Д.Ундраа: Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх төв зайлшгүй хэрэгтэй байна
Албаны хүний үг
“Хүүхдийн эрх хамгаалал” төвийн захирал Д.Ундраатай хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төв байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа тухай ярилцлаа.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зориулсан нөхөн сэргээх төв ямар ач холбогдолтой вэ?
Би шууд бодит жишээн дээр яримаар байна. Нэг аймгийн нэг сумаас таван настай охиныг хажуу айлынх нь өвөө чихэр жимсээр хуурч удаан хугацаанд хүчирхийлэл үйлдсэн байна. Үүнээс болж охин тэмбүү өвчтэй болсон. Ээж нь хотод авчирч эмчлүүлж, тэмбүү өвчний эсрэг баахан хүчтэй эм тариа хэрэглэсэн. Сэтгэл зүйн хувьд насан туршийн эмгэг үүсэж, айж цочдог, сандрахаараа шээдэг болсон. Ээж, охин хоёр Улаанбаатар хотод эмнэлэгт 20 хоноод гарсны дараа байх газар олдоогүй. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд нийгэм, сэтгэл зүйн засал эмчилгээ наанадаж 1-2 жил хийх шаардлагатай. Гэтэл ээж нь охиноо эмчлүүлэхийн тулд ар гэр, ажлаа хаяад явж чаддаггүй. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч хүүхэд насан туршийн хохирогч болдог ба гэр бүлийн бүх хүн хохирогч болж эд хөрөнгө, мөнгө, санхүү, ажил, хөдөлмөр, эрүүл мэнд, сэтгэл санаа гээд бүх л зүйлээрээ хохирдог. Гэтэл манайд өнөөг хүртэл сэтгэл санааны хохирлыг тооцдог арга аргачлал ч байхгүй. Гэр бүлд эдийн засгийн хохирол, хүүхдэд насан туршийн сэтгэцийн эм- гэг, зан үйлд өөрчлөлт орж байгаа гэдгийг огт тооцдоггүй. Хүчирхийлэлд зөвхөн гэмт этгээ- дийг хорих, шийтгэх маягаар л хандаж байна. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг нөхөн сэргээх төв зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Нөхөн сэргээх төвийн үйлчилгээ нь хохирогч хүүхдэд нийгэм, эрүүл мэнд, хууль зүйн, өмгөөллийн, сэтгэлзүй, сэтгэл засал, боловсролын гээд тасралтгүй, цогц үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг үү?
Тийм ээ. Бага насны хохирогч хүүхдийг ээж, асран хамгаалагчтай нь хамт байрлуулж, мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, сэтгэл засалч, мэргэжлийн нийгмийн ажилтан, хуульч ажиллаж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүүхдийн боловсролын үйлчилгээг ч тасалдуулахгүй байх юм. Орон нутагт болсон хэрэг амархан тархаж, хохирогчийг элдэв хов яриа, цуу үг дагаж, амьдрах аргагүй болгодог. Энэ байдал хохирогчид насан туршийн хар толбо үлдээхээс гадна биеэ үнэлэлт, буруу зам руу хөтлөх эрсдэл өндөр.
6-10 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд олон байна
Харин нөхөн сэргээх төвд ингэж хохирсон охидыг 6-12 сарын хугацаанд орчныг нь өөрчилж, нутаг усанд нь гарсан тухайн хэргийн талаарх мэдээллийг намдаж, мартагдтал ээжтэй нь хамт байрлуулж, бие эрхтэн, сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх цогц үйлчилгээ үзүүлэх юм. Ээжийг нь ажлын байраар хангахын зэрэгцээ хүүхдийнх нь боловсролын үйлчилгээг ч орхигдуулахгүй.
Энэ тухай яриад нэлээд хэдэн жил болсон ч эх суурь нь тавигдаагүй байна. Үүний шалтгаан санхүүжилттэй холбоотой юу?
Уг нь санхүүжилт босгох гарц байгаа. Хүчирхийллийн эрсдэлд байгаа хүүхдэд үзүүлэх нэг өдрийн үйлчилгээний зардлыг 19150 төгрөгөөр тогтоож олгодог заалт Халамжийн тухай хуулийг дагаж гарсан холбогдох журамд бий. Нөхөн сэргээх төвүүдийг уг зохицуулалтад хамруулчихвал төсвөөс зөвхөн орон байр, цалингийн зардал л гарна гэсэн үг. Ийм төв бий болчихвол мөн ч олон бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн ирээдүйн амьдралд тус нэмэртэй ажил юм.
Анхан шатны тусламж авахад хохирогчоос хэдэн төгрөгийн зардал гардаг вэ?
Шүүх эмнэлгийн үзлэгийн зардал болох 10 мянган төгрөгийг 16 нас хүртэлх хүүхдүүдээс авахаа больсон.
Гэхдээ 16 нас бол хүчирхийлэлд өртөх маш өндөр эрсдэлтэй бүлэг. Нөгөөтэйгүүр, шүүх эмнэлэгт хэдэн удаа очдог гэж бодож байна?
Мөн өвчин авчихсан бол яах вэ. Шинжилгээний төлбөр хамгийн наанадаж 30 мянган төгрөг. Сэтгэл зүйн засал эмчилгээнд хамгийн бага буюу 14 удаа хамруулна гэж тооцоход 360 мянган төгрөг болно. Үүнээс гадна өмгөөлөгчийн болон харилцаа холбооны зардал тооцогдоно. Мөн бичиг баримт, өмгөөллийн үйлчилгээ гээд хамгийн багадаа 1.6 сая төгрөгийн зардал анхан шатны үйлчилгээнд гардаг.
Та асрамж халамжийн төвүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд судалгаа хийж байсан. Нөхцөл байдал ер нь ямар байна вэ?
Нөхцөл байдал хүнд байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 28 асрамж халамжийн төвд ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн 20 гаруй охин амьдарч байна. Эдгээр хүүхэд гэртээ амьдрах боломжгүй болсон учраас асрамж, халамжийн төвд ирсэн. Тэдэнд үзүүлж байгаа мэргэжлийн нийгмийн ажил, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ учир дутагдалтай байгаа нь төвд ажиллаж байгаа нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй хийсэн асуулга, ярилцлагын явцад харагдаж байсан. Анх 6-10 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, олон жил аймшигтай нөхцөлд амьдарч байсан хүүхдүүд олон байна. Энэ бол сэтгэцийн хувьд насан туршийн эмгэг үүсэх асар өндөр эрсдэлтэй нас. Үүнээс гадна 12-14 настай охидын биеийг үнэлүүлэх асуудал хэрээс хэтэрлээ. Үнэн хэрэгтээ, ийм хүүхдүүд бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, нийгмийн жигшүүрт хэргийн золиос болсон хэсэг юм. Тиймээс цогцоор нь арилгахын тулд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд өөрийгөө эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлаа хангахад өөрийн зүгээс мэдэх шаардлагатай төрөл бүрийн аргачлалтай хичээлийг орох шаардлагатай байна.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд дараах өөрчлөлт гарна
Эрүүл мэнд: Дархлаа муутай, өвчлөмтгий, ямар нэгэн суурь өвчин зонхилсон, сэтгэцийн хувьд тогтворгүй болдог. Мөн бэлгийн бойжилт эрт явагдсан тул бэлэг эрхтэний үрэвсэлт өвчтэй байх нь их.
Боловсрол: Хүчирхийлэлд байсан цаг хугацаанд хүүхдүүд сэтгэл санааны дарамтын улмаас хичээл сургуульдаа анхаарлаа хандуулахаа болих, сурлага муудах, гадуур тэнэх тохиолдол нэмэгддэг. Мөн хэрэг шийдвэрлэх явцад хичээлээс хоцрогддог. Аюулгүй байдал: Хохирогч гэмт этгээдийн талаар мэдээлэл өгч, цагдаад хандсанаар өөрсдөө эргээд маш эрсдэлтэй нөхцөлд орж байна. Хүчирхийллийг илчилснийхээ төлөө гэрийнхэндээ буруутгагдах, гүтгэгдэх, бусдын дайралтад өртөх, гэр бүлийн харилцаанаас тусгаарлагдах зэргээр давхар хохирдог.
Сэтгэл зүй, зан байдал: Буруу итгэл үнэмшил бий болдог. Цочролоос үүдсэн бэлгийн гажиг нь хүүхдийн зан үйлд өөрчлөлт оруулж бэлгийн харилцаанд хэт дурлах, эсвэл үзэн ядах хэлбэрээр илэрдэг. Үүнээс болж хүүхдийн ой тогтоолт, анхаарал муудах, дүр эсгэх, энгийн зүйлүүдэд маш их анхаарал цаг зарцуулах, худлаа ярих зэрэг танин мэдэхүй, зан төлөвийн өөрчлөлтүүд илэрдэг. Асрамжийн 28 төвд хийсэн судалгааны үр дүнгээс.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй