А.Ганболд: Барилгын салбар сэргэх төлөвтэй байна

Байр суурь


Хүнд үе гэдэг үргэлж муу байдаггүй юм байна


Барилгын салбар 2012-2014 онд эрчимтэй өссөн. Гэвч эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан хэсэг хугацаанд уналтад орсон. Харин энэ жилээс барилгын салбар эргээд өсөх төлөв ажиглагдаж буй. Энэ талаар “Премиум” группийн гүйцэтгэх захирал А.Ганболдтой ярилцлаа.

Барилгын салбарын энэ оны төлөв байдал ямар байх бол. Ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?

Энэ онд барилгын салбарт маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжинэ. Тухайлбал, БНХАУын хөнгөлөлттэй зээлээр орон сууцны төслийг дахин хэрэгжүүлнэ. Мөн гэр хо­рооллын дахин төлөвлөлтийн төслийг дахин үргэлжлүүлэ­хээр төлөвлөж байна. Үүнээс гадна БНСУ-аас авах 500 сая ам.долларыг орон сууцны төсөлд зарцуулахаар болсон. Түүнчлэн орон сууцны ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Харин гадаад орчинд уул уурхайн барилгын материалын түүхийн эдийн үнэ харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. Үүнийг өнгөрсөн оны үзүүлэлтээс харж болно. Тэгэхээр 2018 онд барилгын салбар урьд жилүүдийг бодвол харьцангуй өсөлттэй байх нь тодохой харагдаж байгаа юм.

Санхүүжилтийн бэрхшээлээс үүдэн орон сууцны ипотекийн зээл олголт бараг л зогссон. Энэ нь барилгын салбарт яаж нөлөөлж байна вэ? 

Мэдээж хэрэг барилгын салбарын гол худалдан авагчид бол иргэд. Одоогийн байдлаар иргэдийн худалдан авах чадвар тааруу байна. Харин урт хугацаатай, бага хүүтэй болон урьдчилгаа төлбөр бага байх боломжтой санхүүжилтийн эх үүсвэртэй бол орон сууц худалдаж авах сонирхолтой худалдан авагч олон байна. Өнөөдрийн байдлаар орон сууцанд 95 мянган өрх аж төрдөг. Харин үүний цаана орон сууцанд хамрагдах шаардлагатай 230 мянган өрх байгаа юм. Тэгэхээр орон сууцны ипотекийн зээлийг зогсолтгүй үргэлжлүүлж байж барилгын салбарыг дэмжих боломж бүрдэнэ.

Засгийн газраас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар зорьж байна. Үүнд онцлох зүйл нь юу байна вэ?

Нэмэлт, өөрчлөлтийн төс­лийг харахад зээлийн журамд багагүй өөрчлөлт орохоор байна. Тухайлбал, урьдчилгаа төлбөр болох 30 хувь болон найман хувийн хүүтэй зээлийн нөхцөл тодорхой хэмжээгээр өөрчлөгдөнө. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 25 хувь, хүүг нь долоон хувь болгож байгаа нь барилгын салбарын хөгжилд том түлхэц болно. Уг төсөл цаашид зээлийн эргэн төлөлтийн санхүүжилтээр үргэлжлэх бөгөөд нэмж төсвөөс санхүүжилтийг шийдэж өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.

Ипотекийн зээл зогссонтой холбоотойгоор барилгын ажил зогсож, худалдан авагчдадаа хүрч чадахгүй байгаа барилгын тоо олширсон. Энэ нь барилгын салбарыг дарамтад оруулж байна уу?

Төсөл, хөтөлбөрүүд зогсо­хоор барилгын салбарын бэлтгэн нийлүүлэгчдэд, туслан гүйцэтгэгч нарт хүндээр тусдаг. Барилгын материалыг эргээд зах зээлийн өөр салбарт нийлүүлэх боломжгүй. Барилгын салбар хүнд байдалд ороход бусад салбар ч мөн хэцүү байдалд орно гэсэн үг. Тухайлбал, бэлэн мөнгө байхгүй болсноор бартерын зах зээл бий болчихсон. Өнөөдөр бүх салбарт бартерийн солилицоо хэрэгжиж байна. Иймээс ипотек болон гаднын хөнгөлөлттэй зээл тусламжийг зөв зарцуулж байж энэ хүнд нөхцөл байдлаас гарах боломжтой.

Татварын орчинд орж буй өөрчлөлтөд хэр анхаарал хандуулж байна вэ. Засгийн газраас татварын багц хуулийг шинэчилэхээр ажиллаж байгаа. Үүнд гарч байгаа өөрчлөлт барилгын салбарт хэрхэн нөлөөлөх вэ?

Татварын орчинд эргэж харах асуудал их бий. Уг асуу­далд Засгийн газраас анхаарал хандуулж, салбарынхны дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа нь маш дэвшилттэй зүйл гэж ойлгож байна. Хэрэв хүсэж байгаа өөрчлөлтүүд гарах юм бол бизнесийн салбарт маш том дэмжлэг болно.







САНАЛ БОЛГОХ