“Оюутолгой”-н гэрээг баталсан шигээ цуцалж бас болно гэв

Албаны хүний үг


“Оюутолгой”-н гэрээг баталсан шигээ цуцалж бас болно гэв

МАХН, МҮАН, ИЗНН, Монголын ногоон намын зүгээс “Оюутолгой”- н гэрээг цуцлахтай холбоотой “Тулган шаардлага” гаргаад буй. “Оюутолгой”-н гэрээг цуцлах шаардлагаа тэд найман үндэслэлээр тайлбарлаж байв. Энэ талаараа тус намын удирдлагууд болох Н.Энхбаяр, О.Бум-Ялагч, Б.Цогтгэрэл, Ц.Ганхуяг нар хэвлэлийн бага хурал хийн, мэдэгдсэн бөгөөд үндэслэлүүдээ ч тайлбарлаж байв. Юун түрүүнд “Оюутолгой”- н хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголын тал баялгийнхаа эзэн биш болсон хэмээн тэд үзэж байна. Мөн Rio Tinto компанитай хийсэн гэрээний дагуу Монгол Улс газар нутгийнхаа эзэн биш болсон бөгөөд, орчин үеийн колоничлолын шинжтэй гэрээг байгуулсан хэмээв. Түүнчлэн тус төслөөс манайх ногдол ашиг авах боломжгүй болсон, “Оюутолгой”-н гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуулийг давсан, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ хийсэн нь цуцлах бас нэгэн үндэслэл болсон гэлээ. “Оюутолгой” ордыг ашиглахдаа усны асуудлыг буруу зохицуулснаас болж Монголын говь нутаг элсэн цөл болж хувирах аюултай нөхцөл бүрджээ. Түүнээс гадна тус гэрээ нь хөрөнгө оруулалтын муу жишгийг тогтоосон хэмээн улс төрийн хүчнүүд үзэж байв. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчилтэй гадаадын байгууллагын зөвлөгөөгөөр тус гэрээг байгуулсан гэж үзэж байна. Эцэст нь зэс хайлуулах буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусгаагүй тул гэрээг цуцлах шаардлагатай хэмээн хэлсэн юм. Энэ талаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай дэлгэрүүлэн ярилцлаа.

-ИЗНН болон зарим улс төрийн хүчин хамтран “Оюутолгой”- н гэрээтэй холбоотой тулган шаардах бичгийг Ерөнхийлөгч, парламентад хүргүүлсэн. Гэрээг цуцлах шаардлагыг тавьсан үндэслэлээ дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?
-Уг гэрээг цуцлах найман үндэслэл байна. Тухайлбал, Монголын тал баялгийнхаа эзэн нь биш болсон. Оюутолгой компани 2014 оны аравдугаар сард нөөцөө шинэчлэн тогтоож, зарласан. Энд зарласнаар Тус ордод 44.5 сая тонн зэс, 1914 тонн алт, 11939 тонн мөнгө, 205 мянган тонн молибдений нөөц байна. Лондоны биржийн баасан гарагийн ханшаар нэг тонн зэс 6500 ам.доллар, алт унц нь 1700 ам.доллар, мөнгө унц нь 16 ам.доллар, молибден нэг тонн нь 25 мянган ам.доллар байгаа. Ингээд бодоод үзэхээр нийт 400 орчим тэрбум ам.доллар бүхий баялгийн нөөцтэй орд юм. Энэ нь Монголын нэг хүнд 320 сая төгрөг, нэг өрхөд 1.3 тэрбум төгрөг өгөхтэй тэнцэх баялаг. Гэтэл Монгол Улс өөрийн 34 хувийг хүүтэй зээлээр гадаадын компаниас худалдан авсан. Мөн баялгийн хуваарилалтын буруу арга хэрэглэсэн учир Монголын талд ногдох өгөөж асар муу, ард түмэн баялгаа захиран зарцуулах эрхгүй, борлуулалтын орлого Монголд орж ирэхгүй болсон. Мөн ордын алтыг Монгол банкинд тушаахгүй байна.

“Оюутолгой”-н баялаг Монголын нэг хүнд 320 сая төгрөг ногдох хэмжээтэй
-Монголын талд ногдох өгөөжийг яагаад муу гэж бодож байна?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд энгийн хувьцаа эзэмшигч ногдол ашиг авахыг хязгаарласан заалт туссан. Энэ нь Монголын тал “Оюутолгой” ордоос ногдол ашиг авах боломжгүй болгож байгаа юм. Мөн олборлолтын эхний жилүүдэд “Оюутолгой” ордын хамгийн ашигтай хэсгийг сорчлон ашиглаж буй. Цаашид баялгийн агууламж багатай хэсэг рүү орохоор илүү өндөр өртгөөр ашиглах шаардлага үүснэ. Энэ нь ногдол ашиг авахгүй байх бас нэгэн нөхцөл болох юм.

-Нэгэнт хийгдсэн муу гэрээг илүү сайнаар яаж хийх боломж байсан бэ?
-Улс төрийн дөрвөн нам байр сууриа тодорхой болгочихлоо. “Оюутолгой”- н гэрээг цуцлах талаар ард түмний санал асуулгыг авна. Хэрэв дэмжиж байвал ард түмний шийдвэрийг УИХ шууд хэрэгжүүлэх ёстой.

-2009 онд Rio Tinto-гоос өөр энэ төслийг хөдөлгөх хэмжээний хөрөнгө оруулагч байсан юм уу?
-Хөрөнгө оруулагч огт олдохгүй байсан юм уу гэдэг асуулт гарч ирдэг л дээ. Тэгвэл ер нь “Оюутолгой” ордыг хэн хайж олсон юм бэ гэдэг асуулт ч гарч ирнэ. Тус ордод “Оюутолгой” гэдэг нэрийг өвөг дээдэс минь өгчихсөн байсан. Өөрөөр хэлбэл, энэ газар ийм баялаг байгаа гэдгийг тэд мэдэж байсан юм. Rio Tinto хөрөнгө оруулалт хийхээр зориглож орж ирсэн байж болно. Гэхдээ энэ орно, тэр орохгүй гэдэг нь чухал биш. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1962 оны 1803 тоот тогтоолд заасанчлан аливаа хөрөнгө оруулагч нь тухайн улс орныхоо үндэсний эрх ашиг, нийтийн сайн сайхны тусын тулд ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулах ёстой байдаг юм. Бидний хэлээд байгаа 400 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй ордоос Монгол Улс хэзээ ашиг хүртэх нь тодорхойгүй байна л даа. Наад захын жишээ шүү дээ. НҮБ-ын энэ тогтоол л “Оюутолгой”- н гэрээг цуцлах нөхцөлийг үүсгэж байгаа юм. Бид шударга ёсыг л хүсэж байна. Түүнээс биш ямар ч хөрөнгө оруулагчийг хөөж, занаж зүхээгүй. Хамгийн гол нь Монголын ард түмний эрх ашигт нийцсэн гэрээ байгуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Энэ гэрээний асуудлаар УИХ дээр Ажлын хэсэг байгуулагдсан. Бид УИХ-ын дарга болон тус Ажлын хэсгийнхэнтэй уулзана. Яаж энэ гэрээг шинээр хийж болох талаар ярилцах шаардлагатай.

-“Оюутолгой”- н хөрөнгө оруулалтын гэрээн дээр хоёр тал маргаанаа яаж шийдэхээр тусгасан байдаг вэ. Таны хэлсэнчлэн НҮБ-ийн 1803 тоот тогтоолоор шууд шийдчихгүй байх?
-Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан. УИХ-ын гишүүд баталж болсон юм бол цуцалж бас болно. Хэрэв ард түмний талд байвал шүү дээ. Гэхдээ одоогийн УИХ-д итгэх итгэл байхгүй болсон. Бид бүхэн ард түмний дунд санал асуулга явуулъя гэсэн. Ард түмэн өргөн хэмжээгээр оролцоод, гэрээг цуцлах шаардлагатай гэж үзвэл УИХ шууд цуцлах л ёстой. Харин ингэж цуцалснаас болж гарах цаашдын үр дагавар, хариуцлагыг гэрээ байгуулсан хүмүүс үүрэх ёстой. Бид бол саналаа л тавьсан.


САНАЛ БОЛГОХ