Хувийн мэдээллээ өөрөө л хамгаал

ЗГМ: Сэдэв


Цахим халдлагад өртсөн 28 аж ахуйн нэгжид 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр хэрэглэгчдийн Facebook хуудасны мэдээллийг хулгайлсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. The Observer сонинд Cambridge Analytica пүүсийг 50 сая цахим хэрэглэгчийн профайлыг ашиглан, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нөлөөлөх хуурамч цахим систем байгуулсан байж болзошгүй талаар бичжээ. АНУ-ын холбооны сонгуулийн хорооны баримтаас харахад, Трампын сонгуулийн багийнхан 2016 оны зургадугаар сард олон нийтийн саналыг өөрчлөхөд Cambridge Analytica-тай хамтран ажиллаж, 6.2 сая ам.доллар төлжээ. Нийгмийн сүлжээнд хувийн мэдээллээ ямар нэг цензургүйгээр байрлуулдаг, цахим сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын тухай хомс мэдээлэлтэй монголчуудын хувьд энэ нь сургамж болохуйц маш том жишээ болж байна.

Сүүлийн үед Facebook цахим сүлжээнд буй Та урьд насандаа хэн байсан бэ, Таны индиан нэр хэн бэ, Та хэзээ хуримаа хийх вэ зэрэг сонирхол төрүүлэхүйц аппликейшнд нэвтэрч буй нь хувийн мэдээллээ алдах эрсдэлд шууд оруулдаг. Эдгээр цахим хаягт нэвтрэн ороход ямар ч төлбөр төлөх шаардлагагүй. Зөвхөн өөрийн Facebook-ийн хаягаар нэвтрэхэд л хангалттай. Түүнчлэн банкны цахим хуудсанд хандахад ч хувийн мэдээллээ алдаж, санхүүгийн эрсдэлд орохыг үгүйсгэхгүй. Монголд хараахан бүртгэгдээгүй ч бусад оронд хэрэглэгчдийн мэдээллийн “хар зах” хэдийнэ нээгдсэн. Тэнд цахим сүлжээнд нэвтрэх ID, нууц үг авахад Apple ID 15.39 ам.доллар, Netflix-ийн нууц үг 8.32, Paypal-ийн мэдээлэл 247, банкны мэдээлэл 160.15 ам.долларын үнэтэй байгаа юм. Тэгэхээр нээлттэй сүлжээнд анхаарал татсан хуудас бүрт нэвтрэх, санхүүгийн гүйлгээ хийх нь халдлагад өртөх бүрэн боломжтойг харуулж байна. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулахад “Монгол Улсад одоогийн байдлаар нээлттэй сүлжээ ашигласнаар санхүүгийн мэдээллээ алдсан тохиолдол бүртгэгдээгүй” гэсэн юм. ЦЕГ-ын статистик мэдээллээр 2014-2016 онд цахим шуудангийн залилан мэхлэх гэмт хэргийн 51 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 21-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 23 иргэнд 860 сая төгрөгийн хохирол учирсан байна.

2014-2016 онд цахим шуудангийн 51 залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгджээ
Түүнчлэн 28 аж ахуйн нэгжид 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Ингээд бодохоор энэ төрлийн гэмт хэрэгт иргэд, аж ахуйн нэгж нийлээд 2.5 тэрбум төгрөгөөр хохирсон байгаа юм. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга С.Ариунболор “Иргэд цахим сүлжээнд оруулж буй мэдээлэлдээ тун болгоомжгүй хандаж байна. Интернэт банк, цахим ертөнцөд нэвтрэх нууц үгээ мартахгүйн тулд ихэвчлэн амархан тэмдэгт оруулдаг. Төрсөн он сар өдөр, утасны дугаар, овог нэр, дараалсан тоог оруулах нь элбэг. Уг нь үсэг, тоог хамтад нь агуулсан нууц үг оруулахаас гадна долоо хоног, эсвэл сард нэг удаа солих юм бол халдлагад өртөх эрсдэл багасдаг. Үйлчилгээний байгууллагын нээлттэй сүлжээгээр орсон тохиолдолд тухайн хүний мэдээлэл серверт нь хадгалагддаг. Сервер муу хамгаалалттай бол мэдээлэл алдагдах бүрэн боломжтой” гэв. Харин Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн О.Энхмөнх “Цахим орчинд баталгаатай үгүй нь мэдэгдэхгүй вэб сайт олширчээ. Хувь хүн мэдээллээ алдах тохиолдол элбэг ажиглагдаж байна. Манайд ихэвчлэн тусгай зөвшөөрөлгүй, хамгаалалтгүй windows үйлдлийн системийг ашигласнаар халдлагад өртөх нь их байдаг. Иймд интернэт ашигладаг л бол аюулгүйн программ болон хамгаалалт хэрэглэж байгаа эсэхээ байнга хянаж байх шаардлагатай” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй тул иргэд нээлттэй сүлжээ буюу финтек ашиглахдаа хувийн мэдээллээ алдахгүйн тулд богино хугацаанд өөрийн нэвтрэх нэр, нууц кодыг шинэчилж хэвших нь чухал болоод байна. Интернэтийн аюулгүй байдлыг хамгаалах Symantec, Kaspersky программ үйлдвэрлэдэг газрын тайлангаас харахад бизнес, банк санхүүгийн салбар халдлагад өртсөн тохиолдлоороо нэгдүгээрт бичигддэг. Хаана их хэмжээний мөнгө эргэлдэж байна тэнд хүний анхаарал, сонирхол төвлөрдөг. Иймд нээлттэй сүлжээ ашиглаж, гүйлгээ хийснээр санхүүгийн мэдээллээ алдах эрсдэл их байгаа тул хэн нэгэнд найдалгүй өөрсдийн аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллээ хамгаалах нь хамгийн найдвартай арга гэхэд хилсдэхгүй.


САНАЛ БОЛГОХ