ДЭЛХИЙН ХӨГЖИЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТУЛГУУРЛАНА

Мэдээ


Эмэгтэйчүүдийн орлого өсөх нь өрх, улсын эдийн засагт шууд нөлөөлдөг

Эмэгтэйчүүд хэр их хүчтэй вэ. Үр хүүхдээ өсгөж, гэр бүлээ халамжлахаас гадна эдийн засгийг босгох нэг зүтгүүр нь эмэгтэйчүүд болдог. Гэвч дэлхийн хөдөлмөрийн насны хүн амын тал хувийг эзэлж буй эмэгтэйчүүд ажлын тавцанд эрчүүдтэй эн тэнцүү байж чаддаггүй. Хүйсийн тэгш байдал гэдэг ойлголт зөвхөн ёс зүй, нийгмийн асуудлаас хальж эдийн засгийн том сорилт болсоор байгаа. Зарим эмэгтэйчүүдэд ажил хийх боломж огт олддоггүй бол зарим нь хүйсийн ялгаанаас шалтгаалсан бэрхшээлүүдээс болж хөдөлмөрийн зах зээлд байр сууриа олж чаддаггүй хэвээр. Эрчүүдээс бага цалин авдаг, удирдах албан тушаалд томилогдох боломж муу, ажлын байрны дарамт, хүүхэд төрүүлснээс болж ажлын байраа алдах зэрэг олон бэрхшээлтэй нүүр тулдаг. Манай улсад гэхэд эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 221.8 мянган төгрөгөөр бага. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин дөнгөж 53.1 хувьтай байдаг. Бараг бүх оронд эдийн засгийн өгөөж бүхий ажлын оронд гэрийн цалингүй ажил хийдэг эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлдэг. Япон улсад гурван гэрийн эзэгтэйн нэг нь л ажил эрхэлдэг байв. Харин тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 онд “Эмэгтэйчүүдийн эдийн засаг” хөтөлбөр эхлүүлсэн нь улсын эдийн засагт үр ашгаа өгчээ. Өнгөрсөн хугацаанд тус улсын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 65-аас 68.1 хувь болж өссөн байна. АНУ-д эмэгтэйчүүд эрчүүдээс 150 хувиар их цагийг гэрийн ажилд зарцуулдаг.

Хэрэв үүнийг цалинтай ажилтай адилтган тооцох юм бол АНУ-ын ДНБ 26 хувиар өсөх боломжтой гэсэн судалгааг тус улсын Ажиллах хүчний судалгаа, мэдээллийн төвөөс гаргасан нь бий. Харин эдийн засаг, ДНБ-ий өсөлтөөр дэлхийд гуравдугаарт жагсаж буй Энэтхэг улсад үүнээс ч илүү боломж, нөөц хүчин чадал байгааг эдийн засагчид хэлж байна. Хэрэв эмэгтэйчүүдийн хүчийг зохих ёсоор нь ашиглаж, хөдөлмөрийг нь эрчүүдтэй ижил түвшинд үнэлдэг болбол Энэтхэгийн эдийн засаг 27 хувиар өсөх боломжтойг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард Давосын энэ оны чуулга уулзалтын үеэр онцолж байсан юм. McKinsey Global Institute байгууллагаас ажилгүй эмэгтэйчүүдэд дэлхий нийтийн эдийн засгийг өөд татах ямар хүч байгааг судалжээ. Хэрэв бүх улс орон эмэгтэйчүүдийн хүчийг хөгжингүй орнууд шиг ашиглаж чадвал 2025 онд дэлхийн ДНБ 12 их наяд ам.доллар буюу 11 хувиар өсөх боломжтой гэж үзжээ. Энэ нь Герман, Япон, Нэгдсэн Вант Улсын эдийн засгийг нийлүүлсэнтэй тэмцэх хэмжээ. Мөн хөдөлмөрийн зах зээлд бүсгүйчүүд эрчүүдтэй адил байр суурьтай болж чадвал дэлхийн ДНБ 28 их наяд ам.доллар буюу 26 хувиар өсөх боломжтой гэж тооцсон байна. Энэ нь АНУ, БНХАУ-ын өнөөгийн эдийн засгийг нийлүүлсэнтэй тэнцэх юм. Гэвч ийм өсөлт, амжилтад хүрэхэд улс орнууд хол байна.

• Монгол эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 221.8 мянган төгрөгөөр бага.

• Ажлын тавцанд хүйсийн ялгаа арилбал ДНБ 26 хувиар өснө.

• Бразилд эмэгтэйчүүдийн орлого сайжрахад төрсний дараах хүүхдийн эндэгдэл 20 хувиар буурчээ.

Тус байгууллагаас 95 оронд судалгаа явуулахад 40-д нь хүйсийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийг ялгаварлах үзэл маш их байсныг дурджээ. Хэдийгээр охидын эрүүл мэнд, боловсрол зарим тохиолдолд хөвгүүдийнхээс илүү байгаа ч үүний үр ашиг хөдөлмөрийн зах зээлд төдийлэн ажиглагдахгүй байгаа юм. Өв залгамжлал, зээл авах боломж, өмчлөх эрх, бага орлого гээд охидын хүчийг үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, цаашлаад эдийн засгийн өсөлт болгон хувиргахад саад болж буй зүйл олон. Хэрэв эдгээрийг шат дараатайгаар шийдэж чадвал ашиг тус, өгөөж нь үлэмж их. Учир нь эмэгтэйчүүд боловсролтой, мөнгөтэй байх нь өөрөөс нь гадна гэр бүлийнхэнд нь шууд нөлөөлдөг. Эхчүүд ирээдүйн “ажиллах хүч”-ийг өсгөн бойжуулдаг. Харин хүүхдээ сургуульд ороход нь ихэнхдээ эмэгтэй багш нар тосож авдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эдийн засагт үзүүлэх нөлөө зөвхөн ДНБ-ээр хэмжихээргүй их. Бразилд эмэгтэйчүүдийн орлого сайжрахад төрсний дараах хүүхдийн эндэгдэл 20 хувиар буурсан бол Кенид хүүхдийн өндөр 17 хувиар нэмэгдсэн аж. Учир нь эхчүүд орлогынхоо ихэнх хувийг гэр бүлдээ зарцуулдаг. Тэд гар дээрээ мөнгөтэй бол гэр бүл, хүүхдүүддээ илүү шим тэжээлтэй, эрүүл хоол худалдан авдаг. Өрхийн төсөв, худалдан авалтын гол шийдвэрийг мөн л эхчүүд гаргадаг учраас тэдний санхүү сайжирбал өрхүүд, цаашлаад улсын эдийн засагт ч дэмтэй. Түүнчлэн эмэгтэй бизнес эрхлэгчид хамгийн найдвартай зээлдэгчид болдог. Нобелийн энхтайвны шагналтан Мухаммед Юнүс “Эмэгтэй хүн, ялангуяа хүүхэдтэй эмэгтэй эрчүүдээс илүү хариуцлага. Тиймээс хөгжиж байгаа орнууд эмэгтэйчүүдийн хүчинд тулгуурлан хөгжих хэрэгтэй” хэмээн өгүүлжээ.

Гэхдээ эмэгтэйчүүд ямар нэг байдлаар ажилтай, бага ч гэсэн орлоготой байх нь чухал биш. Учир нь Ази, Африкийн хөгжил буурай оронд эмэгтэйчүүд амьдралаа нуруун дээрээ үүрч, хамгийн үнэлэмж багатай, цаг наргүй ажилд зүтгэж байгаа. Тиймээс ийм эмэгтэйчүүдийг ажлын тавцанд эрчүүдтэй адил эрхтэй, цалин хөлстэй, хүйсийн ялгаанаас шалтгаалсан дарамтгүй ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг хангах нь чухал.




САНАЛ БОЛГОХ