Гэрээсээ ажиллахад хөдөлмөрийн бүтээмж дээшилж байна

Мэдээ


Энэ онд 100 орчим хүнийг гэрээр ажиллуулахаар төлөвлөсөн

Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон компаниуд ажилчдадаа алсын зайнаас ажиллах боломжийг бүрдүүлээд байгаа билээ. Энэ нь тухайн ажилтанг стрессгүйгээс гадна өндөр бүтээмжтэй ажиллах нөхцлийг бий болгодог аж. Тэгвэл Монгол Улсад уг системийг нэвтрүүлсэн анхдагч IT Zone компанийн хүний нөөцийн менежер Н.Эрдэнэжаргалтай ярилцлаа.

-Ажилтандаа гэрээсээ ажиллах боломж олгосон байгууллага “It zone” компаниас өөр бий болов уу?
-Ганцхан манайх гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ салбартаа бол анхны байгууллага байх. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх байгууллага ажилтнаа өглөөний 09.00 цагт хурууны хээгээ уншуулж, оройны 18.00 цагт бүртгүүлснээр ажлын цагийг нь тооцож байна.

Гэвч ажлын найман цагтаа бүтээмжтэй ажиллаж байгаа эсэхийг мэддэггүй. Тиймээс ажилчдадаа чөлөөтэй ажиллах боломж, хариуцлагыг нь хүлээлгэж, бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлж байгаа нь хамгийн хэрэгтэй зүйл. Өнөөдрийн нийгэмд нэг газраас нөгөө рүү явахад цаг их зарцуулж байна. Мөн залуу гэр бүлийн хувьд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, авах гээд бэрхшээл тулгардаг. Иймээс ажилчдад маш олон төрлийн хэрэгцээ шаардлага тулгарч байгаа болохоор заавал өглөөний 09.00 цагаас оройны 18.00 цаг хүртэл ажлын байранд байхыг шаардах нь утгагүй юм. Өөрөөр хэлбэл, орон зай, цаг хугацааны хувьд чөлөөтэй ажиллах боломжийг тэдэнд олгох хэрэгтэй. Энэ нь эргээд ажилчдыг илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой болгож байгаа юм.

-Энэ шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа юу?
-Гэрээсээ ажиллах ажилчид маань анхнаасаа ямар дүрэм журам баримтлах талаараа ярилцаж тогтоно. Өдөрт ажлын найм, долоо хоногт 40 цаг ажиллах ёстой гэсэн заалтыг баримтална. Түүнчлэн гэрээсээ ажиллаж байна гээд орон дотроосоо, эсвэл гал тогооны өрөөнөөсөө ажил хийж болохгүй. Иймд гэрийнхээ тодорхой хэсэгт ажил хийх нөхцлийг бүрдүүлж, тохижуулах ёстой. Үндсэндээ ажлын цагаар байнга цахим сүлжээнд онлайн байж, бусадтайгаа харилцаа холбоотой ажиллана гэсэн үг.

-Өнөөдрийн байдлаар танай компани хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна вэ. Үүнээс хэд нь гэрээсээ ажиллаж байгаа вэ?
-Манай компани нийт 270 гаруй ажилтантай. Үндсэн IT Zone компанид 180 гаруй хүн ажиллаж байна. Одоогийн байдлаар борлуулалтын 10 ажилтан сарын өмнөөс гэрээсээ ажиллаж эхэлсэн. Ажилчдын хувьд сэтгэл ханамж 100 хувь байгаа. Саяхан гэхэд манай нэг ажилтан Цагаан сарын баярын өмнө Хөвсгөл аймаг руу яваад бүтэн долоо хоногийн хугацаанд тэндээс ажлаа хийсэн. Тэгэхээр гэрээсээ ажлаа хийх боломж олгож байгаа нь ажилчдын хувьд ар гэрийнхээ ажлыг үндсэн ажлынхаа хажуугаар зохицуулах бүрэн боломж гарч ирж байгаа юм. Алсын зайнаас ажиллаж байгаа хүмүүс компани дээрээ ирээд ажиллах боломж нээлттэй. Ширээ сандал бүх юм бэлэн байгаа. Тэгэхээр дуртай үедээ ажил дээрээ ирээд ажлаа хийж болно гэсэн үг.

-Эдийн засгийн хувьд ямар үр дүн гарсан бэ?
-Одоогийн байдлаар борлуулалтын хувьд эцэслэн хэлэх боломжгүй байна. Учир нь ажилтнуудын ажлын үр дүн төлөвлөгөөгөөр гарч ирдэг. Тиймээс өнөөдрийн байдлаар төлөвлөгөөндөө хүрэхгүй байгаа зүйл алга байна. Үндсэндээ гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс маань оффист ирээд ажилладаг байсан шигээ харилцагч нартайгаа уулзах, гэрээ байгуулах зэрэг ажил хэвийн үргэлжилж байгаа. Борлуулалтын хувьд муудаагүй, бүр их хэмжээгээр нэмэгдээгүй. Харин нэг багийн хувьд хүн дутах асуудал гарч байж магадгүй. Бусдаар бол ямар нэг асуудал гараагүй байна. Төлөвлөсөн балансаа бариад явж байна. Ажилчдын сэтгэл санаа өөдрөг байгаа. Иймээс цаашид борлуулалт эрс нэмэгдэж магадгүй юм.

Өнөөдрийн байдлаар 170 гаруй хүн уян хатан цагийн системээр ажиллаж байна
-Гаднын өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас хэр их судалсан бэ?
-АНУ-ын компаниуд гэхэд гэрээсээ ажиллах системийг нэвтрүүлээд 10 гаруй жил болж байна. Түүнчлэн Япон, БНСУ гээд ихэнх орны компаниуд ажилчдадаа ямар ч стрессгүйгээр гэрээсээ ажиллах боломж олгоод удаж байна. Dell компани гэхэд уг системийг нэвтрүүлээд 5-6 жил болж байна. Манай компани өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү системийг судалсан. Харин хоёрдугаар сараас эхлэн албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Өмнө нь манай компани уян хатан ажлын цагийн системтэй байсан. Өнөөдрийн байдлаар 170 гаруй хүн энэ жишгээр ажиллаж байна. Энэ нь өглөө заавал 09.00 цагт биш 10.00 цагт ч ирэх боломжтой гэсэн үг. Тухайн өдөртөө багтаж, ажлын цагаа гүйцээх ёстой. Уг системийг нэвтрүүлэхээр жил орчим хугацаанд туршсан.

-Ажилчдын хувьд гэрээсээ ажлаа хийх нь маш их боломжийг олгож байгаа ч, тавигдах шаардлага нь нэмэгдэж байгаа юу?
-Алсын зайнаас ажиллахтай холбоотой нэмэлт шаардлага бол байхгүй. Энэ жилийн төлөвлөгөө яаж хийгдсэн, тухайн багт нь ямар төлөвлөгөө тавигдсан түүнийгээ л хийнэ. Харин эсрэгээрээ тухайн ажилтны хариуцлага нэмэгдэж байгаа юм. Гэрээсээ ажлаа хийж байна гээд зүгээр суух, эсвэл өөр юм хийгээд байж болохгүй. Иймээс хувь хүний хариуцлага нэмэгдэнэ. Харин компанийн зүгээс ажилчдадаа илүү их итгэж байна гэсэн үг.

-Гэрээр ажиллаж байгаа ажилтныхаа тоог цаашид нэмэгдүүлэх үү?
-Тийм ээ. Одоо программ хангамжийн ажилтнууд гэрээр ажиллах боломж гарч байгаа. Өнөөдрийн байдлаар борлуулалтын 30 орчим ажилтан бий. Үүнээс тодорхой хувь нь дэлгүүрт ажилладаг. Тэгэхээр нийт 20 орчим хүн гэрээр ажиллах боломжтой гэж харж байгаа. Эдгээр ажилчин маань код бичих, серверийн гээд технологийн асуудлаа шийдчих юм бол энэ системд хамрагдах болно. Харилцагч байгууллагуудтай холбогдохоос эхлээд программ хөгжүүлэх гээд зарим технологи шаардлагатай байгаа. Иймээс бэлтгэл ажлаа бүрэн хангачих юм бол программ хангамжийн ажилтнууд гэрээсээ ажлаа хийж эхэлнэ.

-Шинэ системд хамрагдсанаар өдөр тутамдаа интернэт орчинд нээлттэй байж, ажиллах шаардлагатай болж байна. Тэгэхээр компанийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай компани Office 365 программ ашиглаж байна. Хүн бүр нэвтрэхдээ gmail шиг нэвтрэх нэр, нууц үг хийж орно. Тус программ дээр мэдээллээ солилцож, төлөвлөгөөгөө гаргаж, багаараа хаана юу хийж байгаагаа бусадтай хуваалцах гээд олон зүйлийг цогцоор нь нэг дор хийж байна. Энэ жил санхүүгийн системийг нэвтрүүлж байна. Харин компанийн аюулгүй байдлыг хангах ажлыг IT-ийн үйлчилгээ үзүүлдэг манай хоёр охин компани гүйцэтгэдэг. Түүнчлэн ажилчдын хувьд өмнө нь кофе шоп, эсвэл ямар нэг газар интернэтэд орчихоод орхиод явчихдаг байсан. Тэгвэл одоо эсрэгээрээ ажилчдад илүү их хариуцлага нэмэгдэж байгаа.



САНАЛ БОЛГОХ