Төрийн нэр дор нийтийн өмч үнэгүйдсээр байна

Мэдээ


Төрийн өмчийг татан буулгах ажил зогсолтгүй үргэлжилнэ

Төрийн оролцоотой 120 гаруй аж ахуйн нэгжийн дийлэнх нь алдагдалтай ажиллаж байна. Үүнийг хоёр хоногийн өмнө болж өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулганаар ахиад л хэлэлцлээ. Уг нь Засгийн газар энэ байдлыг даруй засаж, 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт дээрх компаниудын алдагдлын хэмжээг бууруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх тухай зорилт тавьсан. Гэтэл өнгөрсөн хоёр жилд дорвитой өөрчлөлт гарсангүй. Алдагдалтай, өр авлага нь олон жилийн турш хуримтлагдсан тул санхүүгийн үзүүлэлт нь ер сайжирч, дээрдсэнгүй. Төрийн өмчит компаниудад нийтлэг нэг л төрх байна. Тэр нь засаглалын зарчим алдагдаж, санхүүгийн хариуцлагагүй байдал нүүрлэсэн, ашиг орлого нь багасаж, үйл ажиллагаа нь доголдсон байдал. Энэ хэвээрээ байвал цаашид оршин тогтнох чадамжгүй төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах, өөрчлөн байгуулах, нэгтгэх, татан буулгах үйл явц тасралтгүй өрнөх төлөвтэй байна. Засгийн газар энэ он гарсаар Аж үйлдвэрийн цогцолбор, Монгол тариалан корпораци, Монгол мах корпораци, Монгол тамга, Авто замын тоног төхөөрөмжийн түрээс зэрэг төрийн өмчит таван үйлдвэрийн газрыг татан буулгасан. Зөвхөн энэ хэдээр зогсохгүй татан буулгах, нэгтгэх ажил ирэх өдрүүдэд эрчимжих нь. Үүний нөлөөгөөр төрөөр овоглосон, хувийн хэвшлээс илүү эрх, ямба эдэлдэг компани, үйлдвэрийн газрын тоо толгой цөөрч магадгүй юм. Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа огт явуулаагүй атлаа их хэмжээний өртэй болчихсон, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй үйлдвэрийн газрыг татвар төлөгчдийн мөнгөөр төр өнгөрсөн хугацаанд “угжиж” ирсэн. Тэгвэл урьдын байдлыг халж, зардлаа танаж, төсвөө хэмнэх чиглэлд төр багагүй ахиц гаргах сайн тал ажиглагдах болов.

Гэхдээ үүний ард төрийн өмч үнэгүйдэх, хөрөнгө завших эрсдэл үүсэж мэдэх юм. Төрийн өмчит компаниудаас 30 хүрэхгүй нь ашигтай ажиллаж байна гэсэн статистик бий. Тэгвэл үүнийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017 онд тавьсан ч алдагдал, өр, авлагын хэмжээг хумиж чадахгүй байна. Уул уурхайн эрдэс түүхий эдийн үнэ тогтвортой байсан тулдаа л “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй цөөн хэдхэн компанийн санхүүгийн үзүүлэлт өнгөрсөн онд ашигтай гарч, төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдсэн. Харин хамгийн өндөр алдагдал үйлдвэрлэдэг компани, үйлдвэр бол цахилгаан, дулааны станцууд. Станцуудыг шат дараатай хувьчлах төлөвлөгөө хойшилж явсаар энэ онтой золгосон. Нийгмийн өмнө хариуцлага үүрдэг учраас цахилгаан, дулаан, ус, эрчим хүч, иргэний агаарын тээвэр болон төмөр зам, авто зам засвар арчлалтын компаниудаа бүрэн хувьчлахгүй гэдгээ одоогийн Засгийн газар илэрхийлж буй. Харин эдгээрээс бусад 30 гаруй компанийг хувьчлах боломжтой гэж үзсэн. Тухайлбал, Оргил рашаан сувилал, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Кино урлагийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн бирж хувьчлалын эхэнд эрэмбэлэгджээ. Гэхдээ энэ онд хувьчлал шинээр зохион байгуулахгүй бөгөөд татан буулгах чиглэлд илүү онцгой анхаарах аж. Төр стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани, үйлдвэрээ ашигтай, ашиггүй ажиллаж байсан ч хамаагүй авч явахаас өөр аргагүй.

• Алдагдалтай, өр авлагын хэмжээ нь гүнзгийрсэн компани, үйлдвэрийн газрыг хэн өмчилж авахыг хүсэх билээ.

• Стратегийн бус салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөж буй компани, үйлдвэрийг зах зээлийн горимд шилжүүлэх, хувьчлах нь нийгмийн захиалга болсон.

• Өмчийн олон хэлбэртэй болсон ч хувийн өмчийг хүндэтгэх үзэл зүгширч хараахан чадахгүй байна.

Гэхдээ алдагдлыг нь бууруулахад анхаарах цаг ирсэн. Харин стратегийн бус салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөж буй компани, үйлдвэрийг зах зээлийн горимд шилжүүлэх, хувьчлах нь нийгмийн захиалга болсон. Энэ чиглэлийн компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах нь илүү оновчтой гэсэн байр суурь ч өдгөө давамгайлж байгаа. Өнөөдрийн байдлаар алдагдалтай, өр авлагын хэмжээ нь гүнзгийрсэн компани, үйлдвэрийг хэн ч өмчилж авахыг хүсэхгүй. Харин ашигтай ажиллаж байвал хувьцаа нь илүү эрэлттэй байх нь дамжиггүй. Тэрчлэн засаглал болон санхүүгийн сайн түүхтэй, ирээдүйтэй компанийг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагч мундахгүй. “Шивээ-Овоо” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Хөрөнгийн биржээр арилжих замаар нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх хувилбар яригдаж байна. “Монгол шуудан” компанийн 34 хувийг биржээр дамжуулан хоёр жилийн өмнө арилжаалж байсан. Энэ хувьчлал шинэ жишиг тогтоосон төдийгүй хамгийн амжилттай хувьчлалын нэг гэж тооцогддог. Монгол Улс 27 жилийн турш хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн бүтэц бүхий нийгмийн харилцааг төлөвшүүлж яваа. Өмчийн олон хэлбэртэй болсон ч хувийн өмчийг хүндэтгэх үзэл зүгширч хараахан чадахгүй байна. Угтаа хувийн хэвшил эдийн засгийн суурь болж байгаа.

Гэтэл сайн бараагаа төр өөртөө нөөцөлж, муу бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд, иргэддээ санал болгож байгаа нь хувьчлал амжилтгүй болох нэг үндэс болдог талтай. Зарим компани, үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах, хувьцааг нь хөрөнгийн биржид бүртгүүлэх, тодорхой хувийг нь арилжаалах санал төр, засгийн түвшинд гарч буй. Хэдий тийм боловч төрийн өмчит компанийн засаглалын өнөөгийн байдал эмзэг байгааг судлаач Д.Байлыхүү өгүүлсэн юм. Манай улсын төрийн өмчит компанийн засаглалын дундаж түвшин 36 хувь, уул уурхайн төрийн өмчит компанийн засаглалын дундаж түвшин 28 хувь тус тус гарчээ. Үүнийг Азийн зарим компанийн засаглалын дундаж түвшинтэй харьцуулахад нэлээд доогуур үзүүлэлт. Засаглал сул байгаа нь алдагдалтай ажиллах, үйл ажиллагаа нь доголдох шалтгаан болж ирсэн. Үүнд мэргэжлийн бус томилгоо, ТУЗ-ийн ур чадвар муу, тааруу менежмент, шахаа, тендерийн будилаан аль аль нь нөлөөлж байна. Эдгээр хүчин зүйлийг өөрчилж чадахгүй бол төрийн нэр дор буй нийтийн өмч үрэгдсээр байх нь.


САНАЛ БОЛГОХ