У.Хүрэлсүхийн урд хөршид саатах шалтгаан

АЙЛЧЛАЛ


Ерөнхий сайдын айлчлалын богцод тэрбум ам.доллар багтаж буй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлахаар болсон. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр талын харилцаанд бага зэрэг үл ойлголцол үүсч, Монгол Улс эдийн засгийн хувьд багагүй хохирол амссан. Монголын түүхий эдийн экспортын гол хаалга болсон Гашуунсухайт-Ганцмодны боомт өнгөрсөн долдугаар сараас эхлэн хагас нээлттэйгээр үйл ажиллагаа явуулж, манай улсаас урд хөршийг чиглэх нүүрсний худалдаа хумигдсан юм. Уг нь өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар нүүрсний экспорт цойлж, 3.9 сая тонноор хэмжигдэж байсан бол өмнөд хөршийн экспортын “далд хориг”-ийн улмаас долоодугаар сард энэ хэмжээ 2.2 сая тонн болтлоо уруудсан юм.

Харин аравдугаар сарын сүүлчээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзаж, эдийн засгийн албан бус хоригт анхаарал хандуулж, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. Үүний дараа буюу арванхоёрдугаар сарын эхээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар урд хөршид айлчилснаар Монголын нүүрсний худалдаанд тавьсан хязгаарлалт багасч, экспортын хэмжээ өссөн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар дотоодын нүүрсний экспортын хэмжээ 3.2 сая тоннд хүрч, дараа сард нь ч энэ хэмжээгээ хадгалсан билээ. Гадаад харилцааны сайдын энэхүү айлчлалаар хоёр тал өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахыг онцлоод, Монгол Улсын Ерөнхий сайдыг энэ онд Өмнөд хөршид айлчлуулахаар тохиролцсон юм. Мөн энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Төвөд, Шинжаан, Тайвань зэрэг Хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Монгол, Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотолсон билээ. Тэгвэл хоёр талын хооронд үүсээд буй энэхүү таагүй харилцаанд цэг тавьж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөтгөх эсэх нь энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалын үр дүнгээс ихээхэн хамаарна.

• Хоёр талын хооронд үүсээд буй таагүй харилцаанд цэг тавьж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөтгөх эсэх нь энэ удаагийн айлчлалын үр дүнгээс хамаарна.

• Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард урд хөршид айлчилж, Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын бэлтгэлийн хангасан.

• “Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин БНХ АУ- ын гадаад худалдаанд нээлттэй далайн боомтууд руу болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, албажуулна.

Мөн БНХАУ -ын дарга Ши Жиньпин 2014 оны Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэхүү зээлийг юунд зарцуулахаа энэ айлчлалаар шийдэж чадвал тэрбум ам.долларын урсгал Монголыг чиглэх юм. Үүнээс гадна уг айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран Бээжин хотноо Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бизнес форум зохион байгуулах юм байна. Энэхүү форумд оролцох аж ахуйн нэгжийн төлөөллийг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр бүртгэж байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 10-нд дуусна. Дашрамд дурдахад, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат- Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард урд хөршид айлчилж, Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын бэлтгэлийн хангаад ирсэн билээ. Энэ үеэр Монгол Улсын уул уурхайн экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд Таван толгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэх чиглэлд хамтран ажиллахаар болсон.

Мөн хоёр орны хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлаар тохиролцоонд хүрч 2018 оны хоёрдугаар хагаст нээхээр шийдсэн юм. Үүнээс гадна Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах зорилтын хүрээнд Зүүнбаян- Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Монгол Хятадын хилийн төмөр замын Ханги-Мандал боомтыг нээх, холболтын цэгийг тохиролцох асуудлуудыг айлчлалын үеэр хөндсөн юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урд хөршид хийж буй анхны айлчлалаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Харин “Замын- Үүд-Эрээн боомтоор дамжин БНХАУ -ын гадаад худалдаанд нээлттэй далайн боомтууд руу болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т энэ удаад гарын үсэг зурж, албажуулна.


САНАЛ БОЛГОХ