Монгол агуулгыг графиктай хослуулсан “Өөрөөрөө” брэнд

Би үйлдвэрлэгч


Нэг бүтээгдэхүүн гарахдаа гурван сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг


Сүүлийн үед хотын гудмаар монгол хээ угалз дүрсэлсэн, энгийн хэрнээ цаанаа л нэг чамин үүргэвч үүрсэн залуусыг та анзаарсан уу. Үндэсний хэв маягийг орчин үеийн загварт шингээн, шинэ үеийнхнийг онилсон загварын хувцас, хэрэглэлүүдийг дотоодын дизайнерууд олноор үйлдвэрлэх болсон. Харин “Өөрөөрөө” брэнд нь график дүрслэлийг мэргэжлийн өндөр түвшинд ашиглаж, үндэсний хээ, угалзыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлснээрээ бусдаас ялгардаг.

Энэхүү содон шийдэлтэй, шинэлэг загвар бүхий “Өөрөөрөө” брэндийг энэ удаагийн “Би үйлд­вэрлэгч” буландаа онцолж байна. Эртний түүх соёл, өв уламж­ лалыг дээдлэн, өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болгох нь тэдний зорилго. Тиймээс монгол хээ угалзыг графиктай хослуулж, бусдаас ялгарах өвөрмөц шийд­лийг гаргаж ирсэн байна. “Өөрөөрөө” брэнд жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ч хэдийнэ олонд танигдаад амжжээ. Хамгийн анхны бүтээг­ дэхүүн нь футболк байсан бол өдгөө дөрвөлжин цүнх болон үүргэвч нь залуусын өдөр тутмын хэрэглээ болоод байна. 

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЭРЭГЛЭЖ ТУРШСАНЫ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДААНД ГАРГАДАГ

Брэндийг үүсгэн байгуулагч Б.Отгонбадрахаас бүтээгдэхүү­нийхээ санааг хэрхэн олж, эхлүүлсэн тухай асуухад “Би график дизайнер мэргэжилтэй. 2010 оноос хойш өөрийн сонирх­лоор хувцсан дээр график зураг хийж, бүтээгдэхүүнээ цөөн тоогоор гаргаж эхэлсэн. Харин 2016 онд төрийн дуулалтай, социализмын үеийн сүлдтэй футболкнууд гаргасан нь залуусын анхаарлыг татаж чадсан. Улмаар даавуун дээр график дүрс буулгадаг хэвлэлийн машинтай болсноор цүнх үйлдвэрлэж, брэндээ үндэслэсэн. Бүтээгдэхүүний загвар хийц чухал ч график дүрслэл дээр илүү анхаарлаа хандуулдаг.

Дан ганц хээ угалз ашиглах нь хоцрогдсон гэж хэлж болно. Тиймээс монгол хэв маягийг хөгжүүлэх зорилготой график дүрслэл ашиглаж байгаа. “Өөрөөрөө” брэндийн лого нь өөр, өөр, өө гэж гурав хуваагдсан байгаа. Энэ нь олон утгатай. Өөрийнхөөрөө байх, бүх зүйл өөр, мөн Монголоороо, өөрөөрөө байх гэсэн агуулгатай” гэв. Түүний эхнэр У.Номин-Эрдэнэ хувцас дизайнер мэргэжилтэй бөгөөд хувцасны өнгө, үзэмж, оёдол зэрэгт анхаарал тавьдаг байна. Тэд брэндээ үүсгэснээс хойш цүнх, футболк, цамц, майкны 3-4 төрлийн загвар гаргаж, цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа аж. Одоо хоёр оёдолчин, дэлгүүртээ нэг худалдагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Анх “Авдар” цүнхийг 40 ширхэг хийсний дараа хэрэглэгчдээс янз бүрийн санал, шүүмж иржээ. Энэ бүгдийг тусган авч “Зээбад” цүнхээ гаргасан байна. Одоо хэрэглэгчдээс ирсэн саналуудыг нэгтгэж, энэ сардаа багтааж бүх цүнхээ шинэчлэн сайжруулж, дахин гаргах юм байна. 

• Загвар чухал хэдий ч хамгийн түрүүнд график дүрслэлийг нэгдүгээрт тавьдаг.

• График дүрслэлээ монгол агуулгаа онцолж хээ, угалзыг орчин үеийн болгож хөгжүүлдэг.

• Анхны цүнхээ гаргаснаас хойших бүх сэтгэгдлийг тэмдэглэн авч, бүтээгдэхүүнээ илүү чанартай болгохыг зорьж байгаа.


“Анхны цүнхээ гаргаснаас хойших бүх сэтгэгдлийг тэм­ дэглэн авч, бүтээгдэхүүнээ илүү чанартай болгохыг зорьж байгаа. Зарим нэг шүүмжлэл, сөрөг сэтгэгдэл ирнэ. Гэхдээ хүмүүс ихэвчлэн эергээр хүлээн авч, урам хайрлаж, зөвлөгөө өгдөг. Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд шинэчлэлээ бүрэн хийсэн байхаар төлөвлөж байна” хэмээн Б.Отгонбадрах ярилаа. Бүтээгдэхүүн нь тун өвөрмөц нэртэйг та анзаарсан байх. Тэд багагүй судалгаа хийсний үндсэн дээр утга агуулгатай нэрийг бүтээгдэхүүндээ өгдөг гэнэ.

Тухайлбал, “Зээбад” нь бат бэх, хүчирхэг байдлыг илтгэдэг аж. Чингис хааны үеэс Монголчууд далайн эзнийг Зээ Бад хэмээн нэрлэж, түүний толгойн дүрээр орд харш, сүм дуганыхаа үүдийг мануулдаг байжээ. Тэдний үйлдвэрлэж буй “Авдар”, “Зээбад”, “Хангарьд” цүнх тус бүр 88 мянган төг­ рөгийн үнэтэй. Цүнх нь хийц, материал, дүрслэл, бэлгэдлээрээ ялгаатай. Цамцнууд нь мөн дүрслэл, өгүүлэмж өөр өөр аж. Бүтээгдэхүүнүүдээ голдуу торгон даавуун материалаар урладаг байна.

“Монголчууд ихэвчлэн бараан өнгө сонирхдог нь ажиглагдсан. Тиймээс хамгийн сүүлд “Blackseries” хар сэтээ гаргасан. Хятад зэрэг бусад оронд бүтээгдэхүүнээ хэдэн мянгаар нь үйлдвэрлэдэг болохоор тэр хэрээр зардал бага гарна. Харин манайх хэдхэн ширхгээр гардаг болохоор үнийн хувьд импортын бараатай өрсөлдөх хэцүү. Тиймээс бид тоо бус, чанарыг илүүд үздэг. Загвараа гаргахын тулд нарийн судалгаа хийж, график дүрслэлээ сайжруулах гээд хийх ажил их байдаг. Тиймээс нэг бүтээгдэхүүн гаргахад гурван сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг” хэмээн У.Номин-Эрдэнэ ярьсан юм. 

МОНГОЛ АГУУЛГЫГ ЕВРОПЫН ТҮВШИНД ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ

Тэд он гарснаас хойш “Өөрөөрөө артист 2018” төслөө хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь ганцаараа загвараа гаргадаг байсан бол одоо мэргэжлийн хоёр график дизайнертай хамтран ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд цагаан сарын баярын өмнө нохой жилийг график дүрслэлээр цамцан дээр буулгажээ. Энэ санаа муугүй амжилт олж, эрэлт сайтай байсан гэнэ. Цаашид үүнийг улам хөгжүүлж, тухайн гарч байгаа жилийг графикаар дүрсэлж хувцсан дээрээ буулгах төлөвлөгөөтэй юм байна.

Тэдний гол зорилго монгол агуулгаа Европын түвшинд хөгжүүлэх. Тиймээс хүмүүсийн ашигладаг ч тэр бүр мэддэггүй монгол агуулгатай зүйлсийг ил гаргаж, харуулахыг зорьдог гэдгээ хэлж байлаа. Залуус бизнесээ эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтыг өөрсдөө гаргажээ. Өнгөрсөн хугацаанд бизнес нь хэр ашигтай байсныг Б.Отгонбадрахаас сонирхоход “Миний мэргэжил дизайнер. Би сонирхлынхоо дагуу л жижиг бизнес хийж байгаа хүн. Одоогоор ашиг, алдагдлаа нарийн тооцоолж гаргаагүй байна. Зөвхөн ашгийн төлөө биш, сонирхлоо дагаад явж байвал амжилтад хүрэхэд ойрхон гэж боддог” гэсэн юм.



САНАЛ БОЛГОХ