Хятадуудад зориулсан Номхон далайн хаяа

Кино


“Их Холливуд”-ыг эзлэх эхний шат нь “Legendary”-ыг худалдаж авах байв

Pacific Rim Uprising хэмээх зөгнөлт блокбастер дэлхийн кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ. Уг бүтээлийг аварга роботууд болон зүүдэнд ч оромгүй харь гарагийн аймшигт амьтдын тулааны тухай 2013 онд бүтээсэн Холливудын Legendary студийн энэ кино хэрэг дээрээ хятадуудад зориулсан бүтээл билээ. Учир нь Legendary студийг 2016 онд Хятадын Wanda Group худалдаж авсан. АНУ-ын кино зах зээлд идэвхтэй нэвтэрч буй хятадууд цаашид өрнөдийн студи, Холливудыг бүхэлд нь эзэмших зорилготой гэмээр. Холливудын кино 1980-аад онд ямар байсан бэ? Америкийн эдийн засгийг Японы компаниуд эзлэх тухай шууд болон битүү сануулсан утга олон кинонд шингэсэн байдаг. АНУ-д ихээхэн хөрөнгө оруулсан япончууд Холливудыг ч сонирхож байсан нь үнэн. Sony концерн 1989 онд Columbia Pictures-ыг салбараа болгоход бусад студид ч ижил тавилан тохиолдох нь хэмээж байв.

Гэвч цаг үе өөрчлөгдөж, санхүүгийн ертөнцөд ноёрхох япончуудын эрмэлзэл сарнив. Орыг нь бүр их мөнгө, санаархал, хүн ам бүхий Хятад эзэллээ. Холливудын төслүүдэд мөнгө цутгаж, кино студи худалдан авч буй хятад компаниуд 1980-аад оны Японы хөрөнгө оруулалтай харьцуулахад америкчуудын соёлын тусгаар тогтнолд илүү ноцтой санагдах болов. Саяхан болтол үнэхээр түгших үндэслэл байсан. Legendary-ыг 3.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан нь “Их Холливуд”-ыг эзлэх үйлсийн эхний шат хэмээн Хятадын тэргүүн баячуудын нэг, Wanda концерны захирал Ван Жяньлин мэдэгдсэн удаатай. Тэрбээр Холливудын толгой компанийн нэгийг эзэмших хүсэлтэйгээ илэн далангүй өгүүлсэн юм. Амлалтаа ажил хэрэг болгохоор Ван Жяньлин Paramount-ыг худалдаж авах санал тавьсан. Гэвч студийн удирдлага Wanda Group-ийн өрсөлдөгч Shanghai Media & Entertainment Group хэмээн Шанхайн концернтэй гэрээ байгуулахыг илүүд үзлээ.

Гэтэл сүүлийн хэдэн сараас байдал хувирч Wanda Group Хятадын дотоодын энтертайнмэнтэд төвлөрөхөөр шийдлээ. Legendary нь АНУ төдийгүй дэлхийд томд тооцогдог AMC Theatres кинотеатрын сүлжээ болон бусад хөрөнгийн хамт Wanda-гийн хяналтад үлдэж, худалдан авалтын тухай цуу замхарсан. Ван Жяньлиний “түрэмгийлэл”- ийг америкчууд биш, Хятадын коммунист нам зогсоолоо. Өрнөдийн “эрсдэлтэй” активт хөрөнгө оруулж буй дотоодын хувийн компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ төрийн банкуудад хориглов. Хоригоос үүдэн Paramount- ыг худалдан авах хятадуудын наймаа төрийн бодлого хувирахыг хүлээхээс аргагүй болсон. Уг нь эрх баригчдын хориг утгагүй мэт. Тэр бүр зөвдөөд байдаггүй Хятадын удирдлагын бодлого хэзээд логик утга учиртай байдаг. Legendary-ыг авсан нь эрсдэлтэй наймаа гэдгийг зөвшөөрөхгүй байх аргагүй. Бэтмэний тухай Кристофер Ноланы гурвалсан бүтээл, Godzilla, “300” зэрэг олон бүтээлээрээ Legendary алдартай.

Гэвч бүтээлийн эрхийг бусад компани, үндсэндээ Warner эзэмшдэг учраас Legendary-д тогтмол орлого байхгүй. Legendary-г худалдаж авснаараа Ван Жяньлин саалийн үнээ бус, хоосон брэнд эзэмшсэн юм. АНУ-ын зах зээлд амжилт олж чадаагүй Pacific Rim БНХАУ-д гайгүй зарагдсаныхаа хүчинд л Uprising хэмээх үргэлжлэлтэй болов. Legendary 2016 онд бүтээсэн Warcraft ч өрнөдийн зах зээлээс орлого олж гавиагүй. Томорсоор байгаа Wanda Group-ын бизнес нэг өдөр буруутвал Хятадын төр засаг хүндийг нь үүрнэ. Өрнөдөд ийм бизнесийг “Дампуурна гэхэд даан ч дэндүү” хэмээн тодорхойлдог. Учир нь төр засаг нийгэм, санхүүгийн хямрал дэгдээхгүйн төлөө томчуудыг аль болох унагахгүйг хичээхээс аргагүй. Бизнесээ жолоогүй өсгөснөөс зээлээ дийлэхээ байсан захирлууд компаниа аврахаар төрийн банкнаас царай алдаасай гэсэн хүсэл Хятадын удирдлагад төрдөггүй нь мэдээж. Хятадын компаниуд Холливудын студи худалдаж авах мөнгийг үндсэндээ дотоодын эдийн засгаасаа олж байгаа. Legendary-ыг худалдаж авсны хариуд Хятадад юу орж ирэх вэ. Legendary Хятадад ажлын байр бараг үүсгээгүй, технологийн дэвшил авчраагүй, хотын амьдралыг сайжруулаагүй. Өрнөдийн үзэгчид Мао даргын эшлэлтэй киног хүлээн авахгүй учраас Legendary хятад марксизм сурталчилсан кино бүтээхгүй. Гэхдээ Legendary бүтээлдээ хятад дүрийг гэгээлэг харуулах үүрэгтэй. Нарийн хяналт бүхий Хятадын киноны аварга зах зээл яах аргагүй хэрэгтэй учраас Холливудын бусад компани ч энэхүү “бичээгүй журам”-ыг дагадаг. Тэгэхээр хөрөнгө оруулсан, оруулаагүй америкчуудын өөрсдөө хийж өгөөд байгаа зүйлд дэмий мөнгө үрэх хэрэг алга. Тиймээс Холливудыг эзлэх хятад дуршил саарч байна. Гэхдээ энэ нь БНХАУ-д улсын корпорациуд хүчээ авч буйтай холбоотой байж болзошгүй. Магадгүй Ван Жяньлиний наймаанд саад хийснээрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин Холливудыг Хятадын төрийн компаниудад үлдээж буй хэрэг болов уу.


САНАЛ БОЛГОХ