Монголчууд гадаадад аялахдаа гаднынхнаас $79 илүү үрдэг

Мэдээ


Аялал жуулчлалын гадаад сурталчилгаа зах зээлийн онцлогтоо нийцэхгүй байна

Манай улсын аялал жуулчлалын салбарт эргэлдэж байгаа мөнгөний урсгал жилээс жилд багасч байна. Нэг жуулчнаас олж байгаа орлого нэг монгол хүний гадаадад аялахдаа гаргасан зардлаас даруй 79 ам.доллараар бага байдаг аж. Энэ нь 2016 оны байдлаар манай аялал жуулчлалын салбар 166 сая ам.долларын алдагдалтай байсан гэсэн үг гэж Монголбанкнаас гаргадаг Аялал жуулчлалын орлого, зардлын судалгаанд дурджээ. Уг нь биелэх бололцоо маш өндөр боловч яагаад ч юм өдий хүртэл биелээгүй нэг мөрөөдөл бидэнд бий. Тэр нь жилд нэг сая жуулчин хүлээж авах. Сүүлийн таван жилд эл зорилтоо биелүүлэх гэж эрчимтэй зүтгэж байна. Гадаад сурталчилгаанд ч замбараагүй их мөнгө зарсан. Үүний тод илрэл нь ITВ Berlin-д 2015 онд албан ёсны түншээр оролцохын тулд төсвөөс олон тэрбум төгрөгийг зарцуулсан явдал. ITВ Berlin-д оролцсоны дараа жуулчдын тоо 15-30 хувь өсдөг гэсэн олон улсын жишиг байдаг боловч 2016 онд Монголд ирсэн жуулчдын тоо харин ч буурсан юм.

Гэтэл монголчуудын гадаадад аялж, зугаалдаг зардал 2016 онд хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 24, жуучдын урсгал дунджаар 10 орчим хувиар тэлсэн юм. Энэ бүхнээс манай аялал жуулчлалын сурталчилгаа зардал ихтэй боловч үр дүн багатай байдаг гэж дүгнэж болохоор. Монголбанкны тайлангийн зөвлөмжид ч Монголыг гадаадад сурталчлах, үйл ажиллагаа зохион байгуулах ажилд салбарын нэгдсэн бодлого дутагдаж байгааг дурджээ. Салбарын сурталчилгаа гол зах зээлдээ хүрч чаддаг эсэх нь бүр ч эргэлзээтэй. Статистик мэдээллээс үзвэл, жуулчдын дийлэнх нь азиуд, үүний дотор хятадууд. Харин манайд ирэх өгөөж, тур операторуудын орлогын дийлэнхийг ХБНГУ, АНУ, Европын жуулчид бүрдүүлдэг. Эдгээр орноос ирсэн аялагчид л бүрэн үйлчилгээ авдаг гэсэн үг. Тэгвэл азиуд ихэвчлэн бөөнөөрөө ирэх ч үзэж сонирхох бүхнээ цөөхөн хоногт амжуулж, илүү тав тухтай орчин үйлчилгээнд татагддаг гэдгийг Монголын аялал жуулчлалын холбооны Олон нийттэй харилцах менежер Ч.Болорхүү хэлсэн юм. Монгол бол дэлхийн улс орнуудыг соронзон мэт татдаг хятад жуулчидтай хаяа залган оршиж, жуулчдын урсгал хамгийн өндөр байдаг бүс нутгийн оролцогч. 2021 он гэхэд Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй орнуудаас аялдаг жуулчдын тоо дахин 50 гаруй саяар нэмэгдэнэ гэх тооцоог Mastercard Inc хийсэн байна. Бас аялал жуулчлалын сурталчилгааны гол хэрэгсэл нь дижитал маркетинг байна гэдгийг АНУ-ын Phocuswright Inc судалгааны фирм онцолжээ.

Хамгийн эрчимтэй дижиталжиж буй энэ салбарт “биг дата”-гийн тусламжтай аялагчдын зан төлөв, нас, орлогын хэмжээ, сонирхол, амьдралын хэв маяг, хооллолт гээд бүхий л мэдээллийг цуглуулж, эргээд хувь хүнд зориулсан дижитал маркетингийг эрчимтэй хийж байгаа юм. Зан төлөвөө “биг дата”- д харамгүй үлдээсэн жуулчид бол хятадууд. Тэд аль болох цөөхүүлээ, заримдаа ганцаараа аялдаг, дийлэнх нь 1980-2000 онд төрсөн. Чинээлэг, ухаалаг утсаар аяллын захиалга хийдэг, бусдын бараг очдоггүй газар хүрч тухайн орон нутгийн өвөрмөц хоол хүнс, дарсыг амталж, соёлтой нь танилцах хүсэлтэй. Нөгөө нэг хэсэг нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний гол худалдан авагчид.

Тэдэнд түүх дурсгалын газар, музей, үндэсний урлаг бус харин үйлчилгээ, тав тух сайтай цэнгээний газар, цана чарга, уулын дугуй гэх мэт бартаатай, илүү сорилттой, таашаал өгөхүйц үйлчилгээ хэрэгтэй аж. Дэлхийн гол жуулчдын онцлог, эрэлт хэрэгцээ ийм хурдтай өөрчлөгдөж байхад бид хэрэгцээнд нь нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож чадаж байна уу гэвэл үгүй. Нүүдэлчин соёл ахуй, онгон зэрлэг байгаль манай брэнд мөн. Цаг хугацаа зогссон мэт амар амгалан уудам тал нутагт л дурлаж ирдэг жуулчид бий. Гэхдээ энэ чигээрээ л аялал жуулчлалыг төсөөлөх аваас жилд ирэх жуулчдын тоо хагас саяас хэтрэхгүй гэдгийг сүүлчийн 10 орчим жилийн статистик харууллаа. Шинэ үеийнхнийг татах үйлчилгээ, дэд бүтэц, орчин бүрдүүлж байж чанартай жуулчин авна гэсэн үг. Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Хонконгийн Диснейлэнд, Тайландын Пхукет зэрэгтэй өрсөлдөх нэг чиглэл Монголд хэрэгтэй. Түүний нэг нь Хэнтий аймгийн Биндэрт босгохоор зорьж буй хөшөө цогцолбор, эсвэл хэдэн парламент дамжин яригдаж буй казиногийн төв байж болно” гэв.

Мөн жуулчны улирлыг сунгадаг гол бүтээгдэхүүн болсон адал явдалт аяллын төрлүүдэд ч сурталчилгаа дутмаг байгааг Mongolia Expeditions компанийн захирал С.Алдархишиг хэллээ. Тэрбээр “Монгол бол тэр чигтээ адал явдалт аяллын орон. Монголыг сурталчлахдаа хонь хариулж яваа морьтой хүний дэргэдүүр дугуйгаар аялж байгаа гадаад хүмүүсийн зураг оруулах зэргээр чанартай жуулчид татах сэдэл төрүүлмээр байна” хэмээв. Жуулчдын тоогоо нэг саяд хүргэж чадахгүй байгаа шалтгааныг агаарын тээврийн хүртээмж, зочлох үйлчилгээний багтаамжтай холбон тайлбарладаг ч ачир дээрээ өөрсдөө аяллын улирлаа сунгахад тун хойрго хандаж байна. Ядаж л жуулчны бус улиралд зочид буудал, нислэгийн тийзний үнэ хямдардаггүйн дээр орон нутгийн эвентүүдийг ч гол зах зээлд сурталчлах ажил хангалтгүй. Гэтэл технологийн тусламжтай дэлхийн хаана ч хүрэх боломжтой болсон энэ цаг үед зардал багатай, үр дүнтэй сурталчилгааны давуу талыг ардчиллын үр дөнгөж соёолж буй Мьянмар улс амжилттай хэрэгжүүлж байна. Тус улсын интернет хэрэглэгчдийн тоо 2014-2017 онд эрчимтэй өсөж, 39 сая болжээ. Энэ санаанд оромгүй их өсөлтийг дөнгөж байгуулагдсан Flymya компани овжин ашигласнаар жилийн дотор орлого нь 1.5 сая ам.долларт хүрсэн байна. Харин дижитал маркетингийн зардалд 100 мянган ам.долларыг л зарцуулсан гэдгийг Forbes мэдээлжээ. Энэ бол манайд шууд хуулаад хэрэгжүүлэх боломжтой жишээ. Дижитал маркетингийн бас нэг давуу тал нь нийт аялагчдын 90 гаруй хувь нь интернетээр тухайн компани, үйлчилгээ, бүтээгдэхүүн, улс орны талаар бусад аялагчийн бичсэн сэтгэгдэлд тулгуурлан шийдвэр гаргадаг байна.

Тиймээс зөвхөн улс гэлтгүй компаниуд ч гэсэн сурталчилгааг зардал багатай хийх боломж бүрдэж буйг Revenue-hub фирмийн судалгаа харуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн чуулганаар аялал жуулчлалыг хөгжлийн гурван тулгуурын нэг болгож буйгаа эрх баригчид бахархалтай нь аргагүй зарласан. Тэгвэл жуулчид татах гол хөшүүрэг болсон гадаад сурталчилгааг дэлхийн чиг хандлага, технологийн эринтэй нийлүүлэхгүйгээр энэ салбар эдийн засгийн өндөр үр ашигтай болж чадахгүй. Бас дижиталчлал монгол жуулчдад ч гэсэн илүү чанартай үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн худалдаж авах боломж олгож байгаа гэдгийг санаарай.


САНАЛ БОЛГОХ