Хятадын төр стратегийн салбаруудад барьцаа ахиулж байна
Нийтлэлчийн булан
Орос компаниудын 6.5 тэрбум ам.долларын хувьцаа БНХАУ-ын мэдэлд шилжив
БНХАУ эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд хоёрдугаарт орж, АНУ- ын араас мөшгиж яваа. Хятадын өсөлт олон улсад өмнө нь ноёлж байсан геополитикийн тэнцвэрийг өөрчилж орхилоо. Хэрэглэгчид нь хөлжиж байгаа Хятадын зах зээлд олон орон бараа, үйлчилгээгээ гаргах бүхий л арга замыг хайж, зусардах болов. Урд хөршийн олон компани үндэстэн дамнасан корпораци болон өргөжиж, эзэд нь шинэ үеийн тэрбумтнуудын эгнээг зузаатгасаар. Урд хөрш эдийн засаг, бизнесийн салбарт хүчирхэгжихийн хэрээр зарим улс орны стратегийн гол салбаруудад хувь эзэмшиж буйг улстөрчид, шинжээчид үндэсний аюулгүй байдалд халдсан явдал хэмээн анхааруулах болсон.
Тасралтгүй тэлж буй Хятадын эдийн засгийн ноёрхол ч бүгдийн өмнө ил болж, өмнө нь таамаг төдий ярьдаг байсан бол өнөөдөр баталж, нотлох тоймгүй олон баримт хөврөх боллоо. Хятадуудыг үзэн яддаг үндсэрхэг үзэлтнүүдийн өмчилдөг эл сэдэв АНУ-д Засгийн газрын түвшинд яригдсаар удлаа. АНУ-ын уул уурхай, дэд бүтэц, худалдаа бүр боловсролын салбарт ч хятад хөрөнгө оруулагчид олноороо эзэн суусан нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэж үзэн зарим салбарт хязгаарлах бодлого баримталж эхлээд байгаа юм. АНУ-ын Гадаад хөрөнгө оруулалтын хорооноос гаргасан тайланд БНХАУ-ын төрийн өмчит компаниуд тус улсын эдийн засгийн гол салбаруудын тэргүүлэгч компаниудын хувьцааг олноор нь худалдаж авах болсон нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж дурджээ.
Харин Конгрессын гишүүд олон бодит жишээ татаж, хятадуудад хүссэнийг нь өгч болохгүй гэцгээх болсон. “Хятадын төрийн өмчит олон компани АНУ-ын дэд бүтцийн салбарт эрх мэдлээ ахиулж, батлан хамгаалахын хангамжийн сүлжээг тасалдуулж байна” гэж Конгрессын гишүүн Роберт Питтенгер Bloomberg-т ярьсан нь саяхан. АНУ-ын хуулиар зөвхөн Ерөнхийлөгч л гаднын хөрөнгө оруулагчид хориг тавих эрхтэй байдаг. Үүнийхээ хүрээнд Д.Трамп БНХАУ-ын зарим хэлэлцээрт хориг тавьж эхлээд байгаа. Түүнчлэн “Made in China” гэсэн шошготой 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд оюуны өмчийн эрх зөрчсөн гэж 50 тэрбум ам.долларын торгууль ногдуулахаар төлөвлөж буй. Энэ нь АНУ дотоодын бизнес, ажлын байраа хятадуудаас хамгаалах бодлого явуулж буйн жишээ.
Standard bank-ны 60 хувийг Хятадын тал эзэмшдэг
Ийнхүү америкчууд БНХАУ- ын эдийн засгийн түрэмгийллээс бизнес, стратегийн салбаруудаа хамгаалж эхэлсэн бол ОХУ-д эсрэгээрээ. Энэ долоо хоногт БНХАУ-ын төрийн өмчит компани CITIC групп эрчим хүчний CEFC группийн хувьцааг худалдаж авахаар хэлэлцэж эхэлсэн. СEFC нь Хятад улсын эхний аравт бичигддэг хувийн өмчийн компани ч ОХУ-ын “Роснефть”-ийн хувьцааны 14 хувийг худалдан авахаар хэлэлцэж буй юм. Тэгэхээр уг хэлэлцээр бүтвэл Хятадын төр “Роснефьт”-ийн “дам” эзэмшигч болох магадлалтай. Үүнийг хувийн компаниараа өгөөш хаяж, дараа нь төр нь өөрөө үмхэх гэж буй явдал гэж дүгнэхэд буруудахгүй. Энэ нь цаашлаад “Роснефть”-ийн шатахуунаас шууд хамааралтай манай улсын эдийн засагт ч нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Хятадын төр ОХУ-ын стратегийн салбаруудад гар дүрж буй ганц жишээ энэ биш. ОХУ газрын тос, байгалийн хий, алт, алмаас, цагаан алт, паллади зэрэг эдийн засгийн өгөөжтэй эрдсээр баялаг. 2014 онд ОХУ-д Крымлын асуудлаас болж барууны орнууд хориг тавьсан учраас Ази, ялангуяа БНХАУ-аас хөрөнгө оруулалт эрэх болсон. Хятадын төрийн өмчит компаниуд 2015 онд тус улсын том компаниудаас 6.5 тэрбум ам.долларын хувьцаа авсан бол 2017 онд энэ нь 9.1 тэрбум болж нэмэгдсэн. Эдгээр хэлэлцээрийн ихэнх нь газрын тос, байгалийн хийн салбарт явагдсан юм.
БНХАУ-ын төр ийнхүү ОХУ-ын дэд бүтэц, уул уурхайн салбарт тун эрчимтэйгээр гар дүрэх болсон нь “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хийж буй ажил хэмээн хаацайлж буй. Харин ОХУ-ын эрх баригчид эдийн засгаа сэргээхийн тулд гаднын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлагатай хэмээн тайлбарлаж байгаа юм. Хятадын төрийн өмчит компаниудын ОХУ-ын бизнесийн салбар дахь оролцоо тэлж байгаа нь цаанаа ямар нэг далд санаа агуулаагүй байлаа ч ОХУ-ын эдийн засгийн аюулгүй байдал, салбарын манлайлалд хохирол учруулахуйц хэмжээнд хүрснийг шинжээчид сануулж байгаа юм. Манай улсад ч ийм эрсдэл бий. Улсын төсвийн ихэнх ачааг үүрдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн Standard bank-нд өрөнд тавьсан асуудал шүүхийн шатанд яваа. 2014 онд тус банкны 60 хувийг Хятадын төрийн өмчийн үйлдвэрлэл, худалдааны банк 690 сая ам.доллараар худалдаж авсан. “Роснефть”-ийн түүхтэй ижилхэн сонсогдож байгаа биз. Ихэнх оронд, ялангуяа манайд бизнес, эдийн засгийн салбараа хятадуудад атгуулахгүй гэсэн үндэсний дархлаа байдаг.
Гэвч бага багаар барьцаа ахиулдаг, хоёр төө ухарч, нэг сөөм урагшилдаг эртний аргыг бид мэднэ. Харин өнөө үед ахиу ашиг олохын төлөө үндэсний дархлаа, аюулгүй байдлыг үл тоогчид олширсон нь урд хөршийн эдийн засгийн ил, далд түрэмгийллээс эмээх болгоомжлол төрүүлж байна. АНУ, ОХУ-ын жишээнээс харахад эрх баригчдын сонирхол ямар байхаас улсын эдийн засгийн аюулгүй байдал хамаардаг гэдгийг мартаж үл болно.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй