“Тавантолгой” ХК “Эрдэнэс Тавантолгой”-д их хэмжээний өртэй болчихлоо

Албаны хүний үг


УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-МАН-ын нэр бүхий гишүүд хамтран “Дэвшилтэт холбоо” байгуулсан. Засгийн газарт шахалт үзүүлэх зорилготойгоор байгуулагдлаа хэмээн нийгэмд хардлага төрж байна. Холбооны үйл ажиллагааны гол зорилго юу вэ?
-Бидний хэсэг гишүүд 2016 оны арванхоёрдугаар сарын эхээр Герман улсад “Прогрессив Аллианс” олон улсын байгууллагын форумд оролцсон. Энэхүү байгууллага нь Европын холбооны улсуудын зүүний чиг баримжаатай улс төрийн намуудын нэгдэл. Форумын үеэр энэхүү байгууллагад МАН элссэн. Эхний үйл ажиллагаа болгож өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотноо “Прогрессив Аллианс” олон улсын бага хурлыг зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун- Эрдэнэ тус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм. “Дэвшилтэт холбоо” байгуулагдсан түүх үүнээс үүсэлтэй. УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаа болгож тавьсан асуудлыг хөндсөн. Энэ асуудалтай зэрэгцэн “Дэвшилтэт холбоо” байгуулсан нь нийгэмд олон янзын хардлага төрөхөд хүргэсэн байх. “Дэвшилтэт холбоо”-ны зорилго бол УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийнхтэй төстэй. Ялгаатай зүйл нь “Дэвшилтэт холбоо” авлига хээл хахуультай тэмцэж хариуцлагыг МАН-д бий болгох зорилготой.

Мөн МАН-ын олон улсын түвшин дэх хамтын ажиллагааг сайжруулахаар дээрх холбоог байгуулсан. Онцлоход, “Дэвшилтэт холбоо” НАМЗХ, НАМОХ зэрэг шиг МАН-ын дэргэдэх байгууллага. Тиймээс намаас салгаж ойлгох боломжгүй бөгөөд жигүүр, фракц шиг үйл ажиллагаа явуулахгүй.

-Энэхүү холбоог байгуулсан гишүүд бүгдээрээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан. Гэвч У.Хүрэлсүхийн танхимд багтаагүй учир албан тушаалын шантааж үзүүлэх гэж байна хэмээн хардаж байгаа шүү дээ?
-Хардах эрх хүн бүхэнд бий. Албан тушаалын төлөө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаагүй гэдгээ анхнаасаа бид хэлж байсан. Бид хэлсэн амандаа ч хүрсэн гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Энэ зарчмаа одоо ч баримталж байгаа. Бид ямар нэг албан тушаал авахын төлөө “Дэвшилтэт холбоо”-г байгуулаагүй. Бидний туйлын зорилго бол МАН-д бугшаад байгаа авлига хээл хахууль, албан тушаалын хэргийг цэвэрлэх. Санхүүгийн хувьд шилэн болгож, хариуцлага тооцож чаддаг механизмыг бүрдүүлэх юм. 60 тэрбум болон “Эрдэнэт үйлдвэр”- ийн 51 хувьтай холбоотой асуудал одоо хүртэл яригдаж байна. Эдгээр асуудлаас МАН салах хэрэгтэй. Үүний л төлөө бид ажиллана. Хэрэв авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй манай намын гишүүн холбогдвол чөлөөлдөг байх хэрэгтэй. Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа шиг гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох гэсэн алхам биш гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.

-Холбоог байгуулах шийдвэрийг намын удирдлага хэрхэн хүлээж авсан бэ? -“Дэвшилтэт холбоо”-г байгуулсан талаар албан ёсоор зарлаагүй байна. Гэхдээ намын дэргэдэх байгууллага учир удирдлагуудтайгаа зөвшилцөлд хүрсний үндсэн дээр байгуулагдаж байгаа. Удахгүй байгууллагынхаа үйл ажиллагааны зорилгоо олон түмэнд танилцуулна. Гишүүнчлэлийн хувьд ч нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, манай намын удирдлага энэхүү холбоог байгуулах шийдвэрийг нааштайгаар хүлээн авч, бүхий л талаар дэмжиж тусалсан.

-Та “Дэвшилтэт холбоо” бол намын дэргэдэх байгууллага хэмээн хэллээ. Гэхдээ сонгууль болон Засгийн газар байгуулагдах бүрт намын дэргэдэх байгууллага тодорхой квот эзэмшдэг шүү дээ.
-Тийм зүйл байхгүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Албан тушаалын төлөө энэхүү холбоог байгуулаагүй. Харин намаа нэр цэвэр, шударга байлгахын төлөө ажиллана. -Та Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн. Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” болон “Тавантолгой” ХК-тай холбоотой асуудал сөхөгдөж байна. Учир нь “Тавантолгой” ХК “Эрдэнэс Тавантолгой”-д их хэмжээний өр барагдуулахад хүрээд байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? -“Тавантолгой” ХК бол орон нутгийн ард түмний өмч. Компанийн 51 хувь нь төрийн өмч байдаг. “Эрдэнэс Тавантолгой” компанид ч гэсэн Монголын ард түмэн тус бүртээ 1072 хувьцаа эзэмшиж байгаа.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хилийн зурвас давж орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нүүрс олборлосон асуудал сөхөгдөж байна. Үүнээс үүдэн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК “Эрдэнэс Тавантолгой” компанид хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсанчлан 160 орчим тэрбум төгрөгийн өртэй болчихлоо. Ингэснээр орон нутгийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг “Стандарт” банкинд алдах эрсдэл үүссэн бол орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК дахь өмчлөлөө алдахад хүрээд байна гэсэн үг. Ямартай ч дээрх хоёр компани буюу “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл нуун дарагдуулж, хариуцлага алдсан.


САНАЛ БОЛГОХ