“Монголд ирснээ азтай тохиолдол гэж боддог”

ЗГМ: Зочин


4G технологи хөгжсөн байхад цаг барихгүй байна гэдэг анхаарах ёстой зүйл

Эх орноо орхин, хань ижлээ дагаж Монголд ирсэн Элчин сайд нарын гэр бүлтэй хийсэн цуврал ярилцлагыг манай сонин хүргэж буй. Энэ удаа БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнгийн гэр бүл ноён Лэ Монг Чиенгийг Зочин буландаа урилаа. Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр “Монголд ирээд удаагүй, энд байх цаг хугацаа минь бага ч би нүүдэлчин ахуйтай танилцаж, монголчуудтай хамтарч ажиллаж үзсэний хувьд өөрийгөө та бүхний нэг гэж үздэг” хэмээн яриандаа онцолсон юм. 

Та Хөвсгөл нууранд болсон “Хөх сувд” фестивальд оролцоод ирсэн гэж сонслоо. Зорьж очив уу?

Тэгсэн. Бас Хөвсгөл аймагтай Вьетнамын Элчин сайдын яам хамтран ажиллахаар болсон. Энэ тухай ярилцахаар Засаг даргатай нь уулзаад ирсэн. Замдаа нэлээн алжаалаа.

Хөвсгөл аймагтай ямар чиглэлд хамтарч ажиллах гэж байгаа юм бэ?

Хөвсгөл нуурыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Вьетнамын гар урлалыг заалгах, гар урлалын үйлдвэртэй болох, Вьетнамд мах экспортлох гээд олон чиглэлд хамтран ажиллахаар болсон. Бас манай улсын жижиг, дунд бизнес эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явуулдаг бодлогын талаар туршлага судалж, санал солилцлоо.

Монголд ирээд удаж байна уу?

Хагас жил болж байна. Өвөл хүйтэн, эрс тэс ч гэсэн монголчууд огт ажрахгүй, өдөр тутмын ажлаа хийгээд явдаг юм байна. Тийм болохоор би ч гэсэн үүнтэй зохицож ажиллаж, амьдарч байна. Удахгүй нутаг буцна.

Та Монголтой анх яаж танилцсан бэ. Өмнө нь ирж байсан уу?

Ирж байгаагүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээс Монголын тухай олон дуулсан. Монгол гэхээр миний санаанд хамгийн түрүүнд ногоон тал нутаг л буудаг байсан. Энэ төсөөлөл маань үнэн юм байна гэдгийг сая хөдөөгүүр яваад ойлголоо. Сайхан газар нутагтай, амгалан тайван, байгалийн өвөрмөц тогтоцтой учраас энд ирснээ би маш азтай тохиолдол гэж боддог.

Өөр олон аймгаар явсан уу?

Хэнтий аймагт очиж Чингис хааны төрсөн нутгийг үзлээ. Мөн Дорноговийн Хамрын хийд, Хөвсгөл нуур, Мөрөн хотод очиж жижиг үйлдвэрүүдтэй танилцсан. Буцах замдаа мөн Орхон аймгийн засаг даргатай уулзаж, Эрдэнэт хивсний үйлдвэрт зочилсон. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Монгол найз нарындаа очиж айраг ууж, боодог, бууз, загас идлээ. Элчин сайдын яамныхан бүгд Монгол үндэсний хувцастай золгож, хөөрөг зөрүүлэх, хадагтай золгох гээд олон заншил анхаарал татсан.

Та сэтгүүлч хүн. Элчин сайд хүний гэр бүл байна гэдэг сэтгүүлчийн хувьд их том боломж байх?

Тийм ээ. Сэтгүүлчийн хувьд олон газар явж, олон хүнийг сонсоно гэдэг маш том давуу тал. Эхнэр маань Монголд ирэхээс өмнө Австри дахь Вьетнамын Элчин сайдын яаманд ажиллаж байсан юм. Би харин Австрийн тухай мэдээ, мэдээллийг Вьетнам уншигчдадаа тогтмол хүргэдэг. Сэтгүүлч хүн тухайн орны мэдээ мэдээллийг тогтмол хүргэнэ гэдэг хоёр орны харилцаанд өгөөжтэй. Нэг талаар сэтгүүлчийн үүрэг юм даа. Одоо энд Монгол, Вьетнамын нийгэмлэгийн төлөөлөгчдөөс Монголын соёл, уламжлалын тухай дуулсан, мэдсэнээ дэлгэрүүлээд Вьетнамын “Шинэ мэдээ” (Bao Moi) цахим хуудаст нийтэлдэг.

Сая цагаан сарын ёс заншлын тухай нийтлэлийг маань онцлох мэдээлэл болгон, хүндэтгэлтэй гэгч нийтэлсэн. Таны сэтгүүлчийн ажлын замнал урт байх?

Нутагтаа байхдаа сонин, сэтгүүл, цахим мэдээллийн хэрэгслүүдэд редактораар ажилладаг байсан. Харин Монголд ирээд телевизүүдтэй илүү ойр ажиллаж байна. Вьетнамд сэтгүүлчийн дагаж мөрдөх хууль гэж бий. Тиймээс олон нийтийн эрх ашгийг хамгаалж, улс орны эрх ашгийг хөндөхгүйгээр хуулийн хүрээнд л ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Вьетнамын сэтгүүлчид төр засгийн зүгээс маш өндөр үнэлгээ авсан. Коммунист нам ч гэсэн хууль бус зүйл гаргахгүй байхад сэтгүүлчдийн үүрэг хариуцлага өндөр байх хэрэгтэйг анхааруулдаг.

Монголын талаарх ямар мэдээлэл вьетнамчуудын сонирхлыг татдаг юм бэ?

Хэнтий аймагт болсон “Талын түмэн адуу” фестиваль, цагаан сарын зоог гүнцэг, ёс заншлын тухай мэдээлэл вьетнамчуудын сонирхлыг их татсан. Харин миний хувьд нүүдэлчдийн амьдрал маш сонирхолтой байна. Тэр дундаа цаатнуудын амьдрал бүр ч анхаарал татаж байгаа. Мөн Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль дээр Хо Ши Миний хөшөөг барихад монголчуудтай хамтарч ажилласан. Ер нь монголчуудын тухай мэддэг болсон.

Хамтарч ажиллах хугацаанд юу нь онцгой санагдав?

Монголчууд маш зочломтгой, найрсаг, нээлттэй. Мөн аливааг уриалж, хийж чаддаг юм байна гэж санагдсан. Гэхдээ зориуд хэлэх нэг зүйл байна!  Юу юм бэ? -Та битгий хүндээр тусгаж аваарай! -Хаанаас даа...таныг нээлттэй байгаад би баяртай байна. -Миний өөрийн л үнэлэмж шүү. Монголчууд ерөөсөө цаг баримталдаггүй. 4G технологи ашигладаг болсон ийм үед амьдарч буй атлаа цаг баримтлахгүй байна гэдэг үнэхээр анхаарах ёстой зүйл. 14 дүгээр сургууль дээр Хо Ши Миний хөшөөг хоёр сарын турш барихад монголчууд дандаа хоцорч ирдэг байсан. Үүнээс гадна олон тохиолдол бий. Тиймээс би монголчуудыг цаг барихдаа муу юм байна гэж ойлгосон.

Та намайг бас өнөөдөр цагаа барихгүй гэж бодсон уу?

Яалаа гэж. Тэгж бодоогүй ээ. Гэхдээ монгол хүмүүс элгэмсэг, найрсаг байдаг нь эргээд надад ажиллах урам зориг өгдөг учраас би танай ард түмэнд талархах ёстой. Би Европын орнуудаар олон явсан. Тэдэнтэй их харьцаж байсан. Европчууд ч гэсэн нээлттэй, элгэмсэг. Гэхдээ монголчуудтай би илүү чин сэтгэлийн харилцаатай болсон гэж боддог. 

Таны анзаарснаар вьетнам, монгол хүмүүст нийтлэг зүйл юу байна вэ?

Хэн хэн нь зочломтгой, элгэмсэг. Уламжлалт ёс заншлын хувьд ч гэсэн адил зүйл бий. Тухайлбал, цагаан сар гэхэд хоол унд, тэмдэглэх хэлбэр, харагдах байдлаараа ялгаатай боловч утга учир нь адилхан. Монгол хүний баримталдаг ёс заншил ч вьетнамчуудтай төстэй.

Сэтгүүлчийн хувиар танд монгол хүнээс гадна улс орны талаар төрсөн сэтгэгдэл бий байх?

Би Монголын талаар өөрт төрсөн сэтгэгдлээ хэлмээр байна. Монгол орон их сайхан. Улаанбаатарт дэд бүтэц, бүтээн байгуулалт сайн хийвэл Австрийн Вена шиг сайхан хот болох боломжтой гэж би боддог. Хөвсгөл нуур, нүүдэлчин ахуй, бэлчээрийн аж ахуйгаа сайхан хөгжүүлбэл гадаадаас маш олон жуулчин татах боломжтой. Үүнээс гадна агаарын болон орчны бохирдол маш их байна. Амьсгалахад хүртэл хэцүү байна шүү дээ. Тийм ээ. Наад чинь маш халуун сэдэв…? Бас эдийн засгийн өсөлттэй, өндөр хөгжилтэй орон болохын тулд хүн амаа өсгөх бодлого баримтлах хэрэгтэй. Олон сая хүн амтай болоход Монгол орны хөгжил огт өөр түвшинд хүрнэ. Хүн ам олонтой байх нь эдийн засгаас гадна аюулгүй байдлын хувьд ч ач холбогдолтой. Бэлчээрийн аж ахуйтай тул малын гаралтай бүтээгдэхүүн чинь органик байна. Тиймээс үхэр, хонины мах чинь бусад оронд эрэлт өндөртэй. Гэтэл эрэлттэй харьцуулахад Монголын махны экспорт бага байгаа нь шийдвэр гаргах түвшинд анхаарал татах асуудал юм. Тиймээс экспортын бодлогоо дэмжих менежмент, зохион байгуулалт хэрэгтэй гэж хардаг. Экспортыг дэмжих бодлоготой холбогдуулаад өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр хоёр улсын Засгийн газар хоорондын 16 дугаар уулзалт зохион байгуулсан. Үүний үр дүнд Монголын талаас мах, махан бүтээгдэхүүн, Вьетнамаас цай, кофе, цагаан будаа гэх мэт хүнс харилцан экспортлохоор тохирсон. Хамгийн гол нь хоёр тал нөхцөлүүдээ харилцан нэг бүрчлэн тохирч, түүнийг нь шат шатандаа хатуу чанд мөрдөж чадвал уг гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Мал аж ахуйн салбарт эрх зүйн олон шинэчлэл эхэлж байгаа. Махаа экспортлоход Монголд бэлтгэл ажил их байгаа нь одоогийн нөхцөл байдлаас харагддаг. Цаг хугацаа орох байх?

Тийм ээ. Энэ бүхэн хэдийгээр манай ЭСЯ болон Монголын төр засгийн удирдлагын хийх ёстой ажил боловч сэтгүүлчид та бид энэ тулгамдсан асуудлыг нь хөндөж гаргаж ирвэл ажил бүр л урагштай явна. Энэ нь мэдээж хоёр орны хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй шүү дээ. Хоёр орны экспортыг дэмжихэд тээвэр, ложистикийн боломж тулгамдаж байна. Монгол Улс далайд болон Вьетнам руу шууд гарцгүй, агаарын зам байхгүй. Тиймээс энэ бүхнийг шийдэх шаардлага тулгарч байна. Ядаж төмөр замтай болчихвол хоёр орны экспорт, нийгэм эдийн засгийн байдалд эерэг нөлөөтэй юм. Гэхдээ энэ бүхэн миний өөрийн бодол шүү.

Вьетнам улс эрчимтэй хөгжиж байна. Хатуужилтай мундаг ард түмэн гэдгийг нь илтгэх нэг жишээ бол АНУ, Вьетнамын дайн. Одоо шинэ үеийн вьетнам залуучуудын тэмүүлэл юу бол?

Ихэнх хүн Вьетнамын дайнаар манай орныг төсөөлдөг. Орхон аймгийн засаг даргатай уулзаж байхад Вьетнамд очсоны дараа танай орны тухай миний бодол орвонгоороо өөрчлөгдсөн гэж байсан. Дайн дуусахад Вьетнам маш хүнд байдалд орсон байсан. 1986 оноос Вьетнамд шинэчлэлийн бодлого хэрэгжиж, эдийн засгийн өсөлттэй үе эхэлсэн. Одоо бол манай залуучууд маш тэмүүлэлтэй, зорилготой болсон. Боловсролын түвшин ч гэсэн өндөр. Бас шаргуу, өөрийнхөө төдийгүй улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө гэсэн тэмүүлэлтэй. Вьетнамд Хо Ши Миний нэрэмжит залуучуудын байгууллага гэж бий. Бүхий л шатанд салбартай бөгөөд түүгээрээ дамжуулж залуучуудыг сайн сайхан ирээдүйд хүрэхэд нь дэмждэг. Жилийн өмнө залуучуудад зориулсан старт-ап үндэсний хөтөлбөр эхлүүлсэн.

Ярилцсанд баярлалаа.



САНАЛ БОЛГОХ