Жижиг, дунд үйлдвэрийг ажилтны тоогоор тодорхойлно

Төсөл


200 хүртэлх ажилтантай бол нэг хувийн ААНОАТ төлнө

Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд ажилгүйдлийн түвшнийг зургаан хувь болгож бууруулах, хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 66 хувьд хүргэж өсгөх зорилт тавьсан. Түүнчлэн 2016-2020 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд жилд 100 тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр заажээ. Өнөөдрийн байдлаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн гаднын 12 том төсөл хэрэгжиж байгаа бол дүүрэг, аймгийн захиргаагаар дамжсан төслүүд ч цөөнгүй. Харин эдгээр төсөл, хөтөлбөрүүд эзнээ олж, бодит дэмжлэг үзүүлэхэд Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хөшүүрэг болох юм. УИХ-ын гишүүн, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар Жижиг, дунд, үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан боловсруулсныг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. Уг хуульд оруулахаар тусгасан гол өөрчлөлт нь жижиг, дунд үйлдвэрлэлийн ангиллыг нарийвчилсан явдал.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуульд бичил болон жижиг, дунд аж ахуйн нэгжийг тодорхойлох, ангилах асуудлыг тусгайлан зохицуулаагүй байдаг. Харин борлуулалтын орлого, үйл ажиллагааны төрөл, ажилтны тоо зэргийг харгалзан үзэхээс гадна хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн зарим үзүүлэлтийг тооцдог. Мөн 199-ээс дээшгүй ажилтантай, 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн жилийн орлоготой болон есөөс дээшгүй ажилтантай 250 сая төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгжүүд бүгд жижиг, дунд гэсэн ганцхан ангилалд багтаж буй. Тиймд хуулийн төсөлд үүнийг гурав ангилж, ялгавартай болгохоор тусгажээ. Бичил үйлдвэр эрхлэгчид ес хүртэлх ажилтантай, 250 сая хүртэлх төгрөгийн орлоготой, жижиг үйлдвэр эрхлэгчид 10-50 хүртэлх ажилтантай, 250- 500 сая төгрөгийн орлоготой байгууллага багтана. Мөн дунд үйлдвэр эрхлэгчид 50- 200 хүртэл ажилтантай, 0.5-2.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжийг хамруулах аж. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн ойлголтод бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл Жижиг, дунд үйлдвэрийг ажилтны тоогоор тодорхойлно эрхэлдэг эсэх нь хамаарахгүй болж байгаа юм. Олон улсын жишгээр компанийн зэрэглэлийг тогтоохдоо ажилчдын тоог гол шалгуур болгож буйг хууль санаачлагч нар хэлж байна. Өмнө нь компаниуд цөөхөн ажилтантай, өндөр борлуулалттай эсвэл олон ажилтантай, бага орлоготой байсан ч зээл авах боломжтой байсан. Тиймд ажилчдын тоогоор үүнийг ялгавартай болгон хязгаарлахаар тооцжээ.

Төрийн худалдан авалтын 10-аас доошгүй хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эзэлнэ
Түүнчлэн, ажилтны тоо нэмэгдэж, бичлээс жижиг рүү, жижгээс дунд бизнес рүү шилжих тусам зээлийн хэмжээ нэмэгдэж, хүү буурах юм. Мөн бичил, жижиг үйлдвэр эрхлэгчид олгох зээлийг сангаас, харин дунд үйлдвэр эрхлэгчид банкаар дамжуулан зээл олгохоор тусгасан. Одоо үйлчилж буй хуульд аж ахуйн нэгж жижиг байх тусам зээлийн хүү бага, хэмжээ нь их тул эзэд нь компаниа өргөжүүлэх хүсэлгүй байдаг сул талтай. Харин дээрх өөрчлөлт нь бизнес эрхлэгчдийг бизнесээ өргөжүүлж, ажлын байрны тоог нэмэх сэдэл болно гэж хууль санаачлагчид үзэж буй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд оруулахаар санал болгож буй бас нэг чухал өөрчлөлт нь татварын хөнгөлөлт. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд жилийн борлуулалтын орлого нь 50 саяас доош бол нэг хувийг ААНОАТ-т төлж, жилд нэг удаа тайлан гаргахаар тусгасан. Харин дээрх хуулийн төсөлд бүх жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ААНОАТ-ыг нэг хувь болгож, орлогоо жилд нэг удаа тайлагнах заалт тусгажээ. Тодруулбал, 50 саяас доош орлоготой биш, 200 хүртэлх ажилтантай компаниуд энэ хөнгөлөлтөд хамрагдах юм. Хууль зүйн үндэсний хүрээлэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих төрийн захиргааны байгууллага тогтворгүй, бүтцийн болон чиг үүргийн хувьд богино хугацааны давтамжтай өөрчлөгдөж байгаа нь энэ салбарын бодлого хангалтгүй хэрэгжихэд хүргэсэн шалтгаан гэдгийг онцолжээ.

Мөн салбарын тусгай сангууд нь өөр чиг үүргийн яамдад харьяалагдаж буй нь салбарын бодлогыг зангидаж, зээл, хөнгөлөлт зорилтот эзэндээ хүрч байгаа эсэхийг хянахад хүндрэл учруулж буй. Тиймд 2012 онд татан буугдсан Жижиг, дунд үйлдвэрийн газрыг сэргээн байгуулах шаардлагатайг хуулийн төсөлд тусгасан. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулахад хамгийн их дэмжлэг шаардлагатай. Үүнийг харгалзан үзэж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад 10-аас доошгүй хувийг жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах давуу эрх олгохоор хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан байна. Өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид манай улсын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 86 хувийг эзэлж буй. Үүнд 67.6 мянган аж ахуйн нэгж, 800 гаруй мянган хүн хамрагддаг. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн өөрчлөлтийг дагаад бизнесийн орчинд илүү таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн жижиг, дунд бизнесийг нэгдсэн бодлогоор зангидсанаар уг салбарыг чиглэсэн хөтөлбөр, хөнгөлөлтүүдийн үр дүн сайжрах юм.


САНАЛ БОЛГОХ