Жоншны далд уурхайг ашиглах цаг иржээ

Уул уурхай

Жоншны салбар төрийн бодлогоос гээгджээ

Төмрийг ган болгож боловсруулахад коксжих нүүрснээс гадна жонш ашигладаг. Аж үйлдвэрлэлийн чухал түүхий эд, экспортын гол бүтээгдэхүүн болох жоншны салбарт сүүлийн жилүүдэд өсөлт гарсангүй. Олборлолт, үйлдвэрлэлийн шатанд цаашлаад экспортод жоншны эзлэх хувь багасаж байна. Уг нь Монгол Улс уг эрдсийн нөөцөөр дэлхийд тавдугаар байрт ордог. Хэнтий, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар буюу зүүн урд хэсгээр тархсан хайлуур жоншны сав газарт нийт 22 сая тоннын нөөц бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд боломжит нөөцийг үүнээс 10 сая тонноор бага гэж олон улсын шинжээчид дүгнээд буй.

Ингэж тооцвол дэлхийн хайлуур жоншны нөөцийн есөн хувь нь Монгол нутагт байна. Одоогоор 700 гаруй орд, илрэл, эрдэсжсэн цэг тогтоогоод байгаагаас 150-160-д нь ямар нэг байдлаар хайгуулын ажил хийжээ. Жоншийг ган, төмрөөс гадна хөнгөн цагаан, электрод, шил, химийн үйлдвэрлэлд өргөн ашигладаг учир хэрэглэгч олон. Гол хэрэглэгч нь гангийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг БНХАУ. Тус улс нийт жоншны хэрэглээний 49 хувийг эзэлдэг бол АНУ 11, Мексик долоо, Япон таван хувийг нь бүрдүүлдэг. Ийнхүү манай жонш олборлогчид уг түүхий эдийн гол хэрэглэгчтэй хил залгадаг атлаа олборлолт, үйлдвэрлэл нь яагаад ахихгүй байна вэ? Экспортын дүнг харвал Монгол Улс 2011, 2012 онд жилд 400 гаруй тонн жонш гаднын орнуудад борлуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд аажим буурсаар өнгөрсөн онд 319.33 тонн болжээ. Үйлдвэрлэлийн хэмжээ 2011 онд 116.4 тонн байсан бол 2014 онд 374.9 тоннд хүрч байв.

• Одоогоор 700 гаруй орд, илрэл, эрдэсжсэн цэг тогтоогдсоноос 150-160- д нь ямар нэг байдлаар хайгуулын ажил хийжээ.

• “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.

• Жоншны салбарт байгалийн нөөцөөс гадна хүний нөөцийн хомсдол тулгарчээ.

Харин өнгөрсөн онд 55.2 тонноор хэмжигдэж хэд дахин буурсан. Үүний шалтгааныг дэлхийн зах зээл дээрх таваарын үнэтэй холбож болохгүй. Учир нь жоншны олон улсын зах зээл дээрх борлуулалтын үнэд огцом уналт, бууралт ажиглагдахгүй байгаа юм. Харин дэлхийн зах зээлээс үл шалтгаалсан дотоод шалтгаан цөөнгүй бий. Жонш олборлодог төв цэг болсон Бэрх, Хар-айраг, Хажуу-Улаан, Бор-Өндөрийн зэрэг томоохон үйлдвэрүүд 60 гаруй жилийн турш эрчимтэй олборлолт хийсэн. Энэ хугацаанд ордуудын ил нөөцийн ихэнхийг ухаж авснаар үйлдвэрлэлийн нөөц нь эрс багасаад буй. Тухайлбал, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Монголросцветмет” компанийн “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн жонш олборлолт 2014 онд 25 мянган тонн, 2015 онд 35 мянган тонн байсан бол 2016 онд 18 мянган тонн болж буурчээ. Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, түр зогсолтын байдалтай байгаа юм. Мөн цөөнгүй үйлдвэрийн олборлолт хумигдаж, үйлдвэрлэл нь зогсжээ. Жоншны ил ордын үйлдвэрлэлийн нөөц ийнхүү хэдэн жилийн өмнөөс багасаж эхэлсэн ч дахин шинэ орд нээх, нөөцийг нэмэх талаар ямар нэг нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгжихгүй байна. Нүүрс, зэс, алтны олборлолт, экспортыг төрөөс дэмжиж, бодлогоор чиглүүлдэг бол жоншны үйлдвэрүүд төрийн бодлогоос гээгдсэн. Сүүлийн 20 гаруй жилд Өмнөговь аймгийн Мандал-Овоогийн ордыг эс тооцвол томоохон орд тогтоогдоогүй. Гэхдээ бас жоншны салбар бүр тэг зогсолт хийчихээгүй. Өнгөрсөн онд хайлуур жоншны зургаан ордыг улсын бүртгэлд оруулжээ.

Гэвч хайгуулын ажлуудын ихэнх нь дутуу гүйцэтгэлтэй, тогтоосон нөөц нь үндэслэл муутай, арилжааны зорилгоор хэмжээг нь нэмж “хөөсрүүлсэн” байгааг Монголын хайлуур жонш олборлон үйлдвэрлэгч судлаачдын холбоо дүгнэжээ. Угтаа бол геологийн хайгуулын судалгаа нь олборлолт, үйлдвэрлэлээс 15-20 жилээр түрүүлж явах ёстой. Гэтэл энэ зарчим жоншны салбарт алдагдсанаас нөөцийн хомсдолд орох нөхцөл үүсээд байгааюм. Мөн далд, гүний уурхайн судалгаа нэн шаардлагатай болжээ. “Монголросцветмет” зэрэг цөөн компани л далд уурхайн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Харин жижиг компаниудын хувьд ил уурхайн нөөц дууссан л бол үйл ажиллагаа нь зогсож байна.

Уг нь хойд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Чойбалсан-Хянганы бүсүүд харьцангуй муу судлагдсан. Хэрэв ойрын жилүүдэд хайлуур жоншны төрөлжсөн судалгаа явуулбал сайн чанарын хүдэр бүхий дунд, жижиг хэмжээний ордуудаас нөөцийн хэмжээ нь өсөх найдвар бийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Жоншны салбарт байгалийн нөөцөөс гадна хүний нөөцийн хомсдол тулгарчээ. Уул уурхайн салбарынхан, бодлого боловсруулагчид нүүрс, алт, зэс зэрэгт анхаарлаа хандуулж буйн адил боловсон хүчин нь ч жоншны салбараас дөлж, үүгээр мэргэшихгүй байгаа юм. Монгол Улс дэлхийн жоншны нөөцийн багагүй хувийг бүрдүүлдэг атлаа үүнтэйгээ эн тэнцэхүйц экспортлогч болж чадахгүй байна. Хэрэв анхаарлаа хандуулж, алсын хараатай бодлого явуулж чадвал уул уурхайн чухал түүхий эд гэсэн мартагдсан нэрээ эргүүлж авахад дөхөм болох юм. Б.Баярмаа


САНАЛ БОЛГОХ