Нефть хямдрах үед шатдаг занар сэргэнэ
Эрчим хүч
Монголд нэг л компани шатдаг занарын эрэл хийж буй
Газрын тосыг орлох ирээдүйтэй түүхий эдээр шатдаг занарыг нэрлэж байсан цаг саяхан. 2013 оноос МАК, “Нарантуул”, Genie Oil Shale Mongolia зэрэг компаниуд занарын судалгааг идэвхтэй хийж байсан. Эдийн засагчид энэхүү эрчим хүчний түүхий эдийг гаднаас хөрөнгө оруулагчдыг татах том боломж хэмээн харж байв. Гэвч сүүлийн жилүүдэд шатдаг занарын салбарт ямар ч ахиц гарсангүй. 2017 онд Genie Mongolia, “Баян- Өндөр Хайрхан” компаниуд эрлийн гэрээгээ цуцалж, ганцхан Genie oil shale Mongolia компани үлдээд байна. Дэлхийд ойролцоогоор 760 тэрбум шоо метр буюу 4.8 их наяд баррель тос бүхий шатдаг занарын нөөц бий гэж үздэг. Энэ арвин нөөцийг АНУ, Австрали, Швед, Эстони, Иордан, Франц, Герман, Бразил, Хятад, Орос, Монгол гэсэн арав гаруй орон л эзэмшдэг. Манай улсын шатдаг занарын нөөц 1.8 сая тонн гэсэн тооцоог Ашигт малтмал, газрын тосны газраас гаргажээ. Одоогоор 60 орчим орд илэрсэн мэдээлэл байна. Шатдаг занарын салбарт ганцаараа эрэл хийж буй АНУ- ын хөрөнгө оруулалттай Genie oil shale Mongolia компани Төв аймаг дахь занарын ордыг түшиглэн түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр судалж байгаа юм. Тус компани Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийг дамнан 34 мянган хавтгай дөрвөлжин километр талбайд эрэл хийж буй. Genie oil shale Mongolia өдөрт 6700 тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг дөрвөн тэрбум ам.доллараар байгуулах боломжтой гэсэн тооцоо, судалгаа гаргажээ. Хэрэв ийм үйлдвэр ашиглалтад орвол жилд улсын төсөвт 850 сая ам.доллар оруулж, 5000 ажлын байр шинээр бий болгох боломжтой аж.
• Шатдаг занарын нөөцийг АНУ, Австрали, Швед, Эстон, Хятад, Орос, Монгол гэсэн арав гаруй орон л эзэмшдэг.
• Genie Oil Shale Mongolia компани түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр судалж байгаа ч төсөв нь жил ирэх тусам багасаж байна.
• АНУ газрын тосыг занарын хийгээр орлуулах зорилго тавьсан.
Гэвч тус компанийн эрэлд зарцуулж буй төсөв жил ирэх тусам буурч байна. Ийнхүү хэдхэн жилийн өмнө уул уурхайн салбарын ирээдүй гэгдэж байсан шатдаг занарын салбар уналтад орсон нь газрын тосны үнэтэй холбоотой. Газрын тосны үнэ өндөр байхад орлох түүхий эдийн хувьд шатдаг занарын үнэ мөн өндөр байдаг. Харин буухад нь дагаад унадаг. Дээр нь шатдаг занарыг олборлоход өндөр өртөгтэй учраас газрын тосны үнэ бага байхад олборлогчдод ашиг өгдөггүй. 2010-2014 оны хооронд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 110-120 ам.доллар байв. Харин 2014 оны дунд үеэс огцом унаж, өнөөдрийн байдлаар 70 орчим ам.долларын үнэтэй байгаа юм.
Занарын салбар идэвхжихгүй байгаагийн гол шалтгаан нь энэ. Гэхдээ АНУ газрын тосыг занараар орлуулах зорилт тавьж, идэвхтэй олборлож байхад манайд яагаад сэргэхгүй байна вэ гэсэн асуулт гарч болох юм. Монголд одоогоор занарыг газрын гүнд нь боловсруулж, тос гаргаж авах технологи туршиж байгаа. АНУ-ын хувьд 200 метрийн гүнд тэсэлгээ хийж, хийг нь цооногоор соруулж авдаг бөгөөд үүнийг занарын хий гэж нэрлэж буй. Харин манай улсад занарын хий гаргаж авах туршилт, судалгаа хийж байсан түүхгүй. Энэ нь занарын хийг гаргаж авах техник, технологи нь өндөр өртөгтэй байдагтай холбоотой. АНУ-ын уул уурхайн салбарын хамгийн гол сэдэв болж буй занарын хийг дотооддоо нэвтрүүлье гэвэл боломж бий. Гэхдээ багагүй мөнгө хөрөнгө, цаг хугацаа шаардлагатайг мэргэжилтнүүд онцоллоо. Газрын тосны үнэ өссөн тохиолдолд занарын салбар сэргэж, идэвхждэг зүй тогтол бий. Гэвч ОУВС-гаас 2018, 2019 онд уг түүхий эдийн үнэ өсөх төлөвгүй, харин бага зэрэг буурах таамаг гаргажээ. Тиймээс ирэх жилүүдэд манай улсын занарын салбар нам гүм байх нь. Гэхдээ уламжлалт бус газрын тос гэж нэрлэдэг шатдаг занарын үнэ цэн уруудсан энэ үеийг бэлтгэл цаг хугацаа болгон ашиглах боломжтой. Хэрэв газрын тосны үнэ өсөх үед занарын нөөцөө яв цав тогтоож, олборлоход бэлэн болгож чадвал багагүй ашиг олох ирээдүй бас бий. Монголын шатдаг занар бага гарцтай ч чанар нь өндөр учраас бусад орны ийм төрлийн түүхий эдтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сайтай. Шингэн түлш боловсруулах үйлдвэр барьснаар манай улс газрын тосны хараат бус байдлаас ангижрах бас нэг гарц болох юм. Тиймээс хөрөнгө оруулагчдад санал болгодог нүүрс, зэс, алт зэрэг түүхий эдийн жагсаалтад шатдаг занарыг нэмэх боломжтойг салбарынхан хэлж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй