Г.Очир: Фитнессээр хичээллэсэн хүн өвдөх нь байтугай ханиад ч хүрдэггүй
Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очиртой ярилцлаа. Тэрбээр энэ спортын талаар олны дунд эргэлзээтэй байдаг олон асуултад хариулт өгсөн юм.
-Нийслэлийн хэмжээнд бодибилдинг, фитнессийн хэдэн төв үйл ажиллагаа явуулж байна вэ. Үүнээс хэд нь танай холбоонд бүртгэлтэй байдаг бол?
-Манай холбооны хийсэн судалгаагаар 123 клуб ажиллаж байна. Үүнээс 70 шахам нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, эсвэл талбай нь жижигхэн, хүн хичээллэх боломж тааруу. Харин стандартын шаардлага хангадаг 60 орчим клубийн 48 нь манай холбооны гишүүн. 1990-ээд онтой харьцуулахад хүмүүсийн амьдрал, орлогын түвшин дээшлэхийн хэрээр эрүүл мэнд, бие бялдартаа анхаарал тавьдаг болж. Энэ зөвхөн Монголын жишээ биш, дэлхий нийтэд ийм зүй тогтол байдаг. Тиймээс фитнесс төвүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа.
-Фитнесст явахын гол зорилго нь мундаг булчинтай болох гэсэн нийтлэг ойлголт бий. Бусад ач холбогдлыг бидэнд тайлбарлаж өгөөч?
-Үүнийг тайлбарлахын тулд хүмүүст бодибилдингийн тухай зөв ойлголтыг өгөх хэрэгтэй болно. Анх дэлхий нийтэд хотжилт бий болж, хүмүүсийн хөдөлгөөн багассан 1800-гаад оны үед хүмүүс идэвхтэй хөдөлгөөнийг юугаар орлуулах вэ гэсэн шийдлийг хайж эхэлсэн. Ингээд хүн ам ихээр төвлөрсөн том хотуудад дасгалын төвүүд үүссэн байдаг. Хүмүүс эхэндээ эрүүл болох гэж хичээллэж байсан бол яваандаа хөгжил нь хурдасч, булчингаа зориудаар хөгжүүлж эхэлсэн байна. Энэ нь буцаад бизнес байдлаар хүмүүст хүрчихсэн учраас хүмүүс бодибилдингийг том булчин л гэж ойлгоод байдаг. Уг нь энэ бол ерөөсөө л эрүүл амьдрах хэв маяг шүү дээ. Хүн яаж идэх, яаж хөдлөхөө зохицуулж байгааг бодибилдинг гэж байгаа юм. Бид фитнессийг булчин хөгжүүлэх гэж ойлгодог. Тэгвэл тэр булчин гэдэг чинь цус шүү дээ. Дасгал хөдөлгөөн хийх тусам цусны эргэлт сайжирна. Цус бүтэн эргэж байгаа нөхцөлд хүн хэзээ ч өвддөггүй. Крантаар ус байнга гүйгээд байвал бөглөрөхгүй, цэвэрхэн байдаг биз дээ. Яг үүнтэй адилхан. Фитнессээр тогтмол хичээллэдэг залуучууд өвчин тусах нь байтугай ханиад ч хүрдэггүй юм.
-Нийт улсын хэмжээнд тоо гаргах хэцүү байх. Харин Улаанбаатар хотод фитнесс, бодибилдингээр идэвхтэй хичээллэдэг хүний багцаа тоо байдаг уу?
-Сүүлийн үед илүүдэлтэй жинтэй эсвэл хэт туранхай, элдэв өвчтэй хүний тоо улам нэмэгдээд байгааг хүмүүс анзаардаг байх. Энэ бол фитнесс буюу хөдөлгөөнтэй байх соёл дутагдаж байгаагийн шинж. Бид өнөөдөр боловсролтой болох, мөнгө олох, баян амьдрах тухай л боддог. Тэгсэн атлаа эрүүл байх гэдэг хамгийн чухал юмаа мартаж орхисон. Эрүүл байх соёлыг хүн бүр сураагүй учраас тогтмол хичээллэдэг хүний тоог гаргахад хэцүү. Аль нэг фитнесс клуб үнээ хямдруулсан сургаар хүмүүс мөнгөө төлөөд хичээллэдэг. Гэвч эрүүл байх соёлоо гүйцэд ойлгоогүй учраас хэдэн өдөр явж байгаад дундаас нь хаячихдаг. Иймэрхүү байдлаас болоод фитнесст хичээллэгчдийн тоог тогтмол гаргахад хэцүү. Яахав, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй клубт хичээллэгчдийн тоог аваад үзвэл багцаа тоо гарч магадгүй. Гэхдээ 10 мянга хүрэхгүй байх.
-Хүмүүс уг нь эрүүлжих гэж фитнесс төвд очдог. Гэвч хичээллээд зүрх судасны өвчтэй боллоо, хар залуугаараа цус харваж байна гэж ярих боллоо. Энэ ямар учир шалтгаантай юм бэ?
-Энэ бол маш их анхаарах ёстой асуудал. Сүүлийн үед арилжааны маягтай фитнесс клуб олон боллоо. Хүнээс мөнгө авахаа л бодно уу гэхээс яаж хичээллэхийг нь зөв зааж өгдөггүй. Бүр зарим нь өөрсдөө ч зөв хичээллэх тухай мэдлэггүй байдаг. Буруу хичээллээд эхлэхээр л өөрийн чинь хэлсэн шиг элдэв өвчин тусаад байгаа хэрэг. Хүн таван давхар байшин руу эхний удаа амрахгүйгээр шууд гарахад хэцүү шүү дээ. Ялангуяа, мах зэрэг өндөр илчлэгтэй хоол иддэг, дотор өөх ихтэй монголчуудын хувьд амьсгаадахаас эхлээд бэрхшээл гарна. Яг үүнтэй адилхан дасгах маягаар хөдөлгөөн хийх ёстой. Жишээ нь, эхний өдөр хоёр давхар руу гарах хэмжээний ачаалал ав. Дараа нь түүнийгээ бага багаар нэмэгдүүлсээр таван давхарт гарах хэмжээний ачааллыг даах чадвартай болдог. Гэтэл одоо зарим багш нар “Хийгээд л бай. Хэдий чинээ хөлс гаргана, тэр хэрээр эрүүл болно” гэж шахаад байдаг. Хөдөлгөөн багатай байсан хүн огцом хөдлөөд эхлэнгүүт зүрхний хэм алдагдах зэргээр янз бүрийн өвчлөл бий болдог. Тэгээд дээр нь нэмэлт хүнсний хэрэглээг буруу заагаад өгчихдөг. Ингээд уураг болон элдэв эм бэлдмэл хэрэглэснээр бодисын солилцооны хямралд орж, биеэ улам муутгаад байна.
Сонирхлоороо хичээллэж, биеэ эрүүлжүүлэх гэж байгаа бол уураг уух шаардлагагүй
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй