Швейцартай хамтран шалгаж байгаад нь олзуурхаж байна
ЗГМ: Зочин
Шүүхээр асуудлыг шийдвэрлэж дуустал хүнийг гэм буруугүй гэж үздэг
Швейцарын ерөнхий прокуророос тус улсын хэд хэдэн банкинд байрлаж буй хэд хэдэн дансыг царцаасан. Уг данснуудын нэг нь Сангийн сайд асан С.Баярцогтынх бөгөөд, түүнийг “Оюутолгой” ордыг ашиглуулах хөрөнгө оруулалтын гэрээг Riо Tinto компанитай байгуулахдаа авлига авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Учир нь нэр бүхий данснуудыг битүүмжилсэн данснуудын нэгээс нь Сангийн сайд асан С.Баярцогтын данс руу 10 сая ам.долларын шилжүүлэг хийсэн болохыг тус улсын ерөнхий прокуророос тогтоосон хэмээн олон улсын Reuters агентлаг мэдээлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Авлигатай УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа. -Сүүлийн үед “Оюутолгой”- н Хөрөнгө оруулалтын гэрээ олон нийтийн анхаарлыг татаж байна. Үүнийг дагаад олон үйл явдал өрнөж буй. Зарим хүн гэрээнд өөрчлөлт оруулах боломж хэмээн үзэж байгаа. Үүнтэй та санал нийлж байна уу? -“Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Анх энэхүү гэрээг байгуулах үед олон асуудал учир битүүлэг явагдсан. Тухайн үед УИХ “Оюутолгой”- н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах чиглэл өгсөн 39 дүгээр тогтоолыг баталсан. Харамсалтай нь, Засгийн газар энэхүү тогтоолыг удирдамж болгоогүй. “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг шууд байгуулчихсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа хувь нийлүүлэгчдийн гэрээг зурсан. Гэхдээ өмнөх гэрээнд заасан нөхцөлүүд улам дордсон. Үүнээс хойш буюу өнөөдрийг хүртэл нэмэлт гэрээ байгуулах бүртээ монголчуудад ашиггүй болж ирсэн. Үүний тод жишээ бол Дубайн гэрээ.
Тиймээс “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг үндсээр нь эргэж харах ёстой. Өнөөдөр өрнөж буй үйл явдал гэрээнд өөрчлөлт оруулах боломж хэмээн харж байна. Аливаа үйл явдлыг мартаж болно, гэхдээ уучилж болохгүй гэдэг үг бий. Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйл явдал. -Та 2012 онд Сангийн сайдаар томилогдсон даруйдаа “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд шалгалт хийсэн. Гэвч хяналт шалгалтын үр дүн төдийлэн гарсангүй? -2012 онд байгуулагдсан Засгийн газраас Ажлын хэсэг байгуулагдаж, “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээний эхний үе шатны хэрэгжилтийн явцад баримтын шалгалт хийсэн. Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Сангийн сайдаар ажиллаж байсан миний бие Ажлын хэсэгт багтаж орсон. Шалгалтын явцад Хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн олон баримт илчлэгдсэн. Мөн харилцан ашигтай байх гэрээний зарчим алдагдсан болох нь ч нотлогдсон. Ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллаж, Монгол Улсад байхгүй байсан санхүүгийн баримтыг хилийн чанадаас авчирч шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтийг цаашид гүнзгийрүүлж шалгах шаардлага бий. Эхний ээлжинд тус компанийн гүйлгээг баримтжуулсан.
Гэтэл баримттай атал зөрчилтэй асуудал олон байгаа. Тухайлбал, үнийг нэмсэн, гэрээнд тусгагдсан зарим ажлын өртгийг өсгөсөн гээд олон зөрчил байсан юм. Өгсөн зээл тусламж бүрээ өр болгон тооцож, өгсөн өдрөөс нь хүү бодож байсан. Мөн улирал тутам хүүгийн хүү бодож байсан зэрэг олон баримтыг илүү гүнзгийрүүлж судлах шаардлага байсан юм. Гэхдээ энэхүү үйл явцыг үргэлжүүлэх сонирхол улстөрчдөд байгаагүй. -“Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан нь Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газар огцрох үндэс болсон хэмээн хэлж байна уу? -Амьдрал бол үнэний шалгуур. Ард түмэн хэн нь хэрхэн ажиллаж байсныг харж байгаа байх. Н.Алтанхуягийн тэргүүлж байсан шинэчлэлийн Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд ажил хэрэгч хандаж байсан. Тооцоо судалгаатай, гэрээний үндсэн зарчмыг баримталсан, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдсөн, харилцан ашигтай байх зарчмаа хадгалах гэсэн алхмуудыг шат дараатай хийж байв. Энэ үйлдэл бусдад таалагдаагүй байх. Дараагийн Засгийн газрын хийсэн алхмуудыг ард түмэн санаж байгаа. Өмнө хүлээн зөвшөөрдөггүй байсан бүхий л зүйлийг үг дуугүй зөвшөөрсөн. Өнгөрсөн жилүүдийнх нь хөрөнгө оруулалтын тайланг тав хоногийн хугацаанд үг дуугүй батлах үүрэг хүлээсэн шүү дээ. Гэтэл тэр хөрөнгө оруулалтын тайланд олон зөрчил байгааг олон нийтэд ил болгосон. Тухайлбал, 2012-2014 оны тайланд шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн. Санхүүгийн зөрчил бол анхан шатны баримт, хууль эрх зүйн үндсээр батлагддаг зүйл. Өөрөөр хэлбэл, баримтаар нотлогдсон зөрчил гэсэн үг. Угтаа бол зөрчлийг арилгаж, хохиролгүй болгох ёстой. Түүнээс биш үг дуугүй тав хоногийн хугацаанд шууд батлах ёсгүй. -
Өнөөгийн Засгийн газар Rio Tinto компанитай хэлэлцээрийн ширээний ард сууж, зээлийн хүүнд хөнгөлөлт авах талаар ярьж байна. Үүнээс өөр боломж бий юу? -Хөнгөлөлт авах талаар ярих ёсгүй. Орд газраа харилцан ашигтай ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээгээ шинэчлэх талаар ярих ёстой. Өөрийнхөө баялгийг гаднынханд өгчихөөд хөнгөлөлт гуйх нь хэзээ ч байх ёсгүй зүйл. Монголын баялгийг зүй зохистой үнэлж, олсон ашиг орлогоо харилцан ашигтай байдлаар хуваах нь чухал. Хэн хэнийгээ хүндэтгэж, хөрөнгө оруулалтын гэрээгээ дагаж, Монгол Улсын хуульд захирагдаж ажиллах ёстой юм. Швейцартай хамтран шалгаж байгаад нь олзуурхаж байна тэмцэх газар Швейцарын ерөнхий прокурортой хамтран С.Баярцогтод холбогдох хэргийг шалгаж буйгаа зарласан юм. Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, С.Баярцогтыг намын гишүүнчлэлээсээ хасах шийдвэрийг гаргасан. Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт лхагва гарагт мэдээлэл хийж, энэ бүх асуудалтай холбоотой тайлбар өгөв.
Тэрбээр “Швейцарын банкинд ямар нэгэн данс эзэмшдэггүй. Одоогоос 10 жилийн өмнө надад тусалсан Монголын нэртэй бизнесмэний данс Швейцарт байгаа. Одоо үүсээд байгаа хэргийг шийдвэрлэсэн хойно тэр данснаас мөнгийг нь гаргаж өгөх байх. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад ес дэх жилийн нүүр үзэж байна. Авлигатай тэмцэх газар Швейцарын ерөнхий прокурорын байгууллагатай хамтран ажиллаж, надтай холбоотой асуудлыг эцэслэн шийднэ гэдэгт итгэж байна. Бүгдийг нь шалгаж, үнэн мөнийг тогтоох ёстой. Авлигатай тэмцэх газар Швейцартай хамтран шалгаж байгаад нь олзуурхаж байна. Би өөрийгөө болон гэр бүлээ аваад явах хэмжээний оюун ухаан болон бизнесийн бүрэн чадвартай. Хувь хүнд их хэмжээний мөнгө хэрэггүй. Аз жаргалтай амьдрах нь өөрийн хүсэл зоригоос хамаарна. Гэхдээ хардах эрх хүн бүрт бий гэсэн уриан дор улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, эсвэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон томоохон төслийн нэр хүндийг унагаах, зогсоох, оролцогч талыг өөрчлөх гэсэн хүсэл сонирхол гаднын улс орон, компаниудад үргэлж байдаг” хэмээв.
Мэдээллийн төгсгөлд “Үнэхээр надад буруу байна гэж хариуцлага тооцох юм бол би нэр төртэй үүрнэ” гэдгээ тодотгов. Түүний хэвлэлийн бага хурал дээр өгсөн мэдээллээс онцлох үгийг эшлэн хүргэе
Эшлэл
“Оюутолгой”-н гэрээ үнэхээр шударга хийгдсэн гэдгийг харуулна. Гэхдээ би харуулах юм биш. Швейцарын хууль шүүхийн байгууллага болон Монгол Улсын Авлигатай тэмцэх газар тогтооно. Бизнес итгэл дээр тогтдог. Гурван парламент, дөрвөн Засгийн газар дамжаад хийж чадаагүй гэрээг би хийж чадсан. Миний хажууд нэг ч сайд, УИХ-ын гишүүн байгаагүй. Улстөрчид эрсдэлтэй зүйл хийж байж энэ улс орон хөгжинө. Түүнээс биш популист амлалт хэрэггүй. Манай улс хоёр хөршөөсөө шууд хамааралтай болохгүйн тулд гуравдагч улстай харьцах ёстой. Оюутолгой бол гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт. Гэрээг хийсэн хүмүүсийг шалгаж байгаад хөрөнгө оруулагчаа сольё гэх нь хаанаас гарах бодлого вэ. Ардчилсан намын гаргасан шийдвэр бол маш эмгэнэлтэй. Надаас ямар нэг тайлбар аваагүй. Шүүхээр асуудлыг шийдвэрлэж дуустал хүнийг гэм буруугүй гэж үздэг. Манай намын удирдлагууд дуулиан шуугианыг ашиглаж намайг намаасаа хөөлөө. Энэ байдал аажмаар явсаар дарангуйлал болдог юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй