ОПЕК, ОХУ олон жилийн эвсэл байгуулахаар эргэцүүлж байна

Мэдээ


Олборлолтоо жилийн турш хязгаарласан ОПЕК, ОХУ газрын тосны зах зээл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Үүнийг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухамед бин Салман мэдэгдэв. Рияд, Москва хоёр газрын тосны үнийг хяналтдаа байлгах зорилгоор урт хугацааны эвсэл байгуулах сонирхолтой байгаа юм. “Жил жилээр тохиролцохын оронд 10-аас 20 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулах шатанд шилжихээр ажиллаж байгаа”-г угсаа залгамжлагч хунтайж Reuters-д мэдэгдлээ. Урьд нь 2014 онд баррель нь 100 гаруй ам.доллар байснаа 2016 онд 30 хүрэхгүй ам.доллар болтлоо буурсан газрын тосны үнийг тогтворжуулахын төлөөх ОПЕК болоод тус картелийн бус олборлогчдын хамтын тэмцлийг Саудын Араб тэргүүлдэг. Жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн тохиролцооноос хойш олборлогчид илүү урт хугацааны хэлэлцээр байгуулах тухай ярилцах болсон.

Гэхдээ хэлэлцээрийн хугацааг олборлогчид сая л анх удаа тодорхой заалаа. “Бид алсыг харсан ерөнхий хэлэлцээр байгуулсан ч нарийн ширийн зүйлсийг тогтож амжаагүй” хэмээн хунтайж Мухамед АНУ-д айлчлах үеэрээ тайлбарлаж байв. Нүүрс устөрөгчийн баялгаас хараат байдлаа багасгах эрмэлзэлтэй Саудын Араб нь эдийн засаг, нийгмийн шинэчлэлээ санхүүжүүлэхийн тулд газрын тосны үнийг тогтворжуулах арга хайж ирсэн. Мөн төрийн өмчийн Saudi Aramco хэмээх аварга компанийн хувьцааг зах зээлд гаргах гэвэл газрын тосны үнийг өсгөх нь чухал байгаа юм. Гэтэл АНУ-ын занарын олборлолт ихсэж буй нөхцөлд ОХУ хэлэлцээрээс гарахаар шийдвэл үнэ тогтонги болж магадгүй гэсэн түгшүүр үүслээ. Хэлэлцээрт Москва нэгдсэн нь өвөрмөц үзэгдэлд тооцогдож буй. Мөн олон арван жил хүчин төгөлдөр үргэлжлэх тохиролцоо байгуулах нь олборлогчдод хосгүй хэрэг болох юм. Газрын тосны зах зээл дэх “уялдаатай” ажиллагаа нь Саудын Араб олборлогчдыг “амжилттай тэргүүлж буй”-н илрэл хэмээн Нью Йорк хотноо хуралдсан Саудын Араб, АНУ-ын бизнесийн удирдагчдын чуулган дээр вант улсын эрчим хүчний сайд Халид аль Фалих мэдэгдлээ. “10-аас 20 жилийн хугацаатай хэлэлцээр”-ийн дүнд газрын тосны үнэ тогтворжвол нефть, шатдаг хийн үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт ч ирээдүйн эрэлтэд нийцэн өсөх сайн талтайг хунтайж тайлбарласан юм.


САНАЛ БОЛГОХ