Ариунаа Сүри: Өвөрмөц, содон загвартай гэж ярьдаг болтол нь үнэнч зүтгэнэ

Би үйлдвэрлэгч


Бидэнд Хятадыг давсан хямд масс үйлдвэрлэл гаргах боломжгүй

Даяаршлын эрэн зуунд бусдаас өөр, бусдаас содон хэв загварыг бүрдүүлэхээр зорьж буй “Ариунаа Сүри” брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. Үндэсний хэв маяг шингэсэн загваруудаа дотоодын болон олон улсын загварын зах зээлд зургаа дахь жилдээ амжилттай танилцуулж яваа тус брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер С.Ариунаатай ярилцлаа.

-“Ариунаа Сүри” брэндийн үнэ цэнийн талаар ярилцъя. Монголын дизайнеруудын холбооноос дотоодын зах зээлд 70 гаруй мэргэжлийн дизайнер бүтээлээ урлаж, танилцуулж байна гэсэн байна. Танайх юугаараа онцлог вэ?
-Кашмер, ноос, арьс шир, нэхий гээд энэ сайхан баялаг дээр сууж байгаа бид үүнийг үнэ цэнэтэй болгох учиртай. Бидэнд хэзээ ч дундрашгүй их мал сүрэг байна. Үүнийхээ ашиг шимийг бид яаж хүртэж байна вэ. Ноос ноолуур, арьс шир, мах, сүү гэх мэт түүхий эдийг эндээсээ авч болох нь. Энэ бүхэн Монгол бүтээгдэхүүн, Монгол брэнд болж болно. Нөгөөтэйгүүр, бид хэдий болтол эзэн хаанаа өмнөө барьж явах вэ. Одоо арай өөр нэг зүйлийг бий болгож, зохиосон байх хэрэгтэй боллоо. Дэлхийн хүмүүс бидний шинийг зохиосныг мэддэг, хэрэглэдэг байх нь чухал. Дэлхийд танигдах Монгол брэндийг бий болгох, “Ариунаа Сүри” брэндийг дэлхийн зах зээлд гаргахын төлөө явж байна. Гэхдээ хувцасны шүүгээнийхээ мухарт шиддэг биш хайрлаж өмсдөг хувцас байгаасай гэж хүсэж бүтээлээ урладаг. Мөн брэндээрээ дамжуулан эх орныхоо өв соёлыг түгээхээс гадна брэндийн үүсэл хөгжлийг танилцуулахыг зорьдог. Бид шинэ загвар, шинэ коллекцио гаргах бүртээ заавал ямар нэг зүйлийг давхар хэлж, өгүүлэхийг хичээдэг. Энэ бол бидний бусдаас ялгарах онцлог бас давуу тал.

-Илүү тодорхой тайлбарлахгүй юү. Хувцас загвараар дамжуулан юу өгүүлэхийг зорьдог юм бэ?
-Уран бүтээлчид ерөөс аливаа хүн өөрийнхөө “би”-г урладаг гэж маш олон удаа сонсож байлаа. Манай брэндэд ч мөн адил “би” оршиж байгаа. Тэгвэл “би”, Ариунаа гэж хэн бэ. Үүнд эрх чөлөө, баяр баясал, уйтгар гуниг, аугаа их мөрөөдөл оршдог. Миний хувьд хувцас загвар бол эрх чөлөө. Хувь хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байгаасай. Тиймдээ ч “Би бол цор ганц хүн. Миний доторх хүн, дотоод ертөнц өөр” хэмээх философийг хувцаслалтаараа илэрхийлэхийг зорьдог. Ийм хүмүүсийн хүсэлтийг биелүүлэхийн төлөө манай брэнд ажилладаг. Манай хувцсыг өмсөөд залуу, өвөрмөц, содон, бусдаас өөр болсон мэт сэтгэл ханамж аваасай гэж хүсдэг.

-Герман улсад магистрын зэрэг хамгаалсан таны хувьд тэндээ хангалттай хэмжээний цалин авч, дэлхийн иргэн болж амьдрах боломж байсан байх. Шинэ брэндээ эх орондоо үүсгэх санаа яагаад төрсөн бэ?
-Герман ч гэлтгүй, европын бусад улс орон, бүр өөрийн дуртай загвар зохион бүтээгчтэйгээ хамтран ажиллах боломж байсан. Санал ч ирж байлаа. Гэхдээ айлын гэрт суучихаад “Ямар гоё айл вэ” гээд суухыг хүссэнгүй. Өөрийнхөө гэрийг сайхан болгохыг хүссэн учраас л тэр.

-Та салбартаа ажиллаад зургаан жил боллоо. Энэ бол чамгүй цаг хугацаа. Тэгэхээр дотоодын зах зээл ямар байна вэ. Өөрийн бодлоо хуваалцахгүй юү?
-Анх эхэлж байхад зарим загварыг маань хүмүүс ойлгохгүй бага зэрэг хэцүү байсан. Харин одоо хандлага өөрчлөгдсөн гэж хэлж болно. 70, 80-аад оны үеийн хувцсыг арай өөр өнгө, материалаар хийж өмсөх биш дараагийн зун трэнд болох хувцсыг өмсмөөр байна гэсэн чиг хандлага руу хүмүүс тэмүүлэх болсон.

-Монгол залуучуудын хандлага ямар байна вэ. Ажиллах хүчээ хэрхэн сонгож авдаг вэ?
-Хүний сэтгэлгээний цар хүрээ, чин хүслийг нь хамгийн түрүүнд хардаг. Дараа нь чадвар, тууштай байдал чухал. Гэхдээ хүн чадваргүй байлаа ч гэсэн тууштай байснаараа аливаа зүйлийг хэнээс ч илүү хийж чаддаг болдог юм.

-Олон улсын нэр хүндтэй загварын тайзнаа 10 гаруй удаа бие даасан уран бүтээлээ загварын долоо хоног, шоугаар танилцуулсан. Монгол хувцсыг дэлхийд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хятад, Энэтхэг, Турк, бүр Италийг давсан чанартай бүтээл хийж чадахгүй байгаа нь маргаангүй үнэн. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Монгол хувцасны түүх гэвэл маш агуу. Гүйцэтгэж байсан технологи, тухайн үеийн өмсгөл, зүүлт сэлт зэргийг юутай ч зүйрлэж яримгүй. Харин сүүлийн 30 жилийн хувцас үйлдвэрлэлийн чиг хандлагын тухай ярих нь зөв юм. Жишээлбэл, бид Хятадыг давсан хямд масс үйлдвэрлэл гаргаж чадахгүй. Иймд өөрсдийн гэсэн чанар, үнэр, загвартай бүтээлийг танилцуулах хэрэгтэй. Ингэхдээ маш тууштай байх нь юу юунаас илүү чухал. Тэд биднийг хараад “Монголчууд ийм өвөрмөц, содон юм байна. Сонин стильтэй юм” гэж ярьдаг болтол нь үнэнч зүтгэх хэрэгтэй. Ингэж чадвал дэлхий нийт биш юм гэхэд загвар сонирхогчид, зах зээлд мэддэг болно.

-Загварын салбарынханд хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий нийтэд танигдахад хэр хол зай байгаа вэ?
-Ойрхон байгаасай гэж хүсэж байна. Бидний хийж байгаа бүтээлийг маш олон улсын хүмүүс үздэг, дуртай болсон үед магадгүй “Ок, чадчихлаа” гэж хэлээд тайван суух байх. Бидний хувьд гадаад зах зээлд илүү анхаардаг. Яагаад байнга гадагшаа явж, шоунд оролцдог юм бэ гэж. Тэгэж байж л хүчтэй, өрсөлдөөн ихтэй энэ том салбар, энэ том зах зээлийн яг дотор нь орж чадна. Хүнд танигдахгүй дэлгүүр нээж, ашиг орлого хөөхөөс илүүтэй нэр, ялангуяа брэндээ олонд таниулж, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй гэж үздэг. Үүнийг дагаад дараа дараагийн бизнес яригдана.

-Энэ эрчээрээ тав эсвэл 10 жилийн дараа “Ариунаа Сүри” брэнд ямар болсон байх бол?
-Гаднын зах зээлд өөрсдийн гэсэн орон зайтай, нэлээд олон харилцагчтай болсон байх болно. Мөн олон дэлгүүрт манай бүтээгдэхүүн борлуулагдах зам нээгдээд зогсохгүй, эх орныхоо эко бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй борлуулдаг болсон байх болов уу гэж бодож байна.


САНАЛ БОЛГОХ