Газар хөдлөхөд байшинд даруулах эрсдэл ойрхон байна

ЗГМ: Сэдэв


Сүүлийн гурван жилд газар хөдлөлтийн идэвхжил 50 хувь нэмэгджээ

1905 оны зун. Тагнийн нурууны өмнөд хэсэгт хэдэн өдөр үргэлжилсэн газар хөдлөлтийн улмаас Алтан хөхийн нурууны гурван нуурын хоёр нь алга болжээ. Уулын модод үндсээрээ сугаран, тэр чигтээ хиаран унаж, доороос нь ус олгойдож, Тэсийн голын зүүн эрэгт ус цалгин, далайн давалгаа мэт болж, хавь ойроо усанд автуулжээ. Хөвсгөл нуурын ойролцоох голын хавцал нуран унаж, уулын чулуу нурж, газар доогуур айдас төрүүлэм их чимээ нүргэлж, дайвалзсаар, хагарахад морьтой хүн, хонио хариулж явсан хүү унаж амиа алдсан тухай баримтыг Хаант Оросын газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэн А.В.Вознесенский бичиж үлдээжээ. Газар хөдөлснөөс хойш сар гаруйн дараа нутгийн хүмүүсийн яриаг тэмдэглэж авсан түүний баримтад газрын хагарал зарим хэсэгтээ 60 гаруй метр гүн, 6.4 метр өргөн хавцал үүсэж байжээ. Аймшигт гамшгийн гэрч болсон хүмүүс газар доорх чимээг их бууны дуутай зүйрлэж байсан бөгөөд газрын ангал руу морьтой хоёр ч хүн унахыг харснаа гэрчилж байсан тухай А.В.Вознесенский тэмдэглэн үлдээсэн байна.


Энэ бол хувьсгалын өмнөх үеийн монголчууд одоогийн Булнай, Цэцэрлэгийн гэгдэх хоёр том газар хөдлөлтийн гэрч болсныг илтгэх баримт юм. Булнайн газар хөдлөлтийг 8.4, нөгөө нь 7.8 магнитудын хүчтэй байсан гэж одоогийн судлаачид хэлдэг. Үүний ул мөр болох 370, 190 км үргэлжилсэн хагарал нь одоо ч Google earth-ээс тод харагддаг. Тухайн үед 30 орчим сүм хийд ан цав сууж, гажиж, бурхны гүнгэрвааны шил хагарч, Хятадын хоёр шавар тагз нурсан бөгөөд Улиастай хотод хэд хэдэн байшин сүйдсэн тухай Өргөөд сууж байсан Хаант Оросын консул Люба мэдээлж байсан аж. Өнгөрсөн зуунд найман магнитудын хүчтэй газар хөдлөлт дэлхийд 33 болсны дөрөв нь Монголд болсон гэж үздэг. Булнайн хагарал бол тэрхүү хүчтэй газар хөдлөлтийн ул мөр юм. Уг гамшгийн үеэр 10 хүн амиа алдсан гэж монголчууд мэдээлдэг бол олон улсад 30 орчим гэж бүртгэсэн байна. “Харин хохирлын хэмжээ тухайн үеийн төгрөгийн ханшаар 10 сая орчим бөгөөд тэр үед нэг ам.доллар 4-5 төгрөгтэй тэнцэж байсан” хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах секторын эрхлэгч М.Өлзийбат ярилаа. Өнөөгийн ханшаар тооцвол 4.7-6 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн үг.

• 2015 онд их, бага хүчтэй газар хөдлөлт 30 гаруй мянга бүртгэгдсэн бол 2017 онд бараг 45 мянгад дөхсөн байна.

• Нийслэл хотод гамшгийн эрсдэлийг бууруулах бус харин ч нэмэгдүүлэх хүчин зүйл олон бий.

• Газар хөдлөлтөд тэсвэргүй 172 барилгыг ашиглах боломжгүй бөгөөд 98-ыг нь нурааж, дахин төлөвлөлтөд оруулахаар болсон. Гэвч одоогоор гурвыг нь л нураагаад буй аж.

1905 онд болсон газар хөдлөлт бол сүүлд Чили, Японы Фүкүшима, Гайти, Италид болсноос илүү хүчтэй газар хөдлөлт юм. Булнайн хагарал нь тухайн үед Орос руу мал гаргадаг тууврын замаар дайрч өнгөрсөн бөгөөд зуны цагт тэрхүү зам хөл хөдөлгөөн ихтэй байдаг байжээ. Газар хөдлөх гамшгийг монголчууд үзэж байсан учраас хор уршгийг нь мартаж болохгүй гэдгийг анхааруулах үүднээс энэхүү түүхэн баримтыг дахин сануулан бичлээ. Тэгээд ч дахиад ийм гамшигт нэрвэгдэх эрсдэл ойрхон байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Монгол Улс газар хөдлөлтийн маш идэвхтэй голомтод оршдог гэдгийг судлаачид хэлдэг. Алтайн нуруу, Говь-Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Говь гурван сайханы дагуу тектоник хавтангийн байнгын хөдөлгөөн явагддаг байна. Нийслэл хот гэхэд газар хөдлөлтийн идэвхтэй 11 голомтын дунд оршдог. Нөгөөтэйгүүр, Төвөдийн өндөрлөг, Евразийн эх газарт газар хөдлөлтийн идэвхжил жилээс жилд нэмэгдэж буйг илтгэх баримт бий. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн бүртгэлээр манай улсад сүүлийн гурван жилийн хугацаанд газар хөдлөлтийн идэвхжил 50 хувь нэмэгджээ. 2015 онд их, бага хүчтэй газар хөдлөлт 30 гаруй мянга бүртгэгдсэн бол 2017 онд бараг 45 мянгад дөхсөн байна. Харин сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийслэл орчмын газар хөдлөлийн идэвхжил жилд мянгаас буухгүй байгаа аж. Ялангуяа, хүнд мэдрэгдэх буюу 4-4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд нэмэгдэх хандлагатай байгааг М.Өлзийбат анхаарууллаа. Үүний шалтгааныг тэрбээр “Монголд явагдаж буй геодинамик хөдөлгөөний дагуу энерги хуримтлагддаг тул хүчтэй газар хөдлөх магадлал нэмэгддэг” хэмээв. Улаанбаатарт газар хөдөлбөл нийт хүн амын тэн хагас нь шууд өртөнө гэсэн үг. Газар хөдлөлт хэлж ирдэггүй гамшиг учраас хүн төрөлхтөн хохирлыг нь бууруулахын тулд хот төлөвлөлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг.

Харин нийслэл хотод гамшгийн эрсдэлийг бууруулах бус харин ч нэмэгдүүлэх хүчин зүйл олон бий. Орон сууцны хорооллоос хэдхэн алхмын зайд шатахуун түгээх станцтай, хотын төвдөө өндөр шилэн барилгууд нь багшралдсан гээд муу төлөвлөлтийн хажуугаар барилгын чанар муу. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлөөс нийслэлийн 35 мянган орон сууцны 566-д нь газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар хэр зэрэг байгааг үнэлж тогтоожээ. Үүний 319 буюу талаас илүү нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж тогтоогдсон байна. Харин 30 орчим хувь нь тэсвэрлэх чадвартай бол 13.2 хувийг нь хүчитгэх шаардлагатай байгаа аж. Тэсвэрлэх чадваргүй 172 барилгыг мэргэжлийн хяналтаас ашиглах боломжгүй гэж дүгнэсэн бөгөөд 98-ыг нь нурааж, дахин төлөвлөлтөд оруулахаар болсон. Гэвч одоогоор гурвыг нь л нураагаад буй аж. Өөрөөр хэлбэл, газар хөдлөхөд 1905 оных шиг ангалд унаж үрэгдэхгүй ч чанаргүй барилгад даруулах эрсдэл өндөр байна гэсэн үг. Харин улс орнууд хот төлөвлөлтөө зөв хийж, байшин барилгаа чанаржуулж, хүмүүсээ дадлагажуулах замаар гамшгийн эрсдэлийг бууруулдаг. Тэгвэл бид гамшгийн үед амьд гарахын тулд байшин барилгын чанарт бус өөрсдөдөө найдахаас өөр арга байхгүй.



САНАЛ БОЛГОХ