А.Ариунзаяа: Статистикгүй бол сэтгэгдэлд суурилсан бодлого л гарна

Мэдээ


Судалгааны байгууллагын зарцуулсан доллар бүхэн 310-4200 дахин их өгөөж өгдөг

Үндэсний статистикийн хорооны дарга А. Ариунзаяатай ярилцлаа.

-НҮБ-ын Статистикийн комиссын 49 дүгээр чуулганд та оролцоод ирсэн байна. Олон нийт, хэвлэл мэдээлэл, бодлого тодорхойлогчдод илүү зөв, найдвартай өгөгдлийг статистик олгодог талаар НҮБ-ын түвшинд хэлэлцсэн гэж ойлгож байна. Ер нь улс төрийн түвшинд статистик мэдээллийг хэрхэн ашиглаж байна вэ гэсэн асуултыг эхлээд тавья. Дэлхий нийтийн хандлага ямар байна?
-2000-2015 онд хэрэгжсэн “Мянганы хөгжлийн зорилт”- ыг бид бүхэн мэднэ. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд ямар мэдээллийг ашиглах вэ гэдэг нь тодорхой бус, олон эх үүсвэртэй, чанарын хувьд асуудалтай байснаас дэлхийн хэмжээнд хүндрэл гарч байсан нь том сургамж болсон. Үүнээс улбаалан 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтыг батлахдаа НҮБ, олон улсын байгууллагууд, улс орнууд цаашид хөгжлийн хөтөлбөрийг дүгнэхдээ нотолгоонд суурилсан статистикийн мэдээллийг ашиглах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Сая миний оролцоод ирсэн чуулган “Better data Better life” гэсэн уриан дор зохион байгуулагдсан. Өмнөх жилүүдэд мэдээлэл гаргагч, оролцогч талуудад анхаарч байсан бол энэ жил албан ёсны тоон мэдээллийг шийдвэр гаргахад илүү ашиглахад чиглэсэн. Энэ нь цаанаа нэг зүйл хэлээд байгаа биз. Угтаа “сайн мэдээлэл” байхад “сайн бодлого, шийдвэр” гарна, ингэснээр “хүмүүс сайхан амьдарна” гэх бодлогын концепци юм. НҮБ-ын гишүүн орнуудын хөгжлийн түвшин янз бүр. Дийлэнх нь ядуу буурай, дунд болон дундаас доогуур орлоготой. Одоо байгаа хөгжлийн түвшнээс яаж илүү сайн болох вэ гэдэг хариулт, шийдлийг олоход зөвхөн чанартай, бодит байдлыг илтгэж чадаж байгаа статистик мэдээлэл л тусална. Үнэн зөв, найдвартай статистик нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн хяналт болж, байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах чухал хэрэгсэл болдог.

-Харин Монгол Улсын хувьд төрөөс гарч буй аливаа шийдвэр статистикийн мэдээлэлд тулгуурладаг уу?
-Би таны асуултад шууд тийм, эсвэл үгүй гэж хариулах боломжгүй. Учир нь аливаа улс орон өөрийн гэсэн хөгжлийн тогтвортой үзэл санаа, бодлоготой байж хөгжиж чадна. Энэ хөгжлийн бодлогыг боловсруулах, үүсэж буй асуудлын шийдлийг олоход юуны түрүүнд баримтад тулгуурласан статистик мэдээлэл зайлшгүй шаардлагатай. Тиймээс улс төрийн түвшинд статистик мэдээллийг заавал ашиглах ёстой. Өнөөдөр тодорхой хэмжээнд ашиглаж байна. Гэхдээ хангалттай бус. Энэ нь зөвхөн Монгол Улсын хувьд ч яригдаагүй. Бодлого, шийдвэрээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх гол нөхцөл нь баримт, судалгаа, нотолгоо буюу статистик. Тиймээс цаашдаа зайлшгүй судалгаанд тулгуурласан бодлого боловсруулах үйл явц руу шилжих хэрэгтэй. Ингэхийн тулд албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүнд оролцогч талуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, бодлогын судалгааны байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал.

-Улс төрийн шийдвэр статистик мэдээлэл дээр суурилж гардаггүйн шалтгаан нь юу юм бол?
-Яг энэ талаар миний удирдсан салбар хуралдаан дээр яригдсан юм. Улс төрийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулдаг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн / Ecosoc/ дэд ерөнхийлөгч, Бодлого төлөвлөлтийн газрын дарга нэг талд, нөгөө талд статистикчид оролцсон энэхүү салбар хуралдаан маань Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд статистикийн тогтолцоо, зохистой хэрэглээг хангахын тулд Засгийн газар хоорондын мэдээлэл солилцооны үйл явцад саналаа хэрхэн илэрхийлэх талаар зөвлөлдсөн гэсэн үг. Тоон мэдээлэл, экосистем хувьсан өөрчлөгдөхийн хэрээр статистикчид зөвхөн статистик мэдээллийн үйлдвэрлэгч бус, мэдээллийн менежер болох хэрэгтэй талаар түлхүү хэлэлцсэн. Улстөрчдийн хувьд маш их мэдээллийн дунд хурдан шийдвэр гаргах ажлын онцлогтой гэж хэлж болох юм.

Гэтэл тэр их мэдээллийн аль нь үнэн, аль нь худал гэдгийг шинжлэхэд маш их цаг хугацаа ордог. Бид улстөрчдөд шаардлагатай нийгэм, эдийн засгийн индикатор үзүүлэлтүүд, статистик мэдээллүүдийг тогтмол давтамжтай танилцуулж, тарааж байгаа. Гэвч түүнийг ойлгодог улстөрч ховор байна. Тэдэнд илүү боловсруулагдсан мэдээлэл буюу яг тухайн асуудлыг хөндөж гаргаж ирсэн, дүгнэлт нь тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд статистик мэдээллээ илүү энгийн, ойлгомжтой хүргэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Мэдээллээ боловсруулахдаа ойлгомжтой болгохоос гадна анализ, дүгнэлт хийх, тайлбарлах, яг өнөөдөр тулгамдсан асуудал хөндөх зэрэг илүү ажиллах хэрэгтэй болоод байна. Статистикчид баримт нотолгоо, шинжилгээ судалгаа, мэдээллээ уламжлалт аргаар тайлбарлахыг хичээх, эсвэл бэлэн мэдээллээ сайн ойлгуулж чадаагүйгээс улс төрчдийнхөөр бол “цаг алддаг” байж болох юм. Гэсэн хэдий ч нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Судалгаагүйгээр гаргасан, өөр хоорондоо уялдаагүй бодлого шийдвэрүүд нь улс орны хүчийг тарамдуулж, байгалийн баялаг, хүн хүч, эдийн засгийн нөөцийг шавхан улс орныг туйлдуулдгийг бид өнгөрсөн жилүүдийн туршлагаас харж байна. Бодитой тооцоо судалгаагүй, өнөө маргаашаас хэтрэхгүй, алсыг хараагүй шийдвэрүүд нь тухайн үедээ асуудал шийдэхийг оролдож буй үйлдэл. Ил байгаа галыг унтрааж, голомтыг нь үлдээж, байдлыг улам доройтуулж байгаагаас өөрцгүй. Энэ нь эдийн засгийн хувьд алдагдал хүлэхэд хүргээд зогсохгүй цаашлаад нийгмийн эсэргүүцэлтэй тулгарна.

-Монгол Улсын хувьд статистикийн мэдээнд итгэхгүй байх хандлага ажиглагддаг. Магадгүй сонгууль бүрийн дараа өрнөдөг улс төрийн томилгоо танай байгууллагыг ч дайраад өнгөрдөг байх. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Статистикийн байгууллага мэргэшсэн, бие даасан, хараат бус үйл ажиллагаатай. Тиймээс бусад төрийн байгууллагыг бодоход улс төр, сонгуулийн нөлөөллөөс харьцангуй холуур өнгөрдөг. Статистикийн тухай хуулиар ч бодлого боловсруулагчдаас ангид, хараат бус байж, зөвхөн баталгаатай аргачлал, стандарт, хэлбэр, загвар, агуулга, статистик мэдээллийг тархаах цаг хугацаа зэрэг мэргэжлийн асуудал дээр суурилсан байх ёстой. Бодлого боловсруулагчид чухал ач холбогдолтой гэж үзсэн статистик мэдээлэл, үзүүлэлт гаргах шийдвэрт оролцож, захиалга өгч, төсөв мөнгийг баталж өгдөг. Гэхдээ хэрхэн гаргах вэ гэдэгт хэзээ ч оролцдоггүй. Мэргэжлийн ур чадвар, бие даасан, хараат бус байдал нь статистикийн системийн найдвартай суурь зарчим. Статистикийн нэг тоог өөрчлөхөд бусад тоо нь ч худал болж замхарна шүү дээ. Яг л даалуу өрөөд нэгийг унагахад бүгд нурдаг шиг. Түүх бичигдэж байдаг учраас нэг “худал” тоо нь шууд баригдана. Тиймээс хөндлөнгөөс хэн дуртай нь оролцоод аль нэг тоог нь өөрт ашигтайгаар өөрчлөх боломжгүй. Статистик хуурай шинжлэх ухаан биш. Харин статистикийн болон судалгааны байгууллагууд хүн хүч, санхүүгийн хувьд бэхжээгүй байна.

Статистик мэдээллийг ойлгодог улстөрч ховор. Тэдэнд илүү боловсруулагдсан мэдээлэл чухал
Мөн хэвлэл мэдээлэл, шийдвэр гаргагчдын аль аль нь статистик, судалгааны байгууллагуудтай ажиллаж дадаагүй, судалгаанд суурилж шийдвэр гаргадаг практик, соёлд хэвшээгүй байна. Ийм нөхцөлд статистикийн болон судалгааны байгууллагууд ойлгогдохгүй байх хүндхэн сорилтуудтай тулгарч байгаа нь үнэн. Үүний хамгийн наад захын жишээ нь албан ёсны статистикийн мэдээлэлд итгэхгүй хардаж сэрдэх, үгүйсгэх үйлдэл бараг сар бүрийн хэвлэлийн бага хурлын үеэр гардаг. Хөгжилтэй ч юм уу эмгэнэлтэй нэг жишээ бол дундаж цалингийн үзүүлэлтийн тухай ойлголт. Иргэд өөрсдөө сайн дураар, хөдөлмөрийн орлогоо бүртгүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энэ үйл ажиллагааг эрхэлдэг байгууллагаас албан ёсны хөдөлмөрийн орлогын бүртгэлийг статистикийн байгууллага авч ашиглаад дундаж цалинг олон улсад ашигладаг аргачлалаар тооцоод зарлаж байна. Зөвхөн “дундаж цалин” гэх мэдээ бус, харин төрийн- хувийн хэвшлийн, байгууллагын өмчийн хэлбэрийн, ажиллагчдын тооны бүлгийн, үйл ажиллагааны чиглэл, салбарын, байршлын, бүр цаашлаад хүйсийн ялгаагаар ч зарладаг. Энэ тооцоог харж уншсан хүн бүр өөртэйгөө адил цалин хөлстэй хэчнээн хүн байгааг, өөрийнх нь хөдөлмөрийн орлого бусдаас ямар ялгаатай болохыг мэдэх бүрэн боломжтой.

Харин эсрэгээрээ заавал зарласан дундаж үзүүлэлтээр цалинжих ёстой мэт аашилж байгааг улирал бүр харж байна. Иргэд бодит амьдралд нь нөлөөлөх үзүүлэлтийг шууд өөр дээрээ тусгаж аваад түүндээ итгэхгүй байх нь ажиглагддаг. Нөгөө талаар энэ нь тухайн үзүүлэлтийг тооцдог арга, аргачлал, мэдээллийн талаар мэдлэг дутмаг, мөн манай иргэдийн статистикийн гэхээсээ математикийн талаарх мэдлэгийн түвшинг харуулж байна. Тиймээс л бид хүмүүсийн мэдлэгийн түвшинг өөлж харахаас илүүтэй статистикийн арга техникүүдийг энгийнээр тайлбарлах, мэдээллийг хүмүүст энгийн ойлгомжтой, шуурхай хүргэх, сургалт, семинар зохион байгуулах тал дээр анхаарч ажилладаг.

-Хүчирхэг улс гүрнүүдийн хөгжлийн бодлогыг чиглүүлэх үндсэн бодлогын газар нь судалгааны хүрээлэнгүүд байдаг...?
-АНУ, Герман, Франц, Канад, Израйл, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын жишээнээс харахад бодлогын судалгааны байгууллагуудыг төрөөс санхүүжүүлж, олшруулж төрөлжүүлдэг. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, үр дүн нь амжилттай байгааг харж болно. Аль болох олон хүрээлэн, олон судалгааны байгууллага байх тусам олон шийдэл, шинэ санаа, хувилбар гарч ирнэ. Тэгж байж бодлого олон сонголттой, илүү бодитой, үр өгөөжтэй байх нөхцөл бүрдэх юм. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд улс орнууд бүс нутагт улс төр, эдийн засгийн хувьд байр сууриа бататгахдаа бодлогын судалгааны байгууллагуудаа ихээхэн ашиглах боллоо. Судалгааны хөрөнгө оруулалт бол хамгийн их зардал хэмнэдэг, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын нэг. Канад улсын Олон улсын хөгжлийн судалгааны төвөөс нэгэн судалгаа гаргасан байдаг. Үүнд хөгжиж буй зарим орны бодлогын судалгааны байгууллагын зарцуулсан доллар бүхэн улс орныхоо эдийн засагт 310-аас 4200 дахин их өгөөж өгсөн гэж дүгнэсэн. Өөр ямар ч үйл ажиллагаа ийм өндөр үр ашигтай байхгүй.

Гэтэл Монгол Улсад төсөв хэмнэх нэрээр судалгааны хүрээлэн, байгууллагуудыг татан буулгах, бүр цаашлаад албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг ганц байгууллагаа бүртгэлийн газартай нийлүүлэх шийдвэр гаргаж байсан шүү дээ. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байсан 60 гаруй жилийн түүхтэй Статистикийн тэнхмийг хүртэл татан буулгаад дөрвөн жил болж байна. Өнөөдөр хүн хүч цөөн, асар бага зардлаар албан ёсны статистикийн мэдээлэл цуглуулж, боловсруулдаг байдалд өөрчлөлт хийх цаг болсон. Цаашид Монгол Улсын албан ёсны статистикийн үйл ажиллагаа төдийгүй дотоодын бодлого судлалын институтийг хөгжүүлэх нь эдийн засгаа эрүүлжүүлж, сэтгэгдэлд суурилсан бодлогоос судалгаанд суурилсан бодлого руу шилжих, төр нь илүү ухаалаг байх гол түлхүүр байх болно.


САНАЛ БОЛГОХ