Бид дэргэд байгаа боломжоо бусдад алдаж болохгүй

Албаны хүний үг


Хил орчмын аяллын бүс тогтоож, үүнд нийцсэн маршрут гаргаж болно


Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөртэй ярилцлаа. “Үл үзэгдэх экспорт” хэмээн тодотгодог тус салбар манай улсын ДНБ-ий 2.3 хувийг эзэлж буй. Өнгөрсөн онд 470 мянган жуулчин хүлээн авсан бол үүнийг ойрын жилүүдэд нэг сая хүргэхээр төр, хувийн хэвшил зорьж байна.


Монголын эдийн засгийн ээлжит чуулганы үеэр хил орчмын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар оролцогчид хөндсөн. Үүнийг олон жил ярьж байгаа ч бодитой ахиц, дэвшил гарахгүй байна. Учир шалтгаан нь юунд байна вэ?

Аялал жуулчлал бол тусгай нөхцөл шаардаж байдаг нэг төрөл. Хөгжлийн хувьд дорой байгаа нь үнэн. Өвөр Монголын зах зээлд түшиглэн хоёр орны хэмжээнд энэ төрлийн аяллыг хөгжүүлэх боломжтой. Гэхдээ тодорхой бус, ойлгомжгүй байдал нэлээд байна. Хөгжүүлнэ гэж зорьж байгаа боловч өнөөг хүртэл багагүй саад, хүндрэл гарч ирсэн. Энэ болгоныг давж гараад хөрөнгө оруулалт хийсэн компани ч алга. Дийлэнх нь энэ төрлийн аяллыг эрсдэлтэй гэж харж байна. Төрийн байгууллагын хүнд суртал, уялдаа холбоогүй байдал хөгжих боломжийг хумьж байгааг үгүйсгэхгүй. Хил орчмын аяллын бүс тогтоож, үүнд нийцсэн маршрут гаргаж болно. Үүний энэ хүрээнд жуулчин хүлээн авч яагаад болохгүй гэж. Хятадууд орж ирээд алга болчихно гэж манайхан ихэд болгоомжилдог. Үүнийг эдийн засгийн аргаар шийдэж болмоор санагддаг.

Дэлхийн улс орнууд хятад жуулчин хүлээн авах гэж хоорондоо үйлчилгээ, үнийн бодлогоор өрсөлдөж байна. Харин манайх хаяа дэрлэн орших атлаа тэднийг хүлээж авах талаар төдийлэн анхаарч байсангүй. Түүх, үндэсний үзэл зэргээс болоод хятад жуулчинд төдийлэн таатай биш ханддаг. Үүнийг яаж өөрчлөх вэ?

Эдийн засгийн чадамжгүй хэт үндэсний үзэл хэврэг байдаг. Нөгөө талаас XXI зуунд амьдарч байгаа иргэдийн хувьд хятад хүний талаар, Хятадын талаарх хандлагаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэй болов уу. Германы хамгийн том дэлгүүр нь зөвхөн хятад жуулчинд зориулсан тасаг нээж, тэдний хэлээр ярьж байна. Далхийн II дайнаас хойш Хятад, Японы хоорондын харилцаа асар их зөрчилтэй байсан. Тэгвэл өнөөдөр Японы бодлого Хятадын жуулчдыг дотооддоо хүлээн авахад анхаарч байна. Бид дэргэд байгаа боломжоо бусдад алдаж болохгүй.

Төрөөс аялал жуулчлалын салбарт баримтлах бодлогын баримт бичиг гэж гаргасан. Хэрэгжилт нь хэр байна вэ?

Зөвхөн аялал жуулчлалын салбараар зогсохгүй манай салбар болгонд зориулсан бодлогын баримт бичиг гэж байна. Маш олон баримт бичиг байгаа мөртлөө үр дүн нь иргэдийн амьдралд үзэгдэж харагдахгүй байгаа нь хэрэгжилт хэр байгааг илтгэнэ. Бодлогоо тодорхойлж, хөгжлөө зураглаж байгаа нь сайн боловч тогтвортой хэрэгжиж чадахгүй байна. Манай улсад зохицуулалт, сахилга бат, хариуцлага, хоорондын уялдаа холбоо чухал байгаа. Эдгээрийг хангаж байж сая бодлогын үр дүнг хэмжих боломжтой.

Танай салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа урагшилж байна уу? 

Янз бүрийн ашиг сонирхол агуулсан төрийн бус байгууллага сүүлийн жилүүдэд олширсон. Энэ нь төрийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд саад болж байгаа. Мөн хувийн хэвшил төртэй хамтарч ажиллахад хүндрэл үүсгэдэг. Өнгөн талдаа бүх хүний санаа бодлыг сонсоно гэж байгаа боловч энэ нь хөгжилд саад болох нь бий. 


• Эдийн засгийн чадамжгүй хэт үндэсний үзэл хэврэг байдаг.
• Хөгжүүлнэ гэж зорьж байгаа боловч өнөөг хүртэл багагүй саад, хүндрэл гарч ирсэн.
• Өнөөдөр хүлээж байгаагаас илүү олон жуулчин авах бодлого руу явах хэрэгтэй байна.

Их, дээд сургуулийн бэлтгэж буй боловсон хүчин салбарынхаа эрэлт хэрэгцээг хангаж байна уу?

Боловсон хүчин бүх салбарын амин сүнс нь. Хүн дээр манай салбар тогтож байдаг. Аялал жуулчлал агаараас баялаг бүтээдэг. Жуулчинд Монголын агаар, тэнгэр харуулаад мөнгө салгаж авдаг салбар. Салбар, жуулчин хоорондын гүүр нь хөтөч, тайлбарлагч, энэ салбарын ажилтан байдаг. Үүнд сайн хөтөч, жолооч, үйлчилгээний ажилтан, менежер бүгд хамаарна. Хөтөч гэхэд зөвхөн хэлтэй байх бус сайн худалдаачин, сэтгэл судлаач байх шаардлагатай. Ер нь тухайн ажилтнаас олон төрлийн ур чадвар шаарддаг. Манай салбарт асар их чадвартай хүн байх хэрэгтэй. Ийм хүнийг бид олдог ч улирлын хамаарлаас болж уул уурхай, банк, төслийн байгууллагад алддаг. Өөрөөр хэлбэл, манай салбар дамжлага болдог. Тухайн хүнийг 12 сарын турш цалинжуулах боломж хомс. Харин үүнийг шийдэх арга нь хангалттай хэмжээний хэрэглэгч, зах зээлийг бий болгох, бэлдэх явдал. Өнөөдөр хүлээж байгаагаас илүү олон жуулчин авах бодлого руу явах хэрэгтэй байна. Ийм эрэлт, хэрэгцээ бий болоод ирэхээр зах зээл тэлнэ.

“Утаагүй үйлдвэрлэл” гэж аялал жуулчлалыг тодотгодог. Гурван өдрийн турш танайхан олон нийтэд үйл ажиллагаагаа танилцууллаа. Олон улсын үзэсгэлэн хэр амжилттай болж чадсан бэ? 

ITM Mongolia үзэсгэлэн 19 дэх жилдээ болж өнгөрлөө. Гаднын таван орны төлөөлөл ирж оролцлоо. Дотоодын аяллын компани, аж ахуйн нэгжүүд, тэнд үйлчилгээ үзүүлж ирсэн ханган нийлүүлэгч компаниуд энэхүү чуулганд мөн оролцож, хамтын ажиллагаагаа тэлж, түншээ нэмлээ. Аялал жуулчлалын салбар эдийн засгаа байнга дэмжиж байдаг. Энэ утгаараа үүргээ гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа.






САНАЛ БОЛГОХ