Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо танилцууллаа

Мэдээ


2020 он гэхэд 263 мянган ажлын байр бий болгоно

ДНБ нэмэх 17 хувиас хасах руу шилжсэн уналтын мөчлөгийн дараа ДНБ-ий өсөлт таван хувьд хүрсэн нь өнгөрсөн оны ололт байлаа. Энэ өсөлтийг хэрхэн хадгалах, дэлхийн зах зээл дэх таваарын үнийн таатай үеийг хэрхэн ашиглаж эдийн засгаа тогтворжуулах талаарх хөгжлийн бодлогоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан бүтэн жил өнжсөн Монголын эдийн засгийн чуулган ямартай ч нээгдсэн нь хөрөнгө оруулагчдаас эерэг дүн авах үзүүлэлт болов. Энэ үеэр ерөнхий сайд эдийн засгийг сэргээх бодлогоо танилцуулсны дээр, тавдугаар сард болох Монголын эдийн засгийн найм дахь удаагийн үндсэн чуулганаас өмнө одоо хүлээгдэж байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэлүүдээ эцэслэж дуусгах талаар түүний кабинет амлав. “Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдэв доор зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогын гол зорилт нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх. Үүний тулд хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал гэсэн гурван салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх юм. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлснээр иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах, цаашлаад экспортод гаргахаар зорьж байна.

Харин уул уурхайн салбарын хувьд эхний ээлжинд томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх аж. Мөн дэд бүтцийг хөгжүүлснээр худалдаа, аялал жуулчлалын салбарыг хурдацтайгаар тэлэх юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой хүнс, эрчим хүчний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангах, цаашлаад экспортолдог болох шаардлагатайг онцолсон юм. Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нэгдүгээр үе шат 2020 онд дуусна. Дээрх гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр 2020 он хүртэлх хугацаанд эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар зургаан хувь болгох, нэг хүнд ногдох ДНБ-ийг 4020 ам.долларт хүргэх, 263 мянган ажлын байр бий болгох зорилт тавьжээ. Эдийн засагч Ч.Хашчулуун “Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын төслүүдийг цэвэр эдийн засгийн тооцооллоор хэрэгжүүлж чадвал ирэх гурван жилийн хугацаанд 263 мянгаас илүү ажлын байр бий болгох боломжтой. Хэрэв төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа цаг тухайд нь хийж чадвал ядуурлыг тодорхой хувиар бууруулна” гэв. Эдгээр тулгуур бодлогын хүрээнд 2020 он хүртэл “Утаагүй Улаанбаатар”, “Шинэ хөдөө” зэргээс гадна усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, газрын тос, дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжих юм.

Ирэх гурван жилд хэрэгжих хөрөнгө оруулалтын 79 төсөл бий. Үүнд жилд зургаа орчим их наяд төгрөг, 2020 он хүртэл 20 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Уг зардлыг хэрхэн шийдэх талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа “2018-2020 он хүртэлх төсвийн хүрээний мэдэгдэлд улсын төсөв болон гаднын зээл, тусламжаас нийт 2.2 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан. Харин үлдсэн хэсгийг хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаанаас бий болгоно” хэмээн тайлбарлалаа. Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулахдаа Засгийн газар хөгжлийн бодлоготой холбоотой 160 гаруй бичиг баримтыг шүүн, нэгтгэжээ. Ийнхүү улсын хөгжлийн бодлогыг нэгтгэн зангидсанаар 26.4 хувьд хүрээд буй ядуурлыг бууруулах нь Засгийн газрын үндсэн зорилго. Хамгийн гол нь дээрх бодлого, төлөвлөгөө биеллээ олоход төр, хувийн хэвшлийн хамтын оролцоо чухал гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Тэрбээр мөн цаашид хувийн хэвшилтэй зөвшилцөхгүйгээр нэг ч хууль, дүрэм журам батлахгүй гэдгийг онцоллоо.


САНАЛ БОЛГОХ