Ч.Улаан: Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх боломжтой
Байр суурь
УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа
Сүүлийн үед “Оюутолгой”- н Хөрөнгө оруулалтын гэрээ олон нийтийн анхаарлыг татаж байна. Үүнийг дагаад олон үйл явдал өрнөж буй. Зарим хүн гэрээнд өөрчлөлт оруулах боломж хэмээн үзэж байгаа. Үүнтэй та санал нийлж байна уу?
“Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Анх энэхүү гэрээг байгуулах үед олон асуудал учир битүүлэг явагдсан. Тухайн үед УИХ “Оюутолгой”- н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах чиглэл өгсөн 39 дүгээр тогтоолыг баталсан. Харамсалтай нь, Засгийн газар энэхүү тогтоолыг удирдамж болгоогүй. “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг шууд байгуулчихсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа хувь нийлүүлэгчдийн гэрээг зурсан. Гэхдээ өмнөх гэрээнд заасан нөхцөлүүд улам дордсон. Үүнээс хойш буюу өнөөдрийг хүртэл нэмэлт гэрээ байгуулах бүртээ монголчуудад ашиггүй болж ирсэн. Үүний тод жишээ бол Дубайн гэрээ. Тиймээс “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг үндсээр нь эргэж харах ёстой. Өнөөдөр өрнөж буй үйл явдал гэрээнд өөрчлөлт оруулах боломж хэмээн харж байна. Аливаа үйл явдлыг мартаж болно, гэхдээ уучилж болохгүй гэдэг үг бий. Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйл явдал.
Та 2012 онд Сангийн сайдаар томилогдсон даруйдаа “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд шалгалт хийсэн. Гэвч хяналт шалгалтын үр дүн төдийлэн гарсангүй?
2012 онд байгуулагдсан Засгийн газраас Ажлын хэсэг байгуулагдаж, “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээний эхний үе шатны хэрэгжилтийн явцад баримтын шалгалт хийсэн. Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Сангийн сайдаар ажиллаж байсан миний бие Ажлын хэсэгт багтаж орсон. Шалгалтын явцад Хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн олон баримт илчлэгдсэн. Мөн харилцан ашигтай байх гэрээний зарчим алдагдсан болох нь ч нотлогдсон. Ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллаж, Монгол Улсад байхгүй байсан санхүүгийн баримтыг хилийн чанадаас авчирч шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтийг цаашид гүнзгийрүүлж шалгах шаардлага бий. Эхний ээлжинд тус компанийн гүйлгээг баримтжуулсан. Гэтэл баримттай атал зөрчилтэй асуудал олон байгаа. Тухайлбал, үнийг нэмсэн, гэрээнд тусгагдсан зарим ажлын өртгийг өсгөсөн гээд олон зөрчил байсан юм. Өгсөн зээл тусламж бүрээ өр болгон тооцож, өгсөн өдрөөс нь хүү бодож байсан. Мөн улирал тутам хүүгийн хүү бодож байсан зэрэг олон баримтыг илүү гүнзгийрүүлж судлах шаардлага байсан юм. Гэхдээ энэхүү үйл явцыг үргэлжүүлэх сонирхол улстөрчдөд байгаагүй. -
“Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан нь Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газар огцрох үндэс болсон хэмээн хэлж байна уу? -
Амьдрал бол үнэний шалгуур. Ард түмэн хэн нь хэрхэн ажиллаж байсныг харж байгаа байх. Н.Алтанхуягийн тэргүүлж байсан шинэчлэлийн Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд ажил хэрэгч хандаж байсан. Тооцоо судалгаатай, гэрээний үндсэн зарчмыг баримталсан, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдсөн, харилцан ашигтай байх зарчмаа хадгалах гэсэн алхмуудыг шат дараатай хийж байв. Энэ үйлдэл бусдад таалагдаагүй байх. Дараагийн Засгийн газрын хийсэн алхмуудыг ард түмэн санаж байгаа. Өмнө хүлээн зөвшөөрдөггүй байсан бүхий л зүйлийг үг дуугүй зөвшөөрсөн. Өнгөрсөн жилүүдийнх нь хөрөнгө оруулалтын тайланг тав хоногийн хугацаанд үг дуугүй батлах үүрэг хүлээсэн шүү дээ. Гэтэл тэр хөрөнгө оруулалтын тайланд олон зөрчил байгааг олон нийтэд ил болгосон. Тухайлбал, 2012-2014 оны тайланд шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн. Санхүүгийн зөрчил бол анхан шатны баримт, хууль эрх зүйн үндсээр батлагддаг зүйл. Өөрөөр хэлбэл, баримтаар нотлогдсон зөрчил гэсэн үг. Угтаа бол зөрчлийг арилгаж, хохиролгүй болгох ёстой. Түүнээс биш үг дуугүй тав хоногийн хугацаанд шууд батлах ёсгүй. -Өнөөгийн Засгийн газар Rio Tinto компанитай хэлэлцээрийн ширээний ард сууж, зээлийн хүүнд хөнгөлөлт авах талаар ярьж байна. Үүнээс өөр боломж бий юу? -Хөнгөлөлт авах талаар ярих ёсгүй. Орд газраа харилцан ашигтай ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээгээ шинэчлэх талаар ярих ёстой. Өөрийнхөө баялгийг гаднынханд өгчихөөд хөнгөлөлт гуйх нь хэзээ ч байх ёсгүй зүйл. Монголын баялгийг зүй зохистой үнэлж, олсон ашиг орлогоо харилцан ашигтай байдлаар хуваах нь чухал. Хэн хэнийгээ хүндэтгэж, хөрөнгө оруулалтын гэрээгээ дагаж, Монгол Улсын хуульд захирагдаж ажиллах ёстой юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй