Д.Сугарын бүрэн эрх дуусахаар АТГ-т хандана
Байр суурь
Прокуророос Д.Сугарын хэргийг хаасан тул Ерөнхийлөгчид хандахаар болжээ
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусах ёстой. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан асуудал одоо ч тодорхойгүй байна. Хууль хяналтын байгууллагаас үүнтэй холбоотойгоор тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авч буй. Гэвч тухайн үед Төрийн өмчийн хорооны даргын алба хашиж байсан Д.Сугарын өдгөө хашиж буй Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаал хуулийн байгууллагын ажиллагаа хэвийн явагдах боломж олгохгүй байлаа. Харин ирэх тавдугаар сард Үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлаа өгөх, иргэн Д.Сугарыг хуулийн хамгаалалт, халхавчгүйгээр шалгаж, үнэн мөнийг тогтоох боломж бүрдэх нь. Тэгвэл түүний халдашгүй байдлын хугацаа дуусахыг хүлээж буй хүн өчигдөр нэгээр нэмэгдлээ.
Тэр бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн. Өчигдөр Төрийн ордон дахь албан өрөөндөө хэвлэлийн бага хурал хийж, Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар АТГ-аар шалгуулна хэмээн тэрбээр мэдэгдлээ. Цэцийн гишүүн Д.Сугар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг нэр хүндэд нь халдсан гэж шүүхэд гомдол гаргасан байна. Тус гомдлыг лхагва гарагт Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгожээ. Эрчим хүчний сайд Ц.Даваа сүрэн “Д.Сугар намайг нэр төрд халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан юм. Анх 2014 оноос МИАТ-ийн хэрэгт сэжиглэгдэн цагдаад шалгагдсан хэрэг нь АТГ руу шилжиж байсан. Тиймээс АТГ-аас Цэц, УИХ-д энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Ийм хүн Үндсэн хуулийн Цэцэд суугаад байж болохгүй. Яагаад Д.Сугар өөрөө ийм олон хэрэгт холбогдон, шалгагдаж байсан хэрнээ санаа зовохгүй байгааг гайхаж байна. Санаа зовохгүй
байна гэдэг нь энэ хүний мөн чанарыг харуулж байна.
Олон хэрэгт холбогдсон хүнийг буцааж томилвол УИХ тарах хэрэгтэй
Д.Сугар шиг хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байгаа юм. Ирэх тавдугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар АТГ-т хандаж шалгуулна. Прокурор энэ хүний хэргийг хаасан. Тиймээс уг асуудлаар Ерөнхийлөгчид хандана” гэсэн юм. Гэхдээ Үндсэн хуулийн цэцэд бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүн өнөөдөр ажиллаж буй. Мөн ирэх тавдугаар сард хугацаа нь дуусах гишүүн Д.Сугараас гадна нэг бий. Тухайлбал, Д.Наранчимэг, Н.Жанцан нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн жил дуусгавар болжээ. Харин ирэх тавдугаар сарын 9-нд Д.Сугараас гадна Т.Лхагва гишүүний бүрэн эрх дуусаж байгаа юм. Гэвч Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь дууссан ч бүрэн эрхтэйгээ үлдээд буй нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ” гэж заасан байдагтай холбоотой.
Үүнээс үзвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг шалгах боломж ирэх тавдугаар сард олдох эсэх нь эргэлзээ төрүүлж буй юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэнгээс тодруулахад “Д.Сугарыг УИХ-аас санал болгон анх Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж байсан. УИХ дахин ийм ичгэвтэр шийдвэр гаргана гэж бодохгүй байна. Олон хэрэгт холбогдсон ийм хүнийг буцаагаад томилж байвал энэ УИХ тарах хэрэгтэй. Ер нь Цэц ингэж хугацаа нь дууссан гишүүдээ байлгаад байж болохгүй. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэдэг Цэц өөрөө хууль зөрчөөд байж болохгүй” гэлээ. Цэцийн есөн гишүүнд Ерөн хийлөгч, УИХ, Засгийн газраас гурав гурвыг санал болгож, парламентаас зургаан жилийн хугацаатай томилох эрхтэй. Энэ дагуу Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан ч, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн, дэмжээгүй юм. Ингээд Ерөнхийлөгч хүсэлтээ эргүүлэн татаж, Д.Наранчимэг одоо хүртэл цэцийн гишүүнээр ажиллаж буй. Н.Жанцан, Т.Лхагва нарын хувьд мөн л Ерөнхийлөг чийн квотоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон ч, оронд нь томилох хүнээ Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгоогүй байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй