Цөмийн зэвсгээсээ татгалзах амлалт нь хэлэлцээ болон албажиж магадгүй

Мэдээ


Уулзалт болох хамгийн боломжит газраар Чэжү арлыг нэрлэсэн

БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун БНХАУ-д айлчилсан нь Солонгосын хойгийн асуудлыг олны анхаарлын төвд дахин авчирлаа. Үүсээд буй нөхцөл байдал болоод цаашдын үр дагавар ямар байх талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

-БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжинд гэнэт айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Энэ айлчлалын гол зорилго юу байсан бол?
-Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх сард болох нь тодорхой болчихсон. Уулзалтыг ямар байдлаар хийх, ямар асуудал хэлэлцэх нь анхаарлын төвд байгаа. Дараа нь Хойд Солонгосын удирдлага АНУ-ын Ерөнхийлөгчтэй тавдугаар сард уулзах тов гарсан. Энэ уулзалт хаана болох вэ гэдэг асуудал дэлхий нийтийн анхаарлыг татж байна.


Швед, Бээжин, Монгол болон Панмунжом гэсэн хувилбарууд бий. Иймэрхүү мэдээлэл түгж байтал Хойд Солонгосын удирдагч Бээжинд айлчилсан талаар өнгөрсөн ням гарагийн оройноос эхлэн дэлхий даяар шуугилаа. Энэ мэдээлэл өчигдөр (мягмар гарагт) маш тодорхой болсон. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д маш богино хугацаанд ажлын айлчлал хийсэн байна. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин албан ёсоор хүлээн авч, хоёр талын хэлэлцээ явагдлаа. Албан ёсны айлчлал гэдэг үүднээс хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэж, хоёр талын хэлэлцээ болсон. Ойрын үед Хятад улсад том өөрчлөлт шинэчлэл явагдлаа. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, БНХАУ-ын даргыг нэг удаа улираан сонгодог байсан заалтыг авч хаясан. Энэ өөрчлөлтийн дараа БНАСАУ-ын тал маш хурдан айлчлал хийлээ. Хойд Солонгосын удирдагч Хятадыг эрчимтэй хөгжүүлж байгаа Ши Жиньпин даргад өөрийн биеэр баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэх зорилготой байсан. Нөгөө талаар Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлыг Хятадтай хэлэлцсэн. БНАСАУ-ын залуу удирдагч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад бэлэн гэдгээ уулзалтын үеэр тодорхой илэрхийлсэн.

Гэхдээ аюулгүй байдлыг хангахад Хятадын нөлөө маш их. Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор НҮБ-аас тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнд БНХАУ нэгдэж орсноос болоод энэ хоёр орны харилцаа нэлээд хөндийрсөн. Харин одоо БНАСАУ өөрийн хамгийн ойрын холбоотонтой харилцаагаа идэвхжүүлэхээр богино хугацааны нууц гэмээр айлчлал хийлээ. Хятадын хувьд Солонгосын хойгт ямар чухал үүрэг оролцоотой вэ гэдэг нь саяын уулзалтаар тодорхой харагдаж байна.


-Хойд Солонгосын тал цөмийн зэвсгээсээ татгалзах бодолтой гэдгээ өмнө нь ч ярьж байсан. Гэвч бодит байдал дээр ажил хэрэг болоогүй. Энэ удаа амласандаа хүрэх магадлал хэр байна вэ?

-Солонгосын хойгийн хурцадмал байдал Хятадын өөрийнх нь аюулгүй байдалтай шууд холбогдоно. Тиймээс Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх нь аль аль талын ашиг сонирхолд нийцнэ. БНАСАУ “Манай аюулгүй байдлыг найдвартай хангах баталгааг Хятад улс гаргаж өгвөл бид цөмийн зэвсгээсээ татгалзахад бэлэн” гэдгээ мэдэгдэж байгаа юм. Өмнө нь БНАСАУ-ын тал энэ байр сууриа Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлаар дамжуулж АНУ-ын талд уламжилсан. Энэ нь Хойд Солонгос, АНУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт болоход нөлөөлсөн юм. Сая Ким Жон Ун өөрийн биеэр Хятадад айлчилж, байр сууриа нотоллоо. Энэ бол Өмнөд Солонгос болон АНУ-д маш том мессеж болж байна. Өөрөөр хэлбэл, уулзалтаар хэлэлцэх асуудлыг тодорхой болгож өглөө. Тиймээс цөмийн зэвсгээсээ татгалзах аман тохиролцоо болон амлалтууд нь хэлэлцээ болон албажиж магадгүй. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаар асуудал тодорхой болвол Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт илүү үр дүнтэй болох байх гэсэн таамаг бий. Харин уулзалт болох хамгийн боломжит газраар Чэжү арлыг нэрлэсэн байна лээ.

АНУ, ОХУ, БНХАУ, Англи, Франц улс НҮБ-ын зөвлөмжөөр бусад улсын дотоод хэрэгт оролцох эрхтэй

-Дөрөв, тавдугаар сард болох дээд түвшний хоёр уулзалтаас эерэг үр дүн гарч магадгүй юм байна, тийм үү?

-Ер нь бол тийм. Уулзалт болох нь тодорхой. Харин уулзалтаар Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах асуудлыг тавих байх. Одоо хамгийн гол нь АНУ аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх асуудал. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэдгийг 1992 онд НҮБ-аас зарласан. Улмаар 1998 онд НҮБ тогтоолын төсөл баталж, 2000 онд цөмийн зэвсгээс ангид улс гэдгээ Монгол Улс хуулиараа баталсан. Үүнийг олон улсын гэрээний хэлбэрт оруулах гэж маш олон жил явсны эцэст 2010 оны есдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотод Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статуст НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн баталгаа гаргаж өгсөн. Энэ улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, цөмийн зэвсэггүй бүс гэдгийг нь хүндэтгэж байна гэсэн утгатай. Одоо манай улсын дараагийн зорилго энэ статусаа олон улсын гэрээний хэлбэрт оруулах. Ингэж байж баталгаажина гэсэн үг. Аюулгүй байдлаа хангаж байгаа Монгол Улсын энэ загвар Солонгосын хойгт их чухал. Өөрөөр хэлбэл, Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болох АНУ, ОХУ, БНХАУ, Англи, Франц улс өөрсдийнх нь эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн баталгаа гаргаж өгвөл Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах боломжтой. Үүний эхлэл нь АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт болох юм.


-Хойд Солонгос цөмийн зэвсгээр сүрдүүлсэн байдалтай олон жил явлаа. Харин одоо байр суурь нь зөөлөрч байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?

-Хамгийн гол зүйл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ. Хамгийн сүүлийнх нь арваннэгдүгээр сард гарсан. Есдүгээр сард гарсан өмнөх тогтоолоор Хойд Солонгост нийлүүлэх газрын тосыг 50 хувиар танасан.

Гэтэл сүүлийн хориг арга хэмжээгээр дахиад 50 хувиар бууруулж байгаа юм. Хориг арга хэмжээний хүрээнд газрын тосны нийлүүлэлтийг танахаас гадна гадаадад ажиллаж байгаа солонгос иргэдийг нутаг буцаах, Солонгостой худалдаа хийж буй бүх компанийг хязгаарлах гээд олон чиглэлтэй. Ингэснээр Хойд Солонгосын эдийн засаг асар хүнд байдалд орсон. Нөгөө талаар, АНУ Хойд Солонгост цохилт өгөх нь нээлттэй болоод ирсэн. Иймэрхүү хурцадмал байдал Хойд Солонгосын аюулгүй байдалд шууд нөлөөлж байгаа юм. Энэ бүх хүчин зүйл хатуу байр сууриа өөрчлөхөд хүргэсэн байх.


-Хэрэв сайнаар бодоод БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзвал дараагийн алхам юу байх бол. Хоёр Солонгос нэгдэн нийлэх үйл явц яригдах уу?

-Солонгос хоорондын эв нэгдлийг гаднын оролцоогүйгээр шийдэх ёстой гэж Хойд Солонгос үздэг. Яах аргагүй нэг хэлтэй, нэг үндэс угсаатай улс нэгдэх асуудлаа гадныхнаар шийдүүлэхгүй байх. Ер нь хоорондын нэгдэл бол хоёр Солонгосын хамгийн том асуудал. Тийм ч амар шийдэгдэхгүй. Яриа хэлэлцээ магадгүй XXI зууны турш үргэлжилж мэднэ. Гэхдээ нэгдэн нийлэх нь дараагийн асуудал. Хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл нь цөмийн зэвсэггүй бүс болох. Хоёр тал боломжийг ашиглан тохиролцоонд хүрч, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ёстой. Хэрэв тохиролцоонд хүрвэл дараагийн асуудал яригдана. Тухайлбал, Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг үе шаттайгаар сулруулна гэсэн үг.


-Хойд Солонгос Америкийн талтай хэлэлцээ хийхдээ зөрүүлээд “Танай улс ч гэсэн цөмийн зэвсгээсээ бага багаар татгалзах ёстой” гэсэн санал тавих магадлал бий юу?

-Ийм санал тавихгүй. Яагаад гэвэл АНУ, ОХУ, БНХАУ, Англи, Франц бол НҮБ-аас цөмийн зэвсэгтэй байхыг нь хүлээн зөвшөөрсөн, Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн улс. Энэ таван улс дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хамгийн гол үүрэгтэй оролцдог. Өөрөөр хэлбэл, НҮБ- ын зөвлөмжөөр бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхтэй. Тиймээс Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулахын тулд эдгээр таван орон аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх ёстой. Эхний ээлжинд Хятадаас зохих хэмжээний дэмжлэг авчихлаа. Дээр нь АНУ баталгаа гаргаад өгвөл цөмийн зэвсгээсээ ангижрах алхам урагшилна. Үр дүнд нь хориг арга хэмжээг үе шаттайгаар багасгана. Ингэснээр БНАСАУ-ын хөгжил зохих хэмжээгээр урагшлах болно. Ийм л харилцан ашигтай байх боломж бүрдэх юм. Энэ нь бүс нутаг болоод дэлхийн энх тайванд хожил авчирна. Одоо цөмийн зэвсэг хэрэглээд хэн ч хожихгүй шүү дээ. Гэхдээ асуудал сайхан болчихлоо гэж юу юугүй хөөрөөд яахав. Харин төлөв байдал зөв зам руугаа орлоо гэж хэлэхэд буруудахгүй байх.


-Яг одоо Хойд Солонгосын нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Хойд Солонгос маш хүчтэй тоталитар дэглэмтэй улс учраас аюулаас хамгаалахын хараа хяналт их. Тиймээс юу юугүй хувьсгал дэгдчихгүй байх. Энэ улс ойролцоогоор 25 сая хүнтэй. Эдийн засаг нь маш хүнд байгаа нь ойлгомжтой. Дор хаяж хоёр сая хүүхэд өлсгөлөнгийн байдалд байгаа гэдэг. НҮБ-ын хэд хэдэн хориг эдийн засагт нь маш хүнд дарамт учруулсан. Тиймээс энэ асуудлыг шийдэх эхний гарц нь яриа хэлэлцээ. Харин цөмийн зэвсгээр аюулгүй байдлаа хангана гэдэг дэлхий даяаршиж, бүгд бие биенээсээ харилцан хамааралтай болсон өнөөгийн нөхцөлд ямар ч боломжгүй зүйл. Хятад улс бол Солонгосын хойгт маш чухал үүрэг оролцоотой, уламжлалт холбоотон түнш. Хэрэв энэ бүс нутагт цөмийн дайн дэгдэх, эсвэл Хойд Солонгосын дэглэм нуран унавал Хятадын аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлнө. Энэ улсын 25 сая дүрвэгч Хятад руу ороод ирнэ гээд төсөөл дөө. Тиймээс Хятадын аюулгүй байдалтай яах аргагүй холбогдож байгаа юм.


-Солонгосын хойгт энх тайван тогтох нь Монголд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Одоо Өмнөд Солонгост Монголын 46 мянган иргэн байна. Тэд Монгол руу жилд ойролцоогоор 200 сая ам.доллар шилжүүлдэг. Энэ нь Монголын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлдэг. Хэрэв дайн болвол Монголын тэр олон иргэн хэцүү байдалд орох нь тодорхой.

Нөгөөтэйгүүр Хойд Солонгосын ажиллах хүчин Монгол руу явах боломж бүрдэнэ. Мөн Хойд Солонгосын хөлөг онгоцууд Монголын далбааг ашиглаж болно. НҮБ-ын хориг арга хэмжээнээс болоод Монголын найман далбааг Хойд Солонгосын хөлөг онгоцуудаас хураагаад авчихсан шүү дээ. Энэ мэтээр Монголд нөлөөлөх нөлөөлөл их. Улс орнууд аюулгүй байдлын ойлголцолд хүрнэ гэдэг хамтын ажиллагаагаа урагшлуулах олон боломж нээж өгнө. Тэгэхээр тавдугаар сард АНУ, Хойд Солонгосын уулзалт ихийг хэлж өгөх байх. Би хувьдаа энэ уулзалтаар ямар нэг байдлаар тохиролцох болов уу гэж бодож байгаа.


САНАЛ БОЛГОХ