Авлигачдыг илчлэх цаг үеийн тохироо бүрдлээ

Нийтлэлчийн булан


Авлигатай тэмцэх үүрэгтэй хууль хүчний байгууллагынхан зоригтой хөдлөх л дутаад байна

Авлигатай тэмцэх газар өчигдөр мэдээлэл хийж, албан тушаалын хэд хэдэн гэмт хэргийг шалгаж байгаагаа дуулгалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Арвинг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компаниар зураг төсөлгүй барилга бариулсан, Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаагаа мэдэгдэв. Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар, МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хорио цээрийн стандартын газрын дарга Т.Баярсайхан зэрэг төрийн алба хашиж буй зарим хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үүнээс гадна Авлигатай тэмцэх газар нийгмийн халуун сэдэв болсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьсан “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүд холбогдох хэргийг шалгаж байгаа.


Үүнтэй холбогдуулан төрийн өндөр албан тушаалын хэд хэдэн хүнээс байцаалт авснаа нуусангүй. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан болон “Алтжин” компанийн захирал Г.Алтан нараас мэдүүлэг авсан нь үнэн гэв. Их хэмжээний мөнгөний хохирол учруулсан ноцтой хэрэгт холбогдчихоод байгаа Элчин сайдууд дуудах үед нь ээлжлэн ирж, байцаалт өгч байгаа аж.

Түүнчлэн “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Сангийн сайд асан С.Баярцогтоос тайлбар, байцаалт авсныг ч олон нийтэд албан ёсоор зарлав. Энэ бол авлига, албан тушаалтай холбоотой мөрдөж буй олны анхааралд өртсөн цаг үеийн хэргүүд. Нэг хэргийн сэжүүрээс атгахад нэлээд олон гэмт хэргийн шинж агуулагдаж буйг ч Авлигатай тэмцэх газраас онцолсон юм. Үнэн хэрэгтээ авлига хээл хахуулийг уг үндсээр нь устгахын тулд өргөн хүрээнд шалгах шаардлагатай байгаа аж. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, тодорхой үр дүнд хүрсэн гэдэг. Зөвхөн Авлигатай тэмцэх газар л гэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд буюу 2007-2017 онд 3707 хүнд холбогдох эрүүгийн 1791 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байгаа юм. Гэвч 25.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, ердөө 525 хүнд холбогдох 184 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол Улсад авлига хээл хахууль бүхий л салбарт гүн нэвчин, Авлигатай тэмцэх газрын тэмцэл хүчин мөхөстөж, улс төр, нам дамнасан бүлэглэлийн захиалгаар замхран алга болдог болсныг нийгэм даяараа мэдэж буй. Тиймээс авлига хээл хахуулийг уг үндсээр устгах шаардлагатай байгааг найман настай балчраас наян настай буурай хүртэл хэлж, халаглаж байна. Өөрөөр хэлбэл, авлигыг устгах нийгмийн захиалга, шаардлага бүрдчихлээ. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хүчний байгууллагынхан нийгмийн захиалга дээр дөрөөлж, зоригтой хөдлөх ажиллагаа л дутаад байна. Авлигатай тэмцэхэд араа шүд хэрэгтэй болохоос биш арга эвийг нь олох гэж хичээх нь зохихгүй ээ. Өнгөрсөн жилүүдэд хууль хүчний байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг ч улс төрөөс хараат байдал хэргийг замхруулахад хүргэдгийг нуудаггүй. Арга ядахдаа хууль хяналтынхан “өндөр авах” технологийг ашиглаж, хэргийг мөрдөн шалгах нөхцөл бололцоогоо бүрдүүлдэг болсон. “Өндөр авах” гэдэг нь аливаа хэргийг хэвлэлээр шуугиулж, олны анхаарлын төвд авчрах гэсэн утгатай.

Нийгмийн захиалга болсон хэргүүдийг шийдэх нь чухал
Хэрэв өндөр авахуулж чадвал хэн нэгэн эрх мэдэлтэн, эсвэл эрх барьж буй улс төрийн хүчин, ашиг сонирхол нэгтэй бизнесийн бүлэглэлийн дарамтаас ангид байж, хэргийг шалгах боломж олгодог байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн захиалга ямар ч цаг үед байдаг. Хэрэв нийгмийн захиалгыг мэдэрч, хэрэгжүүлж чадвал төр цэвэрших үндэс суурь нь болно. Хамгийн ойрын жишээ бол өмнөд хөршийн авлигатай тэмцэж буй “Үнэгний ав”, “Тэнгэрийн сүлжээ” гэх арга хэмжээ юм. Тус улсын удирдагч Ши Жиньпиний өнгө төрхийг тодорхойлж буй дээрх арга хэмжээнүүдийн хүрээнд буюу 2012 оны арваннэгдүгээр сараас хойш 1.5 сая авлигачийг шийтгэж, нөлөө бүхий 440 албан тушаалтныг шалгаж, шийтгэсэн гэдгийг Шиньхуа агентлаг мэдээлсэн. Дэлхийд хүн ам болон эдийн засгаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй улстай өөрийн орныг харьцуулах нь гоомой ч үнэн хэрэгтээ авлигатай тэмцэх кампанит ажлыг хэрхэн үр дүнтэй өрнүүлснийг харж болно.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын авлигатай тэмцэж буй тод жишээ бий. Sumsung группийн өв залгамжлагч И Жэй Ён-г тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д авлига өгсөн хэмээн буруутгаж, анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял ногдуулсан. Жил гаруйн хугацаанд ялаа эдэлсэн түүнд давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлсэн билээ. Хамгийн чухал нь авлигын хэрэгт холбогдсон этгээд хэн байхаас үл хамаарч хариуцлага тооцож чаддаг нь олзуурхууштай. Хэрэв Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй зоригтой тэмцэж, тодорхой болсон хэргүүдийг хурдан шуурхай шийдвэрлэж чадвал улс орны ирээдүй, хүүхэд залуучуудад авлигаас ангид байх сэтгэхүйг суулгаж чадна. Байнга ярьж, ойлгуулахаас илүүтэйгээр тодорхой хэргүүдийг шийдвэрлэж, хатуу хариуцлага тооцож эхлэх нь илүү үр дүнтэй. Мэдээж, хуулийн хүрээнд эрх тэгш, шударга хандах нь чухал. Хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй, гэвч хууль зөрчсөн бол хэнийг ч буруутгаж, буруутан хариуцлагаа үүрдэг тогтолцоотой болох л чухал байна.


САНАЛ БОЛГОХ