“Саарал костюмтай, саарал толгойтой хүн” яагаад чухал вэ

Нийтлэлчийн булан


Монголын төрд зарлага биш зөвлөгч хэрэгтэй

Монгол шиг улс, үндэстнээ өөд татаж, хүчирхэгжүүлэн хөгжүүлэх бодлого нь “газардчихсан” улсад юу хамгаас чухал хэрэгтэй байна вэ. Миний бодлоор Чингис хаан шигээ биш гэхэд Цэдэнбал шиг хүчирхэг удирдагч хэрэгтэй байна. Хүчирхэг удирдагчгүй өнөө цагт хүчирхэг зөвлөгч нар ядаж хэрэгтэй байна. Олон намын улс төрөөр Монгол шиг улс орныг засан тохинуулах гэдэг баршгүй даваа болохыг, ардчилсан нийгмийг байгуулахаар зориод, айл гэр болон ээлжлэн тоглосон 28 жилийн түүх бидэнд харууллаа. Хүчирхэг удирдагч байж чадахгүй хэрнээ өнөө цагийн эрх баригчид хүчирхэг удирдлагыг бий болгодог бүтцээс яагаад ухарч, зугатаад байдгийг нь ойлгодоггүй юм. Магадгүй тэдний олонх өнөөгийн өндөрлөгт шал өөр бодол санаатай очсон болохоороо үнэнийг таньж мэдэхийг хүсдэггүй байх. Ф.Ницшегийн хэлснээр “Зарим хүн толгойдоо зориуд зурсан тэр зэрэглээ нь замхран алга болохоос үхтлээ айдаг” гэдэг нь манай улстөрчдөд зориулсан үг мэт санагддаг юм.


Ингэхэд ерэн оноос хойш Монгол төрийн бодлогыг залж ирсэн эрхмүүдийн үйл ажиллагааг эргэцүүлэх бүрийд гуниг төрдөг. Бид эрдэнэт хэмээн дээдэлдэг төрөө морь унасан толгойгүй хүн шиг болгочихоод юутай удаан тэсч тэвчиж явна вэ. Энэ хугацаанд ямар бодлого бариад, юун дээр алдаж,онож ирснээ үнэнээр нь хэлээд засаж, залруулах талаар төр засаг маань өнөөг хүртэл ямар ч алхам хийсэнгүй ээ.Үнэлэлт, дүгнэлт өгөөд задлан шинжлээд байх бодлого ер нь байсан ч юм уу гэж бодогдохоор. Нэг, хоёрхон жил болоод “алга” болчихдог нөхдүүдэд судалж, шинжлээд байхаар бодлого ч гэж юу байсан байхав. Тийм ахар хугацаатай төрийн бодлого ч гэж юу байхав. Төрийн бодлогын залгамж халаа алга болсон гэж яриад байдгийн учир энэ л дээ.

• Төр засах ухаанд нэвтэрсэн эрдэмтэй зөвлөхүүд үгүйлэгдэж байна.

• Зөвлөдөг биш зарлага, туслахын үүрэг гүйцэтгэсэн зөвлөхүүд олширсоор.

• Манай чадал,эрдэм дорой эрх мэдэлтнүүд ядаж сул талаа сайн зөвлөгчөөр нөхөөд явчихдаг овсгоотой байдаг болоосой.

Нэгэн зүйл: Би энд юуг хөндөх гэсэн вэ гэхээр Монголын өнөө цагийн төрийн бодлого сульдан доройтсон бас нэгэн шалтгааныг төр засах ухаанд нэвтэрсэн эрдэмтэн мэргэд, туршлагатай мэргэжилтнүүдийг төрийн аппаратад ажиллуулдаггүйтэй холбож ойлгодгоо өгүүлэхэд оршино. Мэргэжилтнүүд гэж өнөө цагт Монголын төрд байхгүй болсон мэргэшсэн зөвлөхүүдийг хэлж байгаа юм.Тататунгаа, Шихихутаг, Болд Чинсан, Чойжи-Одсэр нарын мэргэд шиг зөвлөхүүдтэй байсан болохоор Монголын их хаадын бодлогод алдаа гардаггүй байсан нь лавтай. Тэр үеийг зүгээр л захын нэг “нусгай бацаан” төрд зөвлөдөг болсон өнөө цагийнхантай харьцуулалтгүй ч, харж, тэсэхэд ямар хэцүү, эмгэнэлтэй байдаг гээч. Алдаа гаргаснаа хэлж зүрхлэдэггүй аймхай хулчгар дарга, удирдлагуудад аянга шиг хүчирхэг, ончтой зөвөлгөө бас зөвлөгч хэрэггүй байдаг бололтой. Өгүүлэх нь: Энд төрийн гол гол салбарт, гол гол шийдвэр гаргадаг нөхдүүдэд хэн, хэн зөвлөгчөөр ажилладгийг биш ямар хүн ажиллах учиртайг чухалчилсан гэдгээ хэлэх нь зөв байх. Өөрийн мэдэх ойрын түүхийн жишээнээс З.Бжезинский, Г.Киссенжер, Е.Примаков, В.Зорин нар шиг дэлхий дахины болон өөрийн улс орны улс төрийн бодлого, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг нэвт шувт мэддэг, мэдэрдэг. Аливаа үйл явдалд хамгийн бодитой дүн шинжилгээ, гаргалгаа хийж чаддаг, өөрийн улс орны эрх ашигт ямагт эерэг байхуйц шийдвэр гаргуулах зөвлөгөөг өгч чаддаг, хүчирхэг нөлөөтэй, мэдлэгтэй чадвартай зөвлөгч нар Монголын төрд үгүйлэгдээд байна. Түүнээс биш сайд, дарга нартаа зөвлөх бус зарлага, нарийн бичиг хийдэг өнөө цагийнх шиг зөвлөхүүдтэйгээр Монгол төрийн бодлого мэргэн байна гэдэг хамгийн ихээр элэг татаасан хошин шогийн нэг болж таардаг. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт түшиг тулгуур болгох үүднээс уг нь хамгийн сайн мэргэжилтнийг зөвлөгчөөр сонгон, томилох учиртай санагддагч, шийдвэр гаргахад нь бус цүнхийг нь барьж, бичиг цаас эмхэлдэг үүрэгтэй зөвлөгч нар олширсноороо ЗӨВЛӨХ хэмээх эрхмээс эрхэм албан тушаалын үнэлэмж Монголын төрд шалдаа ортлоо унаж, үнэ цэнэгүй болсон билээ.

Аливаа төрийн бодлого гарахад зөвлөхүүдийн эрх мэдэл, нөлөө асар их байдгийг дээр дурдсан эрхмүүдийн түүхээс олж харж болдог. Ерэн оноос хойших Монголын нэн шинэ түүхэнд П.Очирбат Ерөнхийлөгчийн үед Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Бэхбат, мөн нэрт дипломатч Ж.Энхсайхан нар шиг мундаг хүмүүс ЗӨВЛӨГЧ байсныг санадаг. Өнөө цагийнханд тэдэн шиг зөвлөгч байхгүй болсон бөгөөд олдох ч үгүй байх шиг байна. Ядаж л гадаад бодлогынхоо хувьд Ц.Гомбосүрэн, Д.Баярхүү нар шиг мундагчуудыгаа ашиглаж чаддаггүйг гайхаад барахгүй юм.Төрийн ордноор дүүрэн тэдний оронд язганаж байгаа зөвлөх статустай нөхдүүдээс Монгол төрийн үнэлэмж харагдаад байдаг юм. Шуудхан өгүүлэхэд өнөөгийн эрх мэдэлтнүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад үнэ цэнэтэй үг, зөвлөгөө өгөх бус, үнэнч нохой мэт зүтгэх явдал л зөвлөгчөө сонгох гол шалгуур нь болсон гээд хэлчихвэл буруудахгүй байх аа.Манай чадал,эрдэм дорой эрх мэдэлтнүүд ядаж сул талаа сайн зөвлөгчөөр нөхөөд явчихдаг овсгоотой байдаг болоосой. Мэддэггүйгээ мэддэггүй баахан “бацаан” зөвлөхүүдээсээ болж гаднынхны өмнө эвгүй байдалд орж байсан “томуучууд”-аасаа ичиж үхэх гэж байсан тохиолдол ч бий. Мэдлэг, боловсролоос гадна нас, амьдралын туршлага, нийгэм дэх нэр хүнд гэдэг өөрөө зөвлөх хүний гол шалгуур болдог шиг санагддаг. Олон улсын практикт яагаад “Саарал костюмтай, саарал толгойтой хүн” гэдгээр ЗӨВЛӨХ нарыг томьёолдог болсныг өнөө цагийнхан бодож үзэх л хэрэгтэй юм даа.






САНАЛ БОЛГОХ