Инновацигүйгээр ирээдүйн тухай яриад ч хэрэггүй

Мэдээ


Нүүрс ачсан 1500 автомашины цуваа 3500 гаруй ширхэг iPhone X-ийн мөнгөн дүнтэй тэнцэнэ

Нэг ширхэг iPhone X, 34 тонн нүүрстэй тэнцэж байна. Монголчууд iPhone цувралын шинэ загварыг авахын тулд 30 гаруй тонн коксжих нүүрстэй тэнцэх хэмжээний мөнгө зарцуулж буй. Сонирхолтой нь, зарим албан ёсны борлуулагчийн мэдээлж буйгаар худалдаанд гараад нэг их удаагүй уг загварын эрэлт Монголд нийлүүлэлтээ давж, хүлээлт үүсгээд буй аж. Олон улсын зах зээлд 256 гигабайтын багтаамжтай iPhone X дөрвөн сая төгрөг хүртэлх үнэтэй байхад манай улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани тонн нүүрсээ 59 ам.доллар буюу 141 мянган төгрөгөөр борлуулж буйг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Одоогоос хэдэн сарын өмнө Монголын экспортын гол хаалга Гашуунсухайт, Ганц- модны боомтод 70-100 тоннын даацтай 1500 автомашины гацаа үүссэнийг бид мэднэ. Тэгвэл олон километр сунайн үргэлжилсэн урт цуваа ердөө 3500 гаруй ширхэг iPhone X-тэй тэнцэхүйц байжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн онд Монгол Улс зэсийн 1.4 сая тонн баяжмалыг 1.6 тэрбум ам.доллараар борлуулсан байна.

Уг түүхий эдийн экспортын хэмжээг, борлуулалтын орлогод нь хуваан үзвэл нэг тонн баяжмал дунджаар 1140 ам.долларт хүрсэн байх юм. Монголын зэсийн зах зээлийн гол тоглогчдын нэг “Оюутолгой” компани “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой шуудайд савласан зэсийн баяжмалаа хоёр тонноор савлан, хилийн чанадад экспортолдог. Тэгвэл Нүүрс ачсан 1500 автомашины цуваа 3500 гаруй ширхэг iPhone X-ийн мөнгөн дүнтэй тэнцэнэ бид “Оюутолгой”-н шуудайлсан баяжмалыг 4-5-ыг борлуулсан дүнгээр монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг Toyota Prius 30 автомашиныг авдаг байх жишээтэй. Түүнчлэн Монгол Улс 2017 онд нэг сая гаруй тонн түүхий нефть борлуулж, 374 сая ам.доллар олсон. Гэсэн атлаа үүнээс хоёр дахин өндөр үнээр газрын тосны эцсийн бүтээгдэхүүн худалдан авсан байна. Бас газрын дээр, доороо эрчим хүчний түүхий эдийн арвин баялагтай Монгол Улс жилд 130-140 сая ам.доллараар цахилгаан эрчим хүч, 93 сая ам.доллараар химийн бүтээгдэхүүн импортолсоор байна. Хэрвээ бид олон жил ярьсан газрын тос боловсруулах, химийн аж үйлдвэрлэлээ хөгжүүлж, эрчим хүчний станц байгуулж, дэвшилтэт технологи нутагшуулсан бол энэ их мөнгийг гадагш урсгахгүй, дотооддоо нэмүү өртөг шингээж, ажлын байр олноор бий болгох байлаа. Одоогоор олон улсын зах зээлд Louis Vuitton-ийн арьсан цүнх дунджаар 2500 ам.долларын үнэтэй байгаа. Малын гаралтай түүхий эдээр баялаг Монгол Улс малын арьсаар ийм чанарын цүнх хийж, нэмүү өртөг шингээгээд зарахад л 50 тонн төмрийн хүдрийн баяжмалын экспорттой дүйх хэмжээний орлого олохоор байна. Энэ мэт нөөц боломжоо инноваци, нэмүү өртөгтэй хослуулж чадвал 20 гаруйхан их наяд төгрөгөөр хэмжигддэг, манай цомхон эдийн засгийг сэвхийтэл босгоод ирж болохоор билээ. Наанадаж л монгол төгрөгийн эсрэг галзуураад буй гадаад валютуудын ханш хүртэл ингэтлээ цойлж чангарахгүй байлаа. Энэ бол түүхий нүүрс инноваци шингэхгүйгээр мөнгө босгохгүй гэдгийг ойлгуулж байгаа хэрэг. Цаашлаад нэмүү өртөг, инноваци, мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийн ид шид, экспорт, импортын хэдхэн бүтээгдэхүүнээс харагдаж байна. “Өрсөлдөх чадвар өнөөдөр биетээс биет бус руу, тонноор хэмжигдэх бараа таваараас байтаар хэмжигдэх мэдээлэл рүү шилжиж байна” хэмээн Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал, профессор Стефан Гарелли өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, мэдлэгийг баялаг болгож, инновацийг бүтээж буй улс орнууд л хөгжиж байгаа юм.

Дэлхийн инновацийн индексээр Монгол Улс 143 орноос 52 дугаарт оржээ
Товчхондоо, улс орнуудын хөгжил дэвшлийг байгалийн баялаг биш, инноваци, технологийн гайхамшиг тодорхойлсоор ирлээ. Гэтэл бид баялгаа асар хямд зарчихаад, оронд нь өндөр үнээр инноваци шингэсэн бүтээгдэхүүн авч сууна. Биднийг талцаж, хагарч илүү их алт ухаж, илүү их нүүрс экспортлохоор улайрч байх зуур бусад улс мэдлэгийг баялаг болгохын төлөө хичээж байна. Cornell- ийн их сургууль, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хамтран гаргадаг “Дэлхийн инновацийн индекс 2017” тайлангаас үзэхэд Монгол Улс 143 орноос 52 дугаарт оржээ. Энэ жагсаалтыг Швейцар тэргүүлж, Швед удаалсан. Скандинавын Швейцар, Швед болон Израйль зэрэг орон жижиг хэрнээ шинжлэх ухаан, технологийн салбартаа бусад улстай харьцуулахад хавьгүй их хөрөнгө зарцуулж, хэдхэн төрлийн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг эдийн засгийн тулгуураа болгож байна. Бид заавал ухаалаг утас үйлдвэрлэж, Apple шиг компанитай болох албагүй. Гэсэн ч гагцхүү бэлэн нөөц боломжоо ашиглаад, наад зах нь эхний шатны боловсруулалт хийгээд зарахад л өдгөө 50 ам.доллартай тэнцэж буй нүүрсний үнээ 2-3 дахин өсгөөд зарчих боломж байсаар. Цаашлаад элдэв эм тариа хэрэглэдэггүй, “органик мах” нэртэй брэнд үүсгэж болж байна. Үүнийгээ эрүүл ахуйн стандарт хангасан гэдгийг баталж чадвал Бээжингийн баячуудын хэрэгцээг монгол брэндийн мах хангаж, килограммыг нь 20-30 ам.доллараар экспортлох бололцоо бий. Ноолуур ч мөн ялгаагүй. Тооны ихээс биш чанар, өндөр зэрэглэлийг бодолцвол монгол ноолууран бүтээгдэхүүн тансаг зэрэглэлийн бараанууд шиг цөөн тоогоор ч гэлээ өндөр үнээр зарагдаад байж чадна. Наанадаж л нүүрсний нөөцөөрөө дэлхийд толгой цохидог Монголын нүүрснээс 5000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи бий. Тэдгээрээс зөвхөн түлш, шатахуун, эрчим хүч, химийн бүтээгдэхүүнээ гаргаж авахад л Монгол Улс асар их мөнгө хэмнэх боломж бүрдэх юм.

Гэтэл сүүлийн жилүүдэд уул уурхайн бүүм боллоо гэсэн хэрнээ тэдгээр ашигт малтмалаа бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж огт сурсангүй. Бид нүүрсээ ухаж, хамгийн ойрын зах зээлд хямд өртгөөр гаргаж, богино хугацаанд ашиг олох тухай л боддог. Бас болоогүй түүнийгээ тогтвортой ч борлуулчихгүй, гацааж, хүлж дөнгөнө.

САНАЛ БОЛГОХ