жижиг, дунд, том татвар төлөгчдийн онцлогт нийцсэн маягтаар тайлагнадаг болох юм.

Ингэснээр татвар төлөлтийн хялбаршуулсан систем нэвтрүүлнэ. Мөн энэ хуульд аж ахуйн нэгжийн илүү төлсөн татварыг эхлээд бусад татварт нь суутгаж тооцсоны дараа буцаан олгодог. Тэгвэл үүнийг өөрчилж, илүү төлсөн татварыг буцаан олгож, дараа нь бусад татварт суутган тооцох юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд бизнес эрхэлж буй хувь хүн борлуулалтын орлогын 10 хувиа албан татварт төлдөг. Тэгвэл үүнийг өөрчилж, жилийн 50 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд (e баримт олгодог) хялбаршуулсан тайлан гаргаж, борлуулалтын орлогын нэг хувийг татварт төлөхөөр төсөлд тусгасан байна. Тэрчлэн орон сууц худалдан авахад гурав хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан заалтыг хуулийн шинэчилсэн найруулгад хоёр дахин нэмэгдүүлж, зургаан сая төгрөг болгосон байна. Түүнчлэн одоо үйлчилж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд бизнес эрхлэгчид хэмжээ харгалзахгүй улирал тутам татвараа тайлагнадаг. Харин шинэчилсэн төсөлд 50 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд улирал тутам биш, жилд нэг л удаа татварын тайлангаа цахимаар тайлагнадаг болно. Жилийн орлого нь гурван тэрбум төгрөгөөс доош бол жилд хоёр удаа.

Харин гурван тэрбум төгрөгөөс дээш бол улирал тутам татвар, санхүүгийн мэдээллээ тайлагнаж байхаар тусгасан байна. Энэ оны эхээр ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад саатаж, хоёр долоо хоног ажилласан. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн төслийг боловсруулахад ОУВС-тай хамтран ажилласан. Сангийн яамны тооцоогоор энэ оны дөрөвдүгээр сар гэхэд УИХ-д өргөн барьж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр тусгаад байна. Түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэгт цоорхойгүй хуулийн орчин шаардлагатай байгаа учраас хуулийн шинэчлэл хийнэ гэж албаныхан мэдэгдэж байна.

САНАЛ БОЛГОХ