Улсын хэмжээнд хагас сая га талбайд тариалалт хийнэ
Мэдээ
Хаврын тариалалт эхлэх цаг хаяанд ирж байна. Манай улс энэ жил 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал тариална. Нийт 513.2 мянган га-д үр тариа тарихаар төлөвлөжээ. Газар тариалангийн бүс нутагт бэлтгэл ажил ид ундарч байна. Энэ онд улсын хэмжээнд үр тариа, тосны ургамлыг нийт 1500-гаад иргэн, аж ахуйн нэгж тарих гэж байгааг салбарын 11 яамнаас мэдээлэв. Харин төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 470 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган иргэн тарих аж. Эдгээр тариалалтын үр дүнд ирэх намар 538 мянган тонн үр тариа, хүнсний ногоо хураан авах зорилт дэвшүүлжээ. Мөн “Атрын III” аяныг үргэлжлүүлэх бөгөөд тариалангийн салбарт эрх зүй, эдийн засаг, техник, технологийн шинэчлэл хийгдэхээр хүлээгдэж байна. “Газар тариалангийн тогтвортой хөгжил” тариаланчдын улсын зөвлөгөөний үеэр энэ асуудлыг хөндсөн юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас энэ хаврын тариалалтад зориулан 31.5 мянган тонн үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд долоон тэрбум төгрөг зарцуулжээ.
Өнгөрсөн оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайд 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна. Хүн амын талх, гурилын хэрэгцээг хангахад энэ онд 60 гаруй мянган тонн буудайн үр шаардлагатай бөгөөд үүний 24 мянгыг аж ахуйн нэгжүүд өөрсдөө нөөцөлжээ. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 25.8, ОБЕГ-ын нөөцөнд гурван мянган тонн үр бүрдүүлээд байна. Тэрчлэн төсвийн хөрөнгөөр 4.8 мянган тонн элит үрийг нийлүүлэхээр төлөвлөжээ. Хаврын тариалалтад олгох импортын элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөгөөр тогтоосон байна. Мөн үр болон шатахуун, үр ариутгал, ургамал хамгааллын бодисыг 30-50 хувийн урьдчилгаатай зээлээр тариаланчдад олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэжээ. Монголчууд атар газар эзэмшиж эхэлснээс хойш 60 жил өнгөрсөн байна. Үүнийг угтаж Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөө батлан гаргажээ. Энэ хүрээнд газар тариалангийн бүс нутгийг зааглан тогтоож, хөрсний үржил шимийг хамгаалах, ойн зурвас байгуулахаар төлөвлөж байна. Үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд долоон тэрбум төгрөг зарцуулжээ.
Мөн усалгаатай тариалангийн хэмжээг 80 мянган га-д хүргэхээр зорьж буй. Хаврын тариалалттай зэрэгцээд “Хүнсний ногоо” болон “Жимс жимсгэнэ” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт энэ онд эрчимжих нь. Тухайлбал, “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд дунд оврын трактор, бага дунд оврын тракторт тохирох хүнсний ногооны иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй, долоон жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгохоор болсныг салбарын сайд онцолсон юм. Харин “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгацыг зээлээр олгохоор болжээ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр трактор, хадлан тэжээлийн зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил үргэлжилж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд нийт 22 мянган тонн шатахууны хэрэгцээ байгаа.
• Газар тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 22 мянган тонн шатахууны хэрэгцээ байгаа.
• Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 25.8, ОБЕГ-ын нөөцөнд гурван мянган тонн үр бүрдүүлээд байна.
• Улсын хэмжээнд үр тариа, тосны ургамлыг нийт 1500-гаад иргэн, аж ахуйн нэгж тарих гэж байгааг салбарын яамнаас мэдээлэв.
Тэгвэл хаврын тариалалтад 7.8 мянган тонн дизель түлшний онцгой албан татварыг тэглүүлэх саналыг салбарын яамнаас боловсруулан Засгийн газарт тавьжээ. Сүүлийн жилүүдэд тариалангийн хөрсний үржил шимийн доройтол эрчимжиж 60-70 хувь буурч, ургацын хэмжээ, чанар тогтворгүй болсон. Судалгааны дүнгээс харахад, тариалангийн талбайд нэг га тутмаас хоёр тонн орчим үржил шимт хөрс хийсэн, элэгдэлд нэрвэгдэж байгааг тариаланчдын улсын зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх хэлсэн үгэндээ дурдсан юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй