Нам харгалзахгүй шалгахыг шаардана

Байр суурь

Ажлын хэсгийг яаралтай байгуулах шаардлагаа УИХ-ын даргад өгнө гэв

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг стратегийн томоохон ордуудтай холбоотой маргаан дагуулаад буй асуудлыг шалгах Ажлын хэсгийг байгуулахаар болжээ. Мөн эдгээр асуудалтай холбогдож буй хүмүүсийг хууль, шүүхийн байгууллага адилхан байцаах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Тухайлбал, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ерөнхий сайд асан С.Баяр, тус Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах Ажлын хэсгийн ахлагч байсан Эрчим хүч, эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт нарыг ч мөн шалгах ёстой гэж Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Түүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлыг шалгах Ажлын хэсгийг нэн даруй байгуулах шаардлагаа УИХ-ын даргад хүргүүлэх гэж байна.

Д.Эрдэнэбат “Бид энэ асуудалд анхааралтай хандаж байгаа. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй, С.Баярын Засгийн газар баталсан. УИХ-ын 57 дугаар тогтоолтой холбоотой нэр бүхий хүмүүсийг адилхан шалгах ёстой. Мөн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан асуудлаар Ажлын хэсэг байгуулан, тус үйлдвэр болон улсад учруулсан хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх, үнэн зөв мэдээллийг ард түмэнд өгөхийг шаардана. Энэ шаардлагаа маргааш (өнөөдөр) УИХ-ын даргад өгнө” хэмээв.“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор Сангийн сайд асан С. Баярцогт тэргүүтэй гурван хүнийг хорих 461 дүгээр ангид саатуулаад буй.

Харин энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улс төрийн зорилготой үйлдэл байх вий гэсэн болгоомжлол байна. Шалгах шаардлагатай бол бүгдийг ижил шалгахгүйгээр намаар нь ялгаж байгаа мэт харагдсан” гэлээ. Бүлгийн хуралдаанаар мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Уг хуулийн төсөлд нийслэлийн өмч, татвар, орлого, хот төлөвлөлтийг зөв тодорхойлох ёстой аж. Мөн сүүлийн үед гишүүдийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлууд үүсч байгаа учраас УИХ-ын Дэгийн тухай хуулийг яаралтай хэлэлцэн, зарим хязгаарыг тогтоож өгөх ёстой гэв. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар “Нэг нам дангаар үнэмлэхүй олонх бүрдүүлж буй энэ үед Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй” гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Түүнээс гадна Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын гадаад өр зээлийн талаар хэлэлцлээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн З.Нарантуяа мэдээлэл өгөв. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгамдаж буй нэг асуудал бол гадаад өр. Одоо Засгийн газар нэмж өр тавих юм бол эдийн засгаа эргэж засах боломжгүй нөхцөл рүү орж байна. Өнөөдөр Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 74.4 хувьд хүрсэн. Өмнө нь гаргасан бондуудыг эргэн төлөлт хийх зорилготой арилжаалсан “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудын зөрүү мөнгө хаана байна вэ гэдэг асуудал бий. Гэтэл өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нэг тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байна. Энэ зээл орж ирвэл өр бүр их өснө. Засгийн газар нэмж зээл авах хэрэгцээ байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой. Тиймээс энэ асуудлаар Ардчилсан намын бүлгээс мөн Ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэв. Ийнхүү мэдээлэл өгсний дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлийнхний асуултад хариулав.

-”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан асуухад Арбитрын шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар хүлээж авахгүй байх эрхтэй гэж албаны хүмүүс хэлж байна. Тийм боломж Засгийн газарт бий юу?

-Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг Монгол Улс эргэж харах боломжгүй. 1958 оны Нью-Йоркийн конвенцид олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тусгасан байдаг. Одоогийн төлбөрийн шийдвэрээр бол эцсийн шийдвэр, гарц байхгүй гэсэн үг.

“Эрдэнэт”-ийн хохирлыг буруутай хүмүүсээр төлүүлэх ёстой
-УИХ-аас “Оюутолгой”-н гэрээнд үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулсан. Үүнд Ардчилсан намын гишүүдээс орсон уу?

-Ардчилсан намаас З.Нарантуяа гишүүнийг оруулсан. Ажлын хэсэг байгуулж, анхны хуралдаанаа хийхдээ өмнөх шалгалтуудын материал дээр үндэслэн дүгнэлт гаргана гэж ярьсан байна. Хэрэв Ажлын хэсэг байгуулсан бол бүгдийг нь дахин шалгаж, дүгнэлтээ шинээр гаргах ёстой.

-АТГ-аас танай намын гурван хүнийг баривчилсан. Мөн өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг ч шалгаж байна?

-“Оюутолгой”-н асуудлаар нийгэмд маш том эргэлзээ бий болсон. Хэрэв Монгол Улс авлига, төрийн баялгийг оффшор дансанд хийсэн асуудалтай шударгаар тэмцэнэ гэж байгаа бол бүх асуудалд тэвчээртэй хандах ёстой. Гэхдээ асуудалд тэнцвэргүй хандаж байгаа нөхцөлд бид өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Гурван гишүүнээ шалгуулахдаа үнэн зөвөө олуулаад гараасай гэж бодож байна. Бидний эмзэглэж байгаа зүйл бол яагаад түрүүлээд Ардчилсан намын гишүүдийг барьж эхлэв. Яагаад гол хариуцагч, Ажлын хэсгийн ахлагчийг барихгүй байна вэ. Ингэхээр “МАН” гэсэн өнцөг харагдаад байгаа юм. Тэгэхээр үүнийг улстөржсөн, улс төрийн хэлмэгдүүлэлт рүү явуулах вий гэсэн болгоомжлол байгаа.

САНАЛ БОЛГОХ