Б.Эрдэнэбат: Ойрын ирээдүйд төгрөгийн ханш унахгүй

Зах зээл


Мөнгөний бодлого урагшаа харсан шийдвэр гаргадаг

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн Б.Эрдэнэбаттай ярилцлаа. “Инфляц тогтворжиж, төв банкны зорилтот түвшинд ойролцоо байгаа нь бодлогын хүүг бууруулахад нөлөөлсөн” хэмээн тэрбээр тодотгов.

-Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болголоо. Хүү бууруулах нөхцөл эдийн засагт бүрдэж чадсан байсан уу. Эдийн засагт үзүүлэх нөлөөллийг та хэрхэн харж байна вэ?
-Бодлогын хүүг бууруулах шалтгаан цөөнгүй байсан. Тухайлбал, эдийн засаг богино хугацаанд сэргэж, гадаад валютын албан нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ. Төгрөгийн ханшийн уналт зогсож, богино болон дунд хугацаанд чангарах төлөвтэй байна. Хамгийн гол нь, инфляц төв банкны зорилтот түвшинд хадгалагдахаар байгаа нь бодлогын хүүг бууруулах нөхцөл бүрдүүллээ. Ер нь боломж байгаа цагт аль болох бууруулах нь чухал.

-Бодлогын хүүг бууруулах эерэг хүчин зүйл нэлээн байна гэлээ. Тухайлбал, эдийн засагт ямар нааштай өөрчлөлт гарч байна вэ?
-Эдийн засаг сэргэж эхэлж байна. Энэ нь төлбөрийн тэнцэл болон эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж байна. Мөнгөний бодлого урагшаа харсан шийдвэр гаргадаг. Цаашид төгрөгийн ханш чангарах, гаднаас санхүүжилтийн эх үүсвэр орж ирэх төлөв харагдаж байна. Энэ үед нь өөрсдийн хөрөнгийн зардлаа аль болох бууруулах хэрэгтэй. Аж ахуйн нэгжид очих зардал, мөн Монголбанкны ч гэсэн үнэт цаасанд төлж байгаа хүүг багасгах, зардлыг танах, балансаа эрүүлжүүлэх боломж гарч байна.

-Эдийн засаг сэргэж байгаа боловч үүнийг дагаад эрэлтийн гаралтай инфляц алгуур нэмэгдэж байна гэж Мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдсан байна. Инфляцын эрсдэл хэр их байна вэ. Татварын нэмэгдэл өсөлтөд нөлөөлөх үү?
-Инфляц төв банкны зорилтот түвшин болох найман хувиас хамаагүй бага байна. Үндэсний статистикийн хорооны гаргасан тайланд энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 6.9 хувьтай тэнцэж байна. Татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Гэхдээ одоо нөлөө нь гарсан. Улирлын чанартай эрсдэл мэдээж бий.

-Бодлогын хүү нэг хувиар буурсан нь эдийн засаг, бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх вэ. Зээл олголт нэмэгдэх үү. Хавар болохоор махны үнэ өсөж эхэлдэг. Энэ нь инфляцыг хөөрөгдөх үү?
-Мах, махан бүтээгдэхүүний үнэ улирлын чанартай нэмэгдэх эрсдэл үргэлж байж ирсэн. Улирлын шинж чанартайгаар махны үнэ хаврын улиралд өсөж, бусад улиралд тэр өсөлт нь саардаг зүй тогтолтой. Өнгөрсөн жилийн махны үнийн өсөлтийг аваад үзэхэд нөлөө тийм ч өндөр байгаагүй. Инфляцийн өсөлтөд нөлөөлж байсан татварын нэмэгдэл гарчихлаа. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляц өсөх хүлээлт байсан. Засгийн газрар шатахууны онцгой албан татварыг чөлөөлснөөр инфляцид ирэх дарамт холдсон. Автомашины татвартай холбоотой нөлөө нэлээд орж ирсэн. Энэ нөлөө мөн арилсан. Эрэлтийн гаралтай нөлөөлөл байсан. Гэхдээ энэ байдал холдсон.

-Эдийн засгийн төлөв байдал ямар байна вэ. Төсвийн алдагдал хумигдаж байгаа нь мөнгөний бодлогод эерэг нөлөө үзүүлсэн үү. Цаашид бодлогын хүүг нэг хувиар зогсохгүй илүү бууруулахад юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Төсвийн алдагдлыг аль болох бууруулах учиртай. Энэ зорилтыг цааш нь хэрэгжүүлж, үргэлжлүүлэх ёстой. Гаднын болон дотоод зээлээр санхүүжүүлнэ гэсэн үг. Дотоод зээл гэдэг нь Засгийн газрын бонд болж таарна. Тиймээс хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэрийг аж ахуйн нэгжүүдэд, иргэдтэйгээ Засгийн газар өрсөлдөж авахаар үнэ хаялцана. Тэр тохиолдолд хүүгийн түвшинг бууруулах боломж байхгүй. Засгийн газар алдагдалтай, өндөр хүүтэй бонд гаргаад байхад төв банкны хүү буураад ямар ч үр ашиггүй. Засгийн газрын бондын аль болох нийт зээлийн эх үүсвэрээс татаж байгаа хувь хэмжээг багасгах, чөлөөлөгдсөн эх үүсвэрийг аж ахуйн нэгжүүдэд олгох, аж ахуйн нэгжид олгогдсон нь бизнесийн зориулалтаар хэрэгжиж, үр ашгаа өгөх нь чухал. Засгийн газраас харалган, популист амлалтаар хийж байгаа хөрөнгө оруулалтаа багасгах хэрээр инфляцын түвшин өөрөө бууж ирж байгаа юм. Тэр бодлогоо үргэлжлүүлж авч явах ёстой.

-Бодлогын хүү буурснаар Засгийн газрын дотоодын зах зээлд гаргах бондын хүү буурах уу?
-Монгол Улсад хоёр парлалель эдийн засаг явж байна. Нэг нь уул уурхайн, нөгөө нь уул уурхайн бус эдийн засаг. Уул уурхайн эдийн засаг маш хурдтай өсөж байна. Монгол Улсын ДНБ-ий 22 хувийг эзэлж байна. Улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаар бүрдүүлж буй эдийн засгийн тэргүүлэх салбар. Хоёр дахь нь уул уурхайгаас хамаагүй жижигхэн бөгөөд бараг 50 хувь бага гэж хэлж болох бөөний болон жижиглэнгийн худалдаа. Гурав дахь салбар нь, хөдөө аж ахуйн салбар. Хөдөө аж ахуй Монгол Улсын уламжлалт салбар байсаар ирсэн. 2006 онд л уул уурхай хөдөө аж ахуйг давж гарсан. Одоо уул уурхайг хөдөө аж ахуйн салбартай харьцуулахад хоёр дахин том болсон. Уул уурхайн салбар өөрийн гэсэн давуу талтай. Дахин сэргээгдэхгүй байгалийн баялаг дээр энэ салбар тулгуурлаж байна. Тэгэхээр бид бусад салбараа авч үлдэх үү гэдэг нь их чухал асуудал. Уул уурхай нийт ажиллах хүчний дөрвөн хувийг шингээдэг. Үлдсэн 96 хувь нь хаана, юу хийх вэ гэдэг чухал болоод байна. 96 хувь нь уул уурхайд чирэгдсэн өндөр капиталын эх үүсвэрээр санхүүжигдэх шаардлагатай болж байна. Уул уурхайн бус салбар бусад улсын салбартай өрсөлдөх ёстой. Тэгэхээр тэдгээр дарамтыг бууруулах хэрэгтэй.

-Ханш талаасаа авч үзвэл эдийн засагт ямар нөлөө байна вэ. Бодлогын шийдвэр гаргахад ханшийн эрсдэл, нөлөөллийг хэрхэн тооцоолсон бол. Инфляцын төлөвт ханшийн нөлөөг хэрхэн харгалзсан бэ?
-Төгрөгийн ханшийг чангалах ёсгүй. Гаднын хөрөнгө оруулагчид инфляц нь тогтвортой байгаа тохиолдолд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой болно. Яагаад гэвэл, Монголд хүүгийн түвшин бусад улстай харьцуулахад өндөр. Дээр нь нэмээд, төгрөгийн ханш чангарвал тэр хүмүүс давхар өгөөж аваад, ашиг олоод гарах магадлал нэмэгдэнэ. Инфляциа тогтворжуулахдаа валютын ханшаа чангаруулах чиг хандлага руу оруулах ёсгүй.

-Цаашид төгрөгийн ханш унах эрсдэл бий юү?
-Төгрөгийн ханш тодорхой хугацааны дараа тэд болно гэж шууд тодорхойлох боломжгүй. Ерөнхий чиг хандлагыг ажиглахад, ойрын ирээдүйд төгрөгийн ханш унаад байхгүй. Түүхий эдийн үнэ, экспортын хэмжээ, төсөв, санхүүгийн байдал харьцангуй тогтворжиж ирлээ. Гадаадын хөрөнгө оруулагчдад төрж байгаа сэтгэгдэлтэй холбоотойгоор төгрөгийн ханшийн эрсдэл буурсан.


САНАЛ БОЛГОХ