Нэг бүс-Нэг зам: Нэг бол шороо атга, нэг бол чулуу шүүр
Судлаачийн үг
Өмнөд хөрш маань “Нэг бүс-Нэг зам” санаачилга дэвшүүлсний таван жилийнхээ ойг энэ жил тэмдэглэж байна. Бүтэн жилийн турш кампанит ажил өрнүүлэх бололтой. Таван жилийн өмнө юу олж өрнөснийг эргэж тодруулангаа энэ талаар Монгол Улсдаа гарц хайж тайлбар хүргэе. Эхлээд “Торгоны замын эдийн засгийн бүслүүр” гэсэн нэрээр Ши Жиньпиний санаачилга 2013 оны есдүгээр сард Астанад Назарбаевын нэрэмжит их сургуульд тавьсан илтгэлд нь дурдагдсан. Дэлхийд тэгтлээ өндөр авсан асуудал босч ирнэ чинээ тэр үедээ хэн ч, хаана ч төсөөлөөгүй. Зорилго нь Eвразийн худалдаа-эдийн засгийн нэгдмэл орон зай, тив дамжсан тээврийн коридор буй болгох. МЭӨ II зуунаас манай эриний XV зууны үеүдэд Хятадыг Төв Азиар дамжуулан Европтой жингийн хөсгөөр холбосон эртний торгоны замын нэрээр уг санаачилгаа нэрлэжээ.
Энэ лут зорилгодоо хүрэх таван үндсэн зорилтоо хятад нөхөд ингэж томъёолсон: 1. Бүс нутгийн эдийн засгийн интеграцыг эрчимжүүлэх
2. Транс-Азийн тээврийн нэгдсэн дэд бүтэц байгуулах
3. Хөрөнгө оруулалт ба худалдаанд тохиолддог барьер саадыг гэтэлгэх
4. Үндэсний валютуудыг бэхжүүлэх
5. Хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэжээ.
Тэртээ таван жилийн өмнө л энэхүү бүслүүрт 67 улс орон буюу дэлхийн хүн амын 63 хувь нь багтана. Санаачилгаа төсөл болгон хэрэгжүүлэх хугацаагаа 30 жил байхаар заажээ. Хар ухаанаар төсөөл л дөө. Хятадаас Европ руу ачаа бараа зөөвөрлөх хугацааг эрс багасгана. Эдүгээ контейнерын ачаа далайгаар усан онгоцоор 45- 60 хоног зарцуулан байж Европт хүрдэг бол төсөл хэрэгжсэнээр 10 хоногтоо амжуулна. Тээврийн харилцаа өрнөөд ирэхтэй зэрэг гаалийн хамтын ажиллагаа дагаж бужигнана, санхүүгийн операци тэлнэ, санхүү- дэд бүтцийн институц ажилтай орлоготой болж, ажлын байр эрс нэмэгдэнэ. Соёл, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, залуучуудын солилцоо гээд салбарлаад олон улсын лут хамтын ажиллагаа өрнөх болно хэмээн Хятадын тал тооцоолжээ. “Торгоны замын эдийн засгийн бүслүүр”-ийн дагуух төмөр замын маршрутыг одоогоор гурван коридор (умард, төв, өмнөд) байхаар төсөөлж байна. Харамсалтай нь Улаанбаатар- Бээжингийн маршрут энд багтаагүй байгаа. Умард коридорын маршрут Хятадаас барууншаад Казахстан, Орос, Балтийн тэнгис, тэндээсээ Беларус, Польш, Герман, Нидерланд гэж салбарлах. Төв коридор нь Хятадын Шанхай, Ляньюньган боомтоос барууншлаад Төв Ази хүрэх (Кыргызстан, Узбекстан, Туркменистан), тэндээсээ Иран, Турк (Босфорын хоолойгоор) хүрээд цаашаа Балканы хойг, бүр цаашилбал Францын баруун эрэг хүрнэ. Өмнөд маршрут нь Хятадаас чанх урагшаа Бангладеш, Энэтхэг, Пакистан хүрэх хэмээн тооцоолжээ.
Гэхдээ 30 жилдээ бүтээн байгуулах төлөвлөгөө шүү дээ. Ноён Ши Жиньпин Евразийн хуурай газрын торгоны замын санаачилгаа дэвшүүлчихээд тун удалгүй XXI зууны далайн торгоны зам гэх төслөө зарлажээ. Астанад айлдвараа тавьснаас хойш ердөө сарын дараа 2013 ны аравдугаар сард Индонезид айлчлах үедээ энэ тухай ярьсан байгаа юм. Далайн худалдааг хөгжүүлэх концепц гэж үзэж болно. Хятадын Фузянь мужийн Фужоу хотоос гараагаа эхлээд Гуандун муж, Хайнань арал, улмаар Малаккийн хоолой (Малайз-Индонез), тэндээсээ Энэтхэгийн далай руу нэвтрээд, Африкийн эвэр (Кени) хүрээд, тэндээсээ Улаан тэнгис, Суэцын суваг, Газар дундын тэнгис хүрэх эхний нэг маршрутыг төсөөлж болж байна. Өөр нэг чиглэл нь Хятадын боомтуудаас Номхон далай руу чиглээд Өмнөд Номхон далайн арал, улс, тив рүү хүрэх тухай төлөвлөжээ. Хуурай газрын ба далайн торгоны замын энэ лут төслөө “Нэг бүс -Нэг зам” (товчлоод “Бүс ба Зам”) хэмээн нэрлэж байгаа. Нэрлээд, санал дэвшүүлээд, хэлэлцүүлээд орхичихоогүй учраас л энэ жил “Таван жил”-ийн ой гэдгээ хийх гээд байгаа хэрэг л дээ. 2014 оны намар Бээжинд АПЕК- ийн дээд уулзалт дээр Хятад нь Торгоны замын сан гэдгээ 40 тэрбум ам.долларын нөөцтэй байгуулснаа зарласан. Дэд бүтцийн үйлсээ санхүүжүүлэх, санхүүгийн хамтын ажиллагаа өрнүүлэхэд зарцуулна гэсэн. 2017 оны байдлаар нөгөө 40 тэрбум дээрээ 14.5 тэрбум ам.долларыг нэмлээ хэмээн зарласан. Торгоны замын сангаас гадна санхүүгийн өөр нэг лут механизм байгуулсан нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болсон. Тэр нь мөн л 2014 оны тэр намар байгуулагдаад одоо ажиллаж байна. Анхны гишүүд нь 57 улс орон (Монгол оролцсон) байсан ба сан хөмрөг нь 100 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн. 2015 он гэхэд Хятадын хөрөнгө оруулагчид 15 тэрбум ам.долларыг гаргаад байсан ба Cosco Pacific, China Merchants, China Road and Bridge зэрэг хятад компаниуд төслөө хэрэгжүүлээд эхэлсэн байсан. Цаашаа олон тоо баримт дурдахаа азнаад өнөөгийн цаг үе рүү, тухайлбал Бээжинд чуулж байгаа Бүх хятадын Ардын төлөөлөгчийн Их Хурлын уур амьсгал руу орж тольдъё. Чуулганы хэвлэлийн албан ёсны төлөөлөгч Жан Есүй ярьж байна. “Нэг бүс-Нэг зам” гэдгийг Хятадын геостратегийн арга хэрэгсэл хэмээн үздэг бол тэр нь уг санаачилгыг буруу ойлгосон явдал хэмээн тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр энэхүү төсөл нь дэд бүтцээрээ харилцан саадгүй холбогдох, тэр зорилгын үүднээс харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх зорилготой аж. Оролцогч улс бүхэнд өөр өөрийн ямар нэг давуу тал гэж байдаг бол тэр давуу талуудаа хоёр талаасаа харилцан нөхөх замаар дэлхийн эдийн засгийн өсөлт, олон улс орны хамтын хөгжилд улам их боломж бүрдүүлэх явдал эл санаачилгын мөн чанар гэлээ. Тэгэхдээ хамтдаа харилцан ярилцаж, зөвшилцөж, бүтээн байгуулж, хамтдаа үр дүнгээ хуваалцаж, бүх оролцогчид бүгд эрх тэгш түнш байх нь чухал гэлээ. Түүний хэлснээр “Бүс ба Зам”-ын энэхүү бүтээн байгуулалт бол нээлттэй, багтаамжтай индэр, тавцан юм байна. Аль нэг орныг гадуурхах юм уу, түүний эсрэг чиглээгүй, харин сонирхсон бүх оронд нээлттэй тавцан гэж байна. Жан Есүйгийн тэмдэглэснээр өнгөрсөн таван жилд уг төслийн бүтээн байгуулалт талуудын хамтын хичээл зүтгэлээр баялаг үр дүнд хүрсэн бөгөөд “Бүс ба Зам”-ын ажил одоохондоо анхан шатандаа байгаа, түүнийг урагшлуулахын төлөө ашигтай, идэвхтэй, бүтээлч бүх санал санаачилгыг Хятадын тал дэмжинэ гэжээ. Энэ хүний үг бол Хятадын Засгийн газрын албан ёсны байр суурь гэж үзэх хэрэгтэй. Энд би 2017 оныг онцлон ярингаа Монгол руугаа татаж жишээ, гарц хайя. “Нэг бүс-Нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг 2017 оны тавдугаар сарын 14-нд Бээжин хотноо зохион байгуулсныг бид мэднэ. Энэ тухай хангалттай мэдээлсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр үг хэлсэн. Үүнд олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар “Нэг бүс- Нэг зам”-ыг хамтран байгуулж, хамтран ашиг хүртэж, хамтран хөгжье хэмээн уриалсан (гурван “хамтран”) ба уг хурлын уриа лоозон ч яг ийм гарчигтай байсан.
Дээд хэмжээний тэрхүү уулзалтад 29 улс орны төр, засгийн тэргүүн (тэдэн дотор Монгол Улсын Ерөнхий сайд), НҮБ, Дэлхийн Банк, ОУВС зэрэг олон улсын 70 гаруй байгууллага, форумын төлөөлөгчид, тэрчлэн 100 гаруй улс орны албаны ба худалдааны төлөөлөгчид оролцсоныг эргэж санууштай. “Нэг бүс-Нэг зам”-ын тухай ноён Ши Жиньпиний 2013 онд дэвшүүлсэн нөгөө санаачилгуудыг хэрэгжүүлэх хүрээнд анх удаа уулзалт зохион байгуулсан нь энэ байсан ба хурлын түлхүүр хоёр үг нь “Хамтран ажиллах”, “Хамтдаа ашиг хүртэх”. Эл сэдвийн хүрээнд
1. Бодлогын харилцан холболт
2. Зам харилцааны харилцан нэвтрэлт
3. Худалдааны шуурхай нэвтрэлт
4. Валютын солилцоо
5. Иргэдийн сэтгэл санааны эв нэгдэл. Энэ таван зорилгыг эрчимжүүлэх тухай тэнд хэлэлцсэн. Эдүгээ олон улсын харилцаанд АПЕК, АРФ, БРИКС, ШХАБ гэдэг шиг “Нэг бүс-Нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны форум гэх олон улсын Засгийн газар хоорондын институц төлөвшиж эхэлснийн бид харж байна. “Нэг бүс-Нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний тэрхүү уулзалтаас хойш Хятадын think tank–судалгааны гол хүрээлэн, нэртэй судлаачид дээрх таван нэвтрэлтийн итгэлцүүр шалгуур гэгчийг гаргаж ирсэн. Дээд хэмжээний уулзалтаар ярилцсан таван холболтыг ингэж томъёолжээ. Үүнд
1. Улс төрийн ойлголцол
2. Дэд бүтцийн холболт
3. Худалдааны чөлөөт байдал
4. Санхүүгийн урсгал
5. Иргэдийн харилцаа. Чингээд эл таван шалгуураа “Бүс ба зам” дагуух гадаад улс орнуудынхаа байр байдал, хөгжил дэвшил, хөгжлийн хандлагатай холбон авч үзэж байна. Үүний тулд 2017 оны сүүлчийн байдлаар “Бүс ба зам” дагуух гадаад 63 улс орныг судалж нягтлан эрэмбэлжээ. Ингэж эрэмбэлэхдээ дөрвөн ангилал хийсэн байна. Үүнд
1. Чөлөөтэй нэвтрэх орнууд
2. Сайн үзүүлэлттэй орнууд
3. Хүч нөөц бүхий орнууд
4. Сул дорой орнууд . Ийнхүү дөрвөн ангилалд улс орнуудыг эрэмбэлэхдээ оноогоор дүгнэхийг зорьжээ. Таван нэвтрэлт ба холболт тутамд нь нэг бүр 10 оноо цуглуулах ёстой гэж үзвэл нэг улс 50 оноотой байж гэмээнэ дээгүүрт шалгарах учиртай аж. Хэрэв 50 оноо авч чадвал Хятадын энэ лут төслийн идэвхтэй, итгэлтэй түнш байж чадна гэсэн үг болно. Монгол Улс нь 2017 оны сүүлчийн байдлаар 37.88 оноо бүхий (9.06+4.57+ 7.88+8.24+7.63=37.88) дээрээсээ долдугаар байрт бичигдсэн нь 63 улс дотроо чамлагдахааргүй өндөр үзүүлэлтийг хангачихсан гэсэн үг юм. Харин энэ тухай манай иргэд, эрх баригчид төдийлэн ойлголтгүй яваа бол Монголын хэвлэлд анх удаа мэдээлж ойлгуулж мэдрүүлж, ажил алба бизнес мөнгөө төлөвлөхөд тань санаа сэдэл өгье. Тэгэхээр манай улс ийм гайгүй сайн үнэлгээ ба бэлэн хөрсөн дээрээ бизнесийн хамтын ажиллагаагаа хурдан түргэн хөгжүүлж, гурван улсын эдийн засгийн хонгилын ажлаа уялдуулах талаар чармайлт гаргах нь зөв биз ээ. Харин бас нэг таагүй мэдээлэл саяхан хэвлэлд гарсныг энд хөндөе. Олон улсын хөгжлийн төв гэгч ТББ-ын судалгаагаар “Нэг бүс-Нэг зам”-ын хүрээнд зээл авсан Жибүти, Кыргызстан, Лаос, Мальдив, Монгол, Монтенегро, Пакистан, Тажикстан зэрэг улс авсан зээлээ төлж үл чадна гэсэн таамаг таржээ. 2017 онд Шри Ланка улс БНХАУ-ын Засгийн газраас зээлсэн нэг тэрбум ам.долларын өрөнд усан боомтоо барьцаанд тавьжээ. Үүнтэй адилаар Жибүти нь тун удахгүй боомтоо БНХАУ- ын компанид шилжүүлж өгнө гэсэн таамаг байна. Энэ жагсаалтад Монголын маань нэр цохиж яваа нь санаа сургамж, сэрэмжлүүлэг болох нь мэдээж. Нэрсийг үзвээс хөгжиж буй олон улс, цалгар наазгай, санхүүгийн сахилга батгүй, хэнэггүй, идэж уудаг улсуудын дотор манлайлан явахаа болихыг нь хатуу шаардсан мэдээ энэ бус уу хэмээн үзэж болох мэт.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй