Татварын хэт хөнгөлөлт, чөлөөлөлт нэмэр бус нэрмээс болж байна

Нийтлэлчийн булан

Нэг их наядаар 15 мянган иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжтой


Экспорт Засгийн газар татварын шинэчлэлийн багц хуулийн төслийг боловсруулан улс орон даяар 30 хоногийн хугацаанд танилцуулж, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хүрээнд 5600 орчим санал хүлээн авчээ. Сангийн яам одоо иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн санал, хүсэлтийг харгалзан үзэж, төслийн шатанд буй Татварын ерөнхий хууль болон бусад хуулийн төсөлд тусгах ажлыг үргэлжлүүлж байна. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татвартай холбоотой санал хамгийн их иржээ. Татварын хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз сууриа өргөтгөж, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж буй. Тэрчлэн татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, улмаар олон улсын татварын зарчмуудыг нэвтрүүлж, хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгоход энэ удаагийн шинэчлэл онцгой анхаарч байгаа. Татварын бааз сууриа өргөтгөх талаар үе үеийн Засгийн газар тодорхой зорилт дэвшүүлж, төсвийн орлогыг бүрдүүлэх гэж Сангийн сайд нар хэрэндээ л чармайдаг.

ҮCX -ны энэ оны хоёрдугаар сарын үзүүлэлтээр, улсын нэгдсэн төсвийн орлогын 80.1 хувийг татварын орлого бүрдүүлж байна. Төсвийн орлого татвараас үлэмж хамааралтай болсныг дээрх тоон үзүүлэлт илтгэнэ. Гэтэл татварын бааз сууриа өргөтгөх зорилгыг дээрх шинэчлэлийн хүрээнд зорьсон атлаа нөгөө талд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зохистой хэмжээнээс хэдийнэ халиад гарчээ. Үүнийг шинэчлэлийн явцад төдийлэн хөндсөнгүй. Харамсалтай нь, хөнгөлөлт, чөлөөлөлт нэрийн дор татварын орлого жилд тэрбум тэрбумаар урсаж, нийт дүн нь их наядаар хэмжигдэж байна. Улсын хэмжээнд 40 гаруй хөнгөлөлт, 180 орчим чөлөөлөлт үйлчилж байна. Татварын чөлөөлөлтийн дийлэнх нь НӨАТ- ын болон НӨАТ-аас чөлөөлөх, Гаалийн албан татвараас чөлөөлөхөд хамаарчээ. Хөнгөлөлт, чөлөөлөлт ийнхүү хавтгайрсан нь төсөвт төвлөрөх байсан орлогыг дунд нь их наядаар таслах аж. Дууссан төсөл, хөтөлбөрт үйлчилж байсан нэр бүхий татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх тухай хуулийн заалтыг хүчингүй болгох шаардлага үүсэж байна. Хөнгөлөлт нэмэгдсэн нь татварын суурийг багасгах эрсдэлтэй гэж үздэг. Татварын нийтлэг бус тусгайлсан хөнгөлөлт газар авсан нь татвар төлөгчдөд шударга бус хандаж байгааг илчлэх нэг баримт мөн. УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхтэй, үүнийгээ ч дор бүрнээ бүрэн эдэлдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хамгийн түгээмэл тааралддаг болжээ. Гишүүн болгон өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хууль бичиж, түүндээ заавал хөнгөлөлт, чөлөөлөлт гэсэн үг, өгүүлбэр оруулах ёстой гэж зүтгэдэг нь зуршил болоод удаж байна. Татварын ерөнхий газрын даргын хэлснээр, хөнгөлөлт, чөлөөлөлт тэдний хувьд толгойн өвчин болжээ.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой 80 гаруй заалт байна. Эдгээрийг тус бүрээр нь судалж үзэхэд, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, урамшуулахад түлхүү чиглэжээ. Дээрх заалт дотор татварын алба хяналт тавихад хүндрэл үүсгэх, татварын тэгш, шударга байх зарчмыг алдагдуулж, нийгмийн орлогын түвшний ялгааг ихэсгэх, салбараар нь ялгаварлан гадуурхах утга бүхий 14 заалт илүү анхаарал татаж байгаа юм. Энэ төлөхгүй байхад би яагаад татвар төлөх ёстой вэ гэсэн татвар төлөхөөс зайлсхийх сөрөг хандлагыг үүсгэх заалт байна. Тиймээс Сангийн яам болон Татварын ерөнхий газраас хавтгайрсан хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоог багасгах, хөнгөлөлт, чөлөөлөлтийг үр ашигтай хэлбэрээр ашиглахад гол анхаарлаа төвлөрүүлж байгаа аж. Татвар төлөгчдийн сэтгэлгээнд сөргөөр нөлөөлдөг, татвараас зугтаах, татвар ногдуулах орлогыг бууруулах боломжийг хаах шаардлага албан татварт байна. Монгол Улс бага татвартайгаараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд дэлхийд 106 орноос гуравдугаарт, хувь хүний орлогын албан татвараар 87 орноос хоёрдугаарт бичигдэж, олон улсын хэмжээнд хамгийн бага татвартай орны нэг. Гэвч хамгийн бага татвартай орны нэг мөртлөө хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээгээ ихээхэн нэмэгдүүлжээ. Хөнгөлөлт, чөлөөлөлт нь эдийн засгийг зохицуулагч гол хэрэгслүүдийн нэг боловч хэт их хавтгайруулан хэрэглэснээр татварын бааз суурь, орлого буурахад хүргэж байна. Хөнгөлөлт, чөлөөлөлтөөр алдаж байгаа татварын орлогоо нөхөх гэж, тэр орлогыг төсөвт бүрдүүлэх үүднээс өрхийн амьжиргаа болон компанийн хэвийн үйл ажиллагаанд халтай шийдвэр ар араасаа цуврах болсон.

Улсын хэмжээнд 40 гаруй хөнгөлөлт, 180 орчим чөлөөлөлт үйлчилж байна
Үүний горыг ч бид үнийн өсөлт, өрхийн зардлаараа мэдэрч байгаа. Хөнгөлөлт, чөлөөлөлт нэрээр татвараас зугтах үзэгдэл хэрхэн цэцэглэж байгааг төсвийн орлогын 20 хувьтай тэнцэх мөнгөн дүнгээс уншигч та анзаарсан байх. Манайх шиг төсвийн орлого нь долоон их наядаар хэмжигдэх оронд нэг их наяд төгрөг бага мөнгө биш. Үүгээр хамгийн багадаа 15 мянган иргэний ипотекийн зээлийг шийдвэрлэх боломжтой. Тэгвэл ашиглалтад орсон боловч эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа 30 мянган орон сууцны тал хувь нь эзнээ олно гэсэн үг. Барилгын салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ ч багасаж, энд түгжигдсэн мөнгө бизнесийн цэвэр зээл болж худалдаа, үйлчилгээний салбарт дэмжлэг үзүүлэх боломжтой. Ингэснээр эдийн засаг сэргэж, ДНБ-ий өсөлт эрчимжиж таарна. Үүний цаана ажлын байр шинээр нэмэгдэж, аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй байгаа 24.6 мянган иргэний тодорхой хувь нь ажилтай, орлоготой болно гэсэн үг. Барилгын салбар зогсонги байдлаас гарснаар дотоодын барилгын материалын үйлдвэрлэл хүчээ огцом авахгүй юм гэхэд үйл ажиллагаа нь жигдэрч, бараа, бүтээгдэхүүний борлуулалт сэргэнэ. Аливаа арга хэмжээ байх ёстой түвшин, хил хязгаараа давах хэрээр ач холбогдол, агуулга нь буурч, үнэ цэнээ алддаг. Тэгвэл татварын хэт хөнгөлөлт, чөлөөлөлт эдийн засагт дарамт болж, өрхийн төсөвт хүндрэл үүсгэж байна. Хавтгайрсан хөнгөлөлт, чөлөөлөлтөөс цөөн хүн хожиж, олонх нь хохирч байгаа нь нийгмийн хэвийн үзэгдэл болжээ.

САНАЛ БОЛГОХ