УИХ-д сонгогдоно гэдэг “Амьтны ферм”-ийн гахай болно гэсэн үг биш

Байр суурь


Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулаагүй байна


Жорж орвэллийн “амьтны ферм” номонд “Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй” гэж гардаг. Ардчилал хэрхэн гуйвж болдгийг харуулж, сэрэмжлүүлсэн эл сонгодог зохиолыг дэлхийн олон оронд хүүхдүүддээ дунд сургуулиас нь уншуулж, судлуулдаг юм. Харин одоо уих-ын дарга М.Энхболдын намрын чуулганыг хааж хэлсэн үгнээс энд эшлэе. М.Энхболд “төрд түмнээ төлөөлөн сууж буй гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндөлгүй орхиж болохгүй нь. Та бид итгэж сонгосон сонгогчдоо төлөөлөн төр барилцаж, тэдний өмнө үүрэг, хариуцлага хүлээж байгаа гэдгээ огтхон ч умартах учиргүй. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж, ёс зүйгээ огоорох эрх бидэнд байхгүй. хуулиар олгосон эрх хэдий байвч, үүрэг хариуцлага илүү чухал гэдгийг сануулж хэлье. Хууль хэрэгждэг, ёс зүйг эрхэмлэдэг улс оронд ийм үйлдэлд нэр холбогдсон бол аль хэдийнэ огцорсон байгаа даа гэж иргэдийн ярилцаж байгааг сонсоогүй мэт өнгөрөөж болохгүй…” гэсэн юм. Намрын чуулганы хаалт цаг хугацааны хувьд уих-ыг тараах санаачилгыг төрийн тэргүүнээс эхлээд улс төрийн зарим нам, иргэд сонгогчдын зүгээс эрчимтэй хөндөж байсан үетэй давхцсан. Садар самуун явдал, шалиг завхай зангаараа олны дургүйцлийг хүргэсэн нэр бүхий гишүүд, тангараг өргөснөөсөө хойш хэн нэгнийг огцруулах томилохоос бусад үед төрийн ордноор шагайдаггүй “гул” Б.Наранхүү, сууж явсан машинд нь мөргүүлсэн хүн өөд болчихоод байхад уучлалт ч гуйх нь байтугай “надад хамаагүй” гэж хэлээд, хэнэг ч үгүй зогссон Н.Номтойбаяр зэрэг гишүүнээс болж өдрөөс өдөрт нэр хүндээ алдаж буй парламентыг тараах санаачилга газар авсан нь тэр юм. Намрын чуулганы сүүлийн өдрүүдэд товлосон хугацаанд нь хуулиудаа баталж чадахгүй, ирцгүй шахам хуралдаж буй чуулганы үйл явцыг иргэд зурагтаар олон харсан. Тиймдээ ч парламентыг тараах тухай яриаг улс төр гэж ойлгохоос илүүтэй ажил сайжруулах, хариуцлага, ёс зүйг нэхсэн явдал гэж иргэд ойлгосон, дэмжсэн.

Жирийн нэгэн төрийн албан хаагч, хувийн компанийн ажилтан дуртай цагтаа ажлаа хийгээд, дургүйгээ хүрэхээр хаяж яваад үз. Дөрвөн жил байтугай дөрөв хоног ч болохгүй ажлаас халагдах тушаал гардаж, тойрох хуудсаа зуруулна. Харин төрийн түшээ, уих-ын гишүүн гэхээрээ бүхнээс дээгүүр, дархлагдсан мэтээр хүлээн авч буй парламентын гишүүд “амьтны ферм”-ийн гахай аятай аашилсаар байна. Тиймдээ ч гишүүн Д.Хаянхярваа уих-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулган хаахтай зэрэгцэн өргөн мэдүүлсэн билээ. УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааны дэг, ёс зүйг зөрчсөн, ажлаа тасалсан, хоцорсон, бусдын өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг тус хуульд тусгасан байв.

Тодруулбал, уих-ын гишүүн нь хууль, уих-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн батлахдаа санал өгөх, эрхээ зөвхөн өөрөө эдлэх буюу үүнийгээ бусдад шилжүүлэх, хэн нэгний өмнөөс товчлуур дарахгүй байх зохицуулалтыг тусгасан аж. Мөн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой хариуцлага хүлээлгэх гэнэ. Түүнчлэн гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгт хүрсэн тохиолдолд түүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзэхээр төсөлд тусгажээ. Түүний санаачилсан төсөл цаг хугацаагаа мэдэрсэн, олонхийн бүлгийн даргын хувьд үүрэг хариуцлагаа ухамсарласан үлгэр жишээ “сайн жишиг” мэт харагдаж байлаа.  Олонхийн бүлгийн дарга Д.Хаянхярваагийн санаачилгад уих-ын дарга М.Энхболдын хэлсэн үг хүч нэмж байв. Мөн Ерөнхий сайд у.хүрэлсүх явсан газар, хийсэн уулзалт бүр дээрээ “Сахилга хариуцлага, шударга ёсыг төрийн албан хаагч, эрх баригч намын гишүүдээс нэхэж явах”-аа сануулж буй. түүний эл үг хуурай улс төр биш гэдэгт найдъя.

Гэвч үгээр хэлэх, үйлдлээр харуулах хоёр өөр. УИХ-ын дарга захирамж гарган, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан. Хаврын чуулганаар нийт 22 асуудал хэлэлцэхээр жагсаажээ. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл “бусад” гэсэн ангиллаар уих-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг тухай бүрт нь хэлэлцэх аж. Харин уг жагсаалтад нь Д.Хаянхярваа гишүүний санаачлан, өргөн барьсан гишүүдийн ёс зүйтэй байж, хариуцлагажуулах өнөөх төсөл алга. Чуулганаар хэлэлцэх дарааллыг батлахад олонхийн бүлгийн даргын хувиар д.хаянхярваа өөрөө орж, саналаа хэлдэг. Харин санаачилсан төслөө зүтгүүлэх хүсэл зориг дутсан уу, яаралтай хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн үү уих-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. ёс зүй, хариуцлага гэдэг ихэнхдээ хүний өөрийн санаачилгаас эхтэй байдаг. Гэхдээ 20 гаруй жилийн парламентын түүхэнд ингэж анхаарал татаж байгаагүй гишүүдийн ёс зүйгүй байдлыг дэг тогтоож, хуулиар зохицуулахаас өөр аргагүй гэдгийг бүрэн эрхийнхээ бүтэн талыг эдэлчихээд буй энэ удаагийн парламент харуулж буй. Намрын чуулган завсарлах үед өндрийг нь авахуулсан гишүүдийн ёс зүй, хариуцлагатай байх санаачилгаа хоёр сар амрахдаа мартаагүй биз дээ д.хаянхярваа дарга аа. 




САНАЛ БОЛГОХ