Ажилчдаа мөлжигч аж ахуйн нэгжүүдээс хариуцлага шаардъя

ЗГМ: Сэдэв


Илүү цагаар ажиллагсдын 40 гаруй хувь нь цалингаа авч чаддаггүй

Цалин нь цагтаа буугаагүйгээс банкны зээлийн алданги төлсөн, бүр муу зээлийн түүхтэй болсон иргэдийн тоо нэмэгджээ. Хэдийгээр улсын эдийн засаг хямралаас өндийж байгаа ч олон аж ахуйн нэгжийн байдал сайжирсангүй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаж буй иргэдийн дийлэнх нь цалингаа цагтаа тавихгүй байна гэсэн гомдол гаргаж буйг тус байгууллагын Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Баатарцогт хэллээ. Барилгын нэгэн компанийн ажилтан Б.Тамир “Барилгын салбарт өвлийн цагт цалингаа хэдэн сараар хоцроох тохиолдол олон гардаг байсан. Улирлын чанартай учраас ажилчид нь тэвчээртэй хүлээдэг. Гэтэл сүүлийн хоёр жилд аль ч улиралд цалингаа цагт нь өгдөг компани ховор боллоо. Ер нь барилга гэлтгүй жижиг үйлдвэр, худалдааны байгууллагууд цалингаа хугацаанд нь тавихгүй байх нь элбэг болсныг эргэн тойрныхноосоо олон сонсдог болсон. Шаардлага тавибал ажлаасаа халагдаж магадгүй гээд чимээгүй л хүлээдэг болж дээ” гэлээ.

Ийнхүү цалин хэзээ буух нь тодорхойгүй болсон олон иргэн хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, өрөөс өрний хооронд амьдарсаар байна. Зөвхөн хувийн гэлтгүй, төрийн байгууллагад ч ажил хийснийхээ хэрээр сайхан амьдрах боломж өнөөдөр алга. Үндэсний статистикийн хорооноос манай улсын иргэдийн дундаж цалин 955,9 мянган төгрөг байгааг өнгөрсөн сард танилцуулсан. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2300 гаруй аж ахуйн нэгжийн дунд хийсэн судалгаандаа өнгөрсөн онд дундаж цалин 827.1 мянган төгрөг байгааг дурджээ.

Тэгвэл МҮЭХ-ны сүүлийн судалгаагаар 250 мянга гаруй гишүүдийнх нь сарын дундаж цалин 520 мянган төгрөг байгааг онцолсон. Ийнхүү судалгааны байгууллагуудын мэдээлэл толгой эргэм зөрж байгаа ч өнөөдөр дийлэнх иргэний цалин амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь үнэн. Мөн ажилчдын эрх ч зөрчигдөж, зарим нь энгийн үзэгдэл мэт болчихжээ. Ялангуяа цөөн ажилтантай албан байгууллагуудад хөдөлмөрийн эрхийн зөрчил буурахгүй байна. Барилга, хүнс, үйлчилгээний салбарын хууль хяналтынхны хараанаас хол байдаг жижиг байгууллагуудад ийм байдал их. Олонх нь давхар тайлан гаргадаг учраас ажилчдынх нь цалин, ажлын цагийн мэдээлэл үнэн мөнөөрөө хяналтын байгууллагад очдоггүй талтай. Хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, ажилчдынхаа цалинг хоцроодог, амралтын өдрөөр болон илүү цагаар ажилласан нэмэлт цалинг олгодоггүй зэрэг нийтлэг зөрчил хавтгайраад байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын судалгаанаас харвал, илүү цагаар ажилласан иргэдийн 51.7 хувь нь нэмэгдэл хөлсөө зохих ёсоор авч чаддаггүй байна. Эдгээр иргэн сард дунджаар дөрвөн өдөр буюу 33.2 цаг илүү ажилладаг аж. Гэр бүлдээ зарцуулах цагаа үнэ хөлсгүй ажиллахад зориулах болсон иргэдийн 82.4 хувь нь хувийн өмчийн байгууллагад ажилладаг.

Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхгүй, хийдүүлэх явдал тасрахгүй байна
Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөг эсвэл түүнээс доош хэмжээтэй цалин авдаг иргэдийн тоо өнгөрсөн хоёр жилд нэмэгджээ. 2015 онд 656 хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байсан бол энэ тоо өнгөрсөн онд 1076 болж өссөн. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянгаас доогуур цалинтай иргэний тоо 574 байсан нь хоёр жилийн дотор 100-гаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ хэмжээтэй тэнцэх, түүнээс бага цалинтай иргэдийн 22.7 хувь нь 1-5, 33.1 хувь нь 6-19 ажилтантай жижиг аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Гэтэл манай улсад 78.5 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 1-9 ажилтантай нь 66.9 мянга, 10-19 ажилтантай нь 5100 гаруй байгаа юм. “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд 240 мянган төгрөгөөс бага цалин олгохыг хууль зөрчсөнд тооцдог. Тухайн хүн ажил хийснийхээ төлөө өөрийгөө болон ар гэрийнхээ амьдралыг авч явахад хүрэлцэхүйц цалин авах ёстой гэсэн заалт олон улсын зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалд бий” гэж мэргэжилтэн Э.Баатарцогт өгүүлсэн. Дээрх хуульд зөвхөн тодорхой боловсрол, тусгай ур чадвар шаарддаггүй ажилд л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалин олгохыг зөвшөөрдөг.

Харин үүнээс доош цалин өгөхийг ямар ч ажил олгогчид хуулиар зөвшөөрдөггүй аж. Энэ нь үндсэн эсвэл хөлсөөр, цагаар ажиллаж байгаа хэн бүхэнд хамаатай юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалинтай ажилчдын 60 гаруй хувь нь үндсэн ажилтан байдаг аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын захирал М.Алтансүх “Судалгаанаас харвал эдгээр иргэдийн ихэнх нь сард 23 өдөр ажилладаг туслах ажилтнууд байдаг. Хууль зөрчиж, ажилчдыг хохироож байгаа албан газруудад хариуцлага тооцох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай байна. Аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулбал цалин нэмэх, хуулиар зааснаас бага хэмжээтэй цалин авч буй иргэдийн тоог багасгах боломжтой” гэлээ. Ийнхүү далд эдийн засгийн багагүй хувийг бүрдүүлдэг жижиг аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхгүй, хийдүүлэх явдал тасрахгүй байна. Олон иргэн орлоготой байхын тулд ажил олгогчдод шаардлага тавихгүй, өөрсдөө хохирсоор явна. Тэд бол манай улсын дундаж давхаргыг бэхжүүлэх гол хүч. Амьдралд хүрдэггүй цалингаас цалингийн хооронд, өрөөс өрний хооронд зүдэрч яваа энэ иргэдийн хөдөлмөрийн эрхийг хамгаалж, ажилчдаа мөлждөг байгууллагуудын хариуцлагыг чангатгамаар байна.


САНАЛ БОЛГОХ