Төгс бүтээгдэхүүн Veg Art жигнэмэг
Би үйлдвэрлэгч
Veg Art-д ямар ч амт оруулагч, химийн будаг, нөөшлөгч, транс тос ороогүй
Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хүн бүрт зориулж сахар, гурил, хөөлгөгч, холестрин, нөөшлөгч, транс тосгүй гэдгээрээ онцлог таван төрлийн жигнэмэг үйлдвэрлэж буй Veg Art Naturals компанийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Хэдий бид өдөр тутамдаа чихэр жимс, боов боорцог худалдан авдаг ч үнэндээ хамгийн нэр хүндтэй компанийн бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэхийг эрмэлздэг. Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь үл мэдэгдэх бүтээгдэхүүнийг тийм ч их таашаадаггүй. Тиймдээ ч нүдээр үзэж, гараар тэмтэрч үзсэн зүйлдээ л итгэл төгс байдаг учиртай. Иймээс энэхүү булангаараа хэрэглэгчдэд санал болгож буй Veg Art Naturals компанийн жигнэмэгийг ямар орчинд, хэрхэн үйлдвэрлэдгийг сонирхохоор 5 шард байрлах үйлдвэрийн байрыг нь зорилоо. Үндэсний томоохон үйлдвэрүүдтэй харьцуулахад хүчин чадал, хүн хүч бага хэдий ч тус компанийн хувьд технологи, орц, найрлага, үйлдвэрлэлд баримтлах зарчмын хувьд өндөр шалгуур хангасан нь үйлдвэрлэлийн явцтай танилцахад илт харагдаж байсан юм. Бүтээгдэхүүн хадгалах хэсэгт үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн бүхэл үрийн гурил, өөрсдийнх нь тарьж ургуулсан шуудай дүүрэн лууван, өглөөхөн ирсэн жүрж, гадил зэрэг жимс жимсгэнүүд өрөөтэй харагдана. Харин үйлдвэрлэлийн орчныг ажиглавал бүхий л хүнсний бүтээгдэхүүнийг нэр нэрээр нь шошголж, эмх цэгцтэй байршуулсан байв. Мөн сав суулга, ширээ, сандал гээд бүх зүйл нь маш цэвэр цэмцгэр аж.
Түүхий эд болох лууван, чацаргана зэрэг бүтээгдэхүүнээ өөрсдөө тариалдаг
Ингээд бид Veg Art Naturals компанийн захирал Б.Золжаргалаас ийм бүтээгдэхүүн хийх санаа хэрхэн төрсөн талаар нь асуухад “Монголд худалдаалагдаж байгаа гурилан бүтээгдэхүүний орц, найрлагыг уншаад идэх юм олдоогүй. Монголчууд өдөр тутмын амьдралдаа нарийн боов их иддэг. Өдөр бүр идэхэд хүнд хоол л доо. Тиймээс эрүүл хооллолтыг судалж, Монголд чанартай ямар бүтээгдэхүүн гаргаж болох талаар судалсан. Ингээд Veg Art Naturals компаниа байгуулж, үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болж байна. Эрүүл, энэрэнгүй амьдрал бол манай компанийн үнэ цэнэ. Бүтээгдэхүүнээ эрүүл байлгахын төлөө технологи, орц, найрлагадаа онцгойлон анхаарч ирлээ. Түүнчлэн компанийн ёс зүйг чухалчилдаг. Бид хэрхэн байгаль орчин, ан амьтдад ээлтэй орц найрлагатай бүтээгдэхүүн гаргах вэ гэдэгт үргэлж анхаардаг. Энэ бүхнийг үйлдвэрлэлийн бүх шат дамжлага болон бизнестээ хэрэгжүүлж, хөгжүүлсээр ирсэн” гэв.
• Veg Art-ынхан аль болох үндэсний бүтээгдэхүүн, түүхий эдийг ашиглахыг зорьдог.
• Монголдоо химийн нэмэлт орц, найрлагагүй, эрүүл, чанартай хоол, хүнсийг түгээхийг зорьдог.
• Хүний биед хоргүй, хүнсний зориулалттай цаасыг савлагаандаа ашигладаг.
Veg Art-ын дөрвөн төрлийн жигнэмэгт ямар нэг амт оруулагч, химийн будаг, хадгалах хугацааг уртасгах нөөшлөгч, транс тос ороогүй гэдгээрээ онцгой. Импортын болон дотоодын зарим бүтээгдэхүүний орцонд жимсийг сироп эсвэл орлуулагч бүтээгдэхүүн ашиглан хийдэг бол тус компанийн хувьд жинхэнэ жимсийг өдөр бүр шинээр авч, орц найрлагадаа ашигладаг аж. Мэдээж, Монголд жүрж ургадаггүй учир жүржтэй жигнэмэгийг яаж хийдэг бол гэсэн эргэлзээ төрж болох юм. Veg Art-ын хувьд Европоос жимс, жимсгэнэ оруулж ирдэг гэрээт компаниар дамжуулан түүхий эд болох жимс, овъёосоо захиалан авдаг байна. Харин Монголд ургах боломжтой лууван, чацаргана зэрэг бүтээгдэхүүнээ өөрсдөө тариалдаг гэдгээрээ бас онцлог. Б.Золжаргал “Улаанбаатар орчимд хөрсний бохирдол их байдаг учир хотоос нэлээн зайдуу газарт 10 га тариалангийн талбайд төмс, лууван, хүрэн манжин, чацаргана тариалж байна. Бид эрүүл, энэрэнгүй хүнсийг түгээх нийгмийн хариуцлага, компанийн өмнө тавьсан зорилгын хүрээнд органик бүтээгдэхүүн гаргахыг зорьж, түүхий эдээ ч мөн адил химийн хор, хольцгүй байлгахыг хүсдэг. Тиймээс бүх зэрлэг ургамлаа гараар зулгаадаг. Чанартай, эрүүл хөрсөнд ургасан бүтээгдэхүүний амт өөр байдаг. Аль болох үндэсний бүтээгдэхүүн, түүхий эдийг ашиглахыг зорьж байна.
Овъёос, бүхэл үр нь таван төрлийн жигнэмэгийн үндсэн түүхий эд
Гэсэн ч Монголд түүхий эдийн нөөц тийм арвин бус тул аль болох өөрсдөө л тариалах гэх мэтээр боломж бүрдүүлэхийг зорьж байна” гээд тэрбээр цааш үйлдвэрлэлийн шат дамжлага, бүтээгдэхүүний технологийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Овъёос, бүхэл үр нь таван төрлийн жигнэмэгийн үндсэн түүхий эд. Эднийх жигнэмэгтээ ямар ч гурил оруулахгүйгээр гар аргаар хийдэг юм байна. Энэ нь үнээний сүү гурав хоноод л гашилдагтай адил дэлгүүрийн лангуу дээр тавигдаад л гурав хоноход хөгцөрдөг нь баталгаа болж буй хэрэг. Тэдний үзэж буйгаар энэ нь хэдий бизнесийн томоохон эрсдэл болдог ч эргээд хэрэглэгч нарт төдий чинээ чанартай, органик бүтээгдэхүүн болохыг харуулж, таниулж буй хэрэг гэж үйлдвэрлэл эрхлэгчид үзэж байна. Дахин давтахад тэдний туйлын зорилго нь Монголдоо химийн нэмэлт орц, найрлагагүй, эрүүл, чанартай хоол, хүнсийг түгээхэд оршиж байгаа гэдгийг үйлдвэртэй танилцах явцын турш хэлж байсныг энд тодотгоё. Үйлдвэр хоёр үндсэн цехтэй. Гар аргаар хийдэг учир нэг цех 10 орчим ажилтантай. Тус байгууллагын хувьд бүтээгдэхүүний орц, найрлагад анхаарахаас гадна үүнийг бүтээж байгаа хүн өөрөө эрүүл сэтгэлгээтэй, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэй гэсэн үзэл бодолтой аж. Тиймээс ажилчдын сэтгэл ханамжид гойд анхаарч, чадварлаг гэхээс илүүтэй сэтгэл сайтай хүнийг ажилд сонгон авдаг гэнэ. Эднийх хог хаягдлаа зүгээр л гаргаж хаяхаас илүүтэй дахин боловсруулах үйлдвэрт өгдөг аж. Мөн буцаалтаар ирсэн бүтээгдэхүүнээ малчдад малын тэжээл болгож хандивладаг. Энэ бүхнийг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд хийдэг юм байна. “Мэдээж хүнсний томоохон үйлдвэрүүдтэй харьцуулахад манайх жижиг үйлдвэр.
Гэхдээ зөвхөн бизнес хийж ашиг олохыг нэн тэргүүнд тавьж, үүнийг зорилгоо болгох бус нийгэмд хариуцлагатай байхыг зорьж байна. Энэ ойлголт нь үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд байх ёстой” гэж Б.Золжаргал хэлсэн юм. Veg Art гэж бүтээгдэхүүнээ нэрлэсэн нь ч мөн гүн учир утгатай аж. Art буюу урлаг бол хамгийн гоё, сайн сайхан зүйлийг төгс илэрхийлдэг. Мөнгө, эдийн засаг, ашиг гэх мэт ямар ч нөхцөл болзолгүйгээр нийгмийг тайвшуулж, хүнд тайтгарал өгдөг. Хоолыг зөвхөн ходоодонд зориулдаггүй. Тиймээс бүтээгдэхүүнээ эд зүйл мэтээр ойлгохоос илүүтэй бүтээл гэж нэрлэх дуртай. Энэ бүхнийг илэрхийлэх зүйл нь бодит байгаасай гэж хүсэж зураачдын зургийг ашиглан Veg Art-ыг илүү урлаг талруугаа хандуулжээ. Улмаар хүний биед хоргүй, хүнсний зориулалттай цаасыг савлагаандаа ашигласан байна. Энэ цаасыг модноос гаргаж авсан учир дахин ашиглах бүрэн боломжтой аж. Хэрэглэгчид бүтээгдэхүүнээ идэж дуусгасны дараа уутанд нь хэрчсэн гурил, жижиглэсэн мах, арилгасан хүнсний ногоогоо хийх мэтээр ашигладаг гэдгийг сонирхуулсан.
Одоогийн байдлаар тус компани таван төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлжээ. Үүнээс дөрвөн төрөл нь жимс болон овъёос, нэг нь бүхэл үрийн гурилын найрлагатай. Чацаргана, луувантай нь витамины өндөр агууламжтай бол жүржийн жигнэмэг илүү амттанд дуртай хүмүүст зориулагджээ.
Харин нимбэгтэй болон фитнесс бүтээгдэхүүн нь жин хаях хүсэлтэй хэнд ч болов ач тустай бүтээгдэхүүн аж. Орцонд нь цагаан гаа, хар чавга багтсан фитнесс жигнэмэг нь огт сахарын агууламжгүй бөгөөд гадил, үзэм, цангис, хушга, наранцэцэгийн үрээр чихэрлэг амтыг орлуулдаг байна. Анхны бүтээгдэхүүн болох Бурамтыг дан бүхэл үрийн гурилаар хийдэг учир хэрэглэгчдийн хамгийн дуртай хүнс болжээ. Энэ бүхний эцэст хүн бүрт хэдэн төгрөгийн үнэтэй бол гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл жүрж, бурамтын үнэ 2600, чацаргана 2800, нимбэг 3500, фитнесс жигнэмэг 4200 төгрөгийн өртгөөр үйлдвэрээс гардаг юм байна. Нарийн боовтой харьцуулахад бага зэрэг өндөр үнэтэй ч бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй жишвэл хэд дахин хямд гэнэ. Уг бүтээгдэхүүнийг бүхий л сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа аж. Энэ цаг үед эрүүл монгол хүний төлөө гэсэн, эх орны хөрсөнд ургасан бүтээгдэхүүнийг хамгийн чанартай орц, найрлага, технологи, шим тэжээл бүхий Veg Art шиг эрүүл бүтээгдэхүүн улам олон болоосой гэж хүсэх байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй