Монголын түйрэнтэй Ази даяараа тэмцэж байна

ЗГМ: Сэдэв


Шар шороон шуургыг дарахад бүс нутгийн орнууд идэвхтэй тэмцэж байна

Жил бүрийн өдийд байгалийн гамшиг болон зах зээлд эргэлддэг мөнгөний урсгалын хооронд сонин зүй тогтол ажиглагддаг. Хятадын ихэнх нутгаар дайрч, аж үйлдвэрийн бохирдлуудыг хамсаар далайн чанад дахь орнуудыг бүрхдэг говийн угалз салхинаас Азийн орнуудын зарим төрлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт эрс сэргэдэг аж. Тухайлбал, өнгөрсөн онд Өмнөд Солонгосын агаар цэвэршүүлэгчийн зах зээлийн багтаамж нэг их наяд вон буюу 933 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 30 хувь өссөн үзүүлэлт юм. Цаашид энэ зах зээл жилд бараг 50 орчим хувиар тэлнэ хэмээн Korea Times сонин мэдээлжээ. Мөн тус улсын айлууд угаасан хувцсаа гадаа хатаахаас зайлсхийх болсноор хувцас хатаагчийн үйлдвэрлэл нэмэгдсэн. Жижиглэн худалдааны Lotte Hi-mart дэлгүүрийн хувцас хатаагчийн борлуулалт л гэхэд 2017 онд 1100 хувиар өсчээ. Үүнээс гадна амны хаалт 213, нүдний дусаагуур 380, вакумдсан агаар 383 хувиар өссөн гээд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалдаг иргэдийн идэвхийг эдийн засгийн утгаар илэрхийлэх өгөгдөл олон байна.

Харамсалтай нь, Солонгосын хойг, Японы аралд очиж хуримтлагддаг шар шороон шуурга нийт эдийн засагт их хэмжээний хохирол учруулдаг. Өмнө нь зөвхөн эдийн засгийн хөгжлийнх нь тулгуур болсон электроникийн үйлдвэрлэлд нь аюул учруулдаг тухай “сонирхуулж” байсан бол одоо бүхэл бүтэн улс, нийт хүн амын эрүүл мэндийн хэмжээнд яригддаг халуун сэдэв болов. Азийн бүс нутаг дахь бохирдлын эх үүсвэрийг бүртгэх үүрэг бүхий байгууллагын мэдээгээр шар шуурганд туугдан ирдэг PM 2.5 тоосонцрын улмаас зөвхөн 2005 онд 520 мянган хүн Зүүн Азид цаг бусаар нас барж байжээ.

Гэхдээ бохирдлыг бууруулахад улс орнууд хэр зэрэг идэвхтэй ажиллахаас хамаарч энэ тоо 2020 он гэхэд 450 мянгаас нэг сая хүртэл хэлбэлзэх төлөвтэй байна. Агаарын чанар муудахад нэг хүнд учрах нийгэм, эдийн засгийн хохирол жилд дунджаар 500 ам.доллар байдгийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) тогтоожээ. Шар шороон шуурга нь Японд зүрх, уушгины үйл ажиллагаа алдагдсанаас, Өмнөд Солонгост зүрх судасны өвчлөлөөс үүдсэн нас баралтын гол шалтгаан болж байна. Хятадад ч мөн 1.6 сая хүний цаг бус үхлийн шалтгаан болж буй агаарын бохирдлын эдийн засгийн хор хохирол тус улсын ДНБ- ий 3.8 хувьтай тэнцдэг байна. Говийн шороон шуурганд энэ чигээрээ дарлуулаад байвал жилд 8.9 тэрбум ам.долларын хохирол амсаж, 2060 он гэхэд нийт хүн амынх нь 11-18 хувь нь цаг бусаар нас нөгчих шалтгаан болно гэсэн сүүлийн үеийн судалгаа Өмнөд Солонгост байдаг аж. Өмнөд Солонгосын ард иргэд, хэвлэл мэдээлэл агаарын бохирдлын бараг 80 хувь нь Азийн шар шороон шуурганаас үүдэлтэй гэж үздэг бөгөөд уг асуудлаа шийдэхийн тулд энгийн иргэдээс эхлээд төр засаг хүртэл санаачилгатай ажиллаж чаддаг. Ялангуяа, шар шороон шуургад агуулагдах эрүүл мэндэд хор хөнөөлтэй хүнд металл, хорт бодисын дийлэнх нь Хятадаас гаралтай гэж үздэг. Тиймээс ч үүнд Хятад улсад илүү их хариуцлага ногдуулах нь бий. Аг а арын бохирд лыг буруулахыг төр засгийн удирдлагаас шахаж шаардах ажилд солонгосчууд улс төрийн эсэргүүцлийн цуглаантай адил идэвхтэй оролцдог.

• Агаарын чанар муудахад нэг хүнд учрах хохирол жилд 500 ам.доллар байдгийг OECD тогтоожээ.

• Говийн түйрэнгийн хор уршгийг буруулахыг төр засгийн удирдлагаас шахаж шаардах ажилд солонгосчууд улс төрийн эсэргүүцлийн цуглаантай адил идэвхтэй оролцдог.

• Хятад элсэн шуургыг намжаахын тулд 13 сая га талбайд ойжуулалт хийжээ.

Өнгөрсөн хавар экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулж, хариуцлага тооцож чадсан сүрт жагсаалын дараахан Өмнөд Солонгосын ээж нар Сөүл хотын төв талбайд дахин цуглажээ. Агаарын бохирдолд үр хүүхдийнхээ амь насыг золиослохыг хүсээгүй 500 ээжийн эхлүүлсэн жагсаал өргөжсөөр 44 мянган ээжийг хамарсан байна. Төв Азийн нарийн ширхэгт шар шороон шуурга нь сэтгэцийн болон амьсгалын замын өвчтэй хүмүүсийн амьдрах нөхцөлийг улам муутгаж байгаа тул хүн бүрд 2600 ам.долларын нөхөн олговор өгөх, Бээжинг агаарын бохирдлоо бууруулахад дорвитой арга хэмжээ авах зэрэг шаардлагыг Сөүл, Бээжин дэх хоёр орны удирдлагад хүргүүлсэн тухай өнгөрсөн жил хэвлэлүүд мэдээлж байв. Өөрсдийнхөө төлөө нэгдэн тэмцдэг ард иргэдийн дуу хоолой эрх баригчдад хүрч чаддагийн сонгодог жишээ бол энэ. Өмнөд Солонгосын удирдлага улс дамнан ирдэг агаарын бохирдлоос салахын тулд Хятадад шаардлага хүргүүлж, Монголын Засгийн газартай хамтран говьд “Ногоон хэрэм” хэмээх төсөл хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байна.

2022 он хүртэл хэрэгжихээр болсон уг төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд говийн бүсэд 3000 орчим га талбайг ойжуулжээ. Шат шатны үнэлгээгээр Монгол орны хэмжээнд үлгэр жишээ хэрэгжиж байгаа, говь хээрийн бүсэд хийх ойжуулалтын ажлын загвар болохуйц төсөл гэгдэж буй. Хятадын хувьд элсэн шуургыг намжаахын тулд 13 сая га талбайд ойжуулалт хийгээд байгаа юм. Мөн тус улсын Сангийн яамны мэдээгээр 2017 онд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих төсвөө 250 хувиар нэмэгдүүлж 5.8 сая ам.доллар болгосон байна. Үүний зэрэгцээ хил дамнасан бохирдлыг шийдвэрлэхийн тулд байгаль орчны хууль тогтоомжуудаа чангалаад буй. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн зохицуулалтууд 191 мянган компанийн 25 хувьд нь маш хүнд туссан гэдгийг Time сэтгүүл бичсэн байна. Азийг бүхэлд нь нөмөрдөг түйрэнгийн хор уршгийг бууруулах гэж бүс нутгийн орнууд идэвхтэй тэмцэж байна. Цөлжилт, агаарын бохирдол, шороон шуурга зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшигт үзэгдлүүд нь зөвхөн бидэнд хамаатай бэрхшээл биш гэдгийг хөгжлийн түнш орнуудын үйл хэрэг харуулж буй. Харин бид тэдэнтэй эв санаагаа нэгтгэснийг илэрхийлэх гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ажил, санаачилга нэрлэх гэсэн ч санаанд буухгүй байна. Өөрсдөө үйлдвэрлээгүй бохирдлын төлөө улс орнууд нэгдэн нийлж чаддаг байхад монголчууд дулаан гэртээ бүгж, дэлгэцийн цаанаас мэдэмхийрэхээс хэтэрдэггүй. Уг нь, хөрш, түнш орнуудынхаа аливаад өөриймсөг ханддаг зан, нэгдэж чаддаг ухамсрыг нь нутагшуулбал Азийг түйвээдэг түйрэнг номхруулсан гавъяа Монголоор л овоглоно шүү дээ.

САНАЛ БОЛГОХ