Монголчууд бол дэлхийн хамгийн шилдэг үндэстэн

Нийтлэлчийн булан


Дэлхийн түүхийг бичиглэсэн тэр цаг үеэс хойш бид юу хийж гийгүүлэв.

Одоо ч иймэрхүү агуулгатай юм бичихээр дотор муухайрах болж дээ. Дээд тэнгэрээс заяатай, эзэн Чингисийн удам гэж залхтал цээжээ дэлдсээр байгаад өнөөх бахархам түүх маань ярихаас ч ичмээр зүйл болж хувирсныг хараад харамсах юм. XIII зууны үед бидний өвөг дээдсийн бүтээсэн бүхэн яах аргагүй дэлхийн түүхэнд томоохон байр суурь эзлэх учиртай. Чухам монголчууд л Ази, Европыг холбосон худалдааны аюулгүй зам байгуулж, шашин шүтэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, техник, технологийн шийдлийг очсон газар бүртээ түгээж, өртөө улааны албыг санаачилсан гээд өнөөгийн даяаршлын эх үндсийг найман зууны тэртээ тавьжээ. Харин дэлхийн түүхийг бичсэн тэр цаг үеэс хойш бид юу хийж гийгүүлэв. Онцгойрч гайхуулах бүтээн байгуулалт хийж чадсан бил үү. Үнэнийг хэлэхэд тэр гээд нэрлэчих гавьяа олдохгүй юм.

Харин эзэн Чингисийн удам гэж өөрсдийгөө хөөргөж, цээжээ дэлдэхийг бол үнэхээр сайн хийж чадаад байна аа. “Сая уран гулгалтаар олимпийн аварга болсон Алина Загитова монгол үндэстэн юм байна. Монголчууд ч үнэхээр ховорхон гентэй улс юм аа” гээд хэсэг хөөрөв. Татар гаралтай орос охин олимпийн аварга болсон нь уйгагүй бэлтгэл сургуулилт бус, хэн бүхэнд заяадаггүй генд нь байсан бололтой. Бид ингэж онгирох дуртай хэрнээ уран гулгалт, тэшүүрийн битүү дээвэртэй ордон барьж чадахгүй өчнөөн жилийг үдэв. Бүр олон улсын тэшүүрийн холбоо нь санхүүжилтээ гаргая, танайх газрын асуудлаа л шийдчих гээд байхад тухайн үеийн хотын удирдлага газар өгөлгүй луу унжсаар байгаад сайхан боломжийг салхинд хийсгэснийг сайн мэдэх юм. Бид агуу үндэстэн гэж онгирох хэрнээ могойн зураг шэйр хийвэл аз авчирна, гэнэт баяжина гэсэн хөгийн юманд бөөнөөрөө итгэх. Хэрэв элдэв зураг facebook- тээ шэйрлээд баяждаг бол бид бөөнөөрөө Forbes-ийн тэрбумтнуудын жагсаалтад орчихсон байхсан. Мэс заслын эмч өчнөөн цаг ур чадвар гарган ажилласаар өвчтөнийг аврахад ар гэрийнхэн нь бөөд талархлаа илэрхийлдэг хэмээх яриа бага зэрэг дэгсдүүлсэн болохоос үнэний ортой. Оны өмнөхөн дөө, нэгэн автомашины групп нээгдэж, элсэн орсон хүн бүхэн Prado жийп хожих сугалаанд оролцох эрхтэй болно гэж шууруулав. Хэдхэн хоногийн дотор өнөөх групп зуун мянгаар тоологдох гишүүнтэй болсон.

Гэвч юуных нь машин хожих, зүгээр л олон хандалттай групп үүсгэх гэсэн оролдлого болох нь илэрсэн. Иймэрхүү давалгаа хэд хоногийн өмнө дахиад л өрнөлөө. “Та азтан болж иж бүрэн тавилгатай гурван өрөө байр хожмоор байна уу. Тэгвэл энэхүү зарыг шэйр хийхэд л хангалттай” гэсэн пост ямар их эрчээ авав аа. Бас л олон дагагчтай пэйж нээж, түүнийгээ дараа нь өндөр үнээр зарах луйврын шинжтэй арга. Гэхдээ энэ мэтийн марзан луйвраар монголчуудыг хошууруулахад дэндүү амархан гэдгийг цаадуул нь сайн мэднэ. Жи тайм тэргүүтэй элдэв сүлжээний хохирогчид бол бидний өнөөгийн байдлыг тод томруун харуулсан бодит жишээ. Наадах чинь луйвар шүү гээд цагдаагийн байгууллагаас анхааруулаад байхад л богино хугацаанд гэнэт баяжих гэнэн сэтгэлээр хамаг мөнгөө хийн алдаж орхино. “Ийм юманд итгээд байхдаа яах вэ дээ” гэж инээгээд явж байсан хүн хүртэл өнөөх сүлжээнд нь орж, мөнгөө тавиад туусныг мэдэх юм. Аль нь үнэн, аль нь худал мэдээлэл болохыг ялгаж сурахад тэнгэр заяа тусалдаггүй бололтой. Гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн хүмүүс толгой сэгсэрдэг юм, монголчууд бүгд дарга болох сонирхолтой болчихож гэж.

• А.Загитова монгол гаралтай гэж онгирох хэрнээ уран гулгалт, тэшүүрийн битүү дээвэртэй ордон барьж чадахгүй өчнөөн жилийг үдэв.

• Ар гэрээ олигтойхон аваад явчихаж чадахгүй хэрнээ улс төр гэж мэдэмхийрсэн, түүх ярьж цээжээ дэлдсэн нөхөд таны эргэн тойронд дор хаяж нэг бий гэдэгт эргэлзэхгүй байна.

• Элдэв зураг фэйсбүүктээ шэйрлээд баяждаг бол бид бөөнөөрөө Форбесийн тэрбумтнуудын жагсаалтад орчихсон байхсан.

“Нэг бол том бизнес, эсвэл даргын албан тушаал ярьсан хүмүүс л тааралдах юм. Эсвэл нам, улс төр ярина. Тэгсэн хэрнээ том том юм ярьсан хүмүүс гэртээ зүсэм талхгүй сууж байхтай таарч л байсан” хэмээн таньдаг эгч маань халаглаж байв. Үнэхээр түүний хэлсэнчлэн бүгд дарга даамал болох сонирхолтой учраас энгийн хар бор ажил хийх хүн олддоггүй. Харин энэ орон зайг нь хятад, вьетнамчууд нөхөх болов. Харийнхнаар ажлаа хийлгэдэг бид тийм баян улс юм уу гэтэл үгүй. Хүн амын гуравны нэг нь ядуу гэсэн ангилалд багтдаг, ажилгүйдлийн түвшин өдөр ирэх тусам нэмэгдсээр байгааг бид мэднэ. Гэтэл нөгөө талд албан байгууллагууд ажиллах хүчний хомсдолд орчихсон. Ийм утгагүй урвуу хамааралтай улс тэнгэр заяат Монголоос өөр байдаг болов уу. Зүй нь цээжээ дэлдэн томорч суухын оронд өөрийгөө бага ч атугай хөгжүүлэхийг боддог бол энэ олон ажлын байр эзэнгүй байхгүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж зүгээр ч нэг сургаагүй. Харин төрийн хэргийг нийтээрээ хамаарч, амьдралаа өөд татахыг төрөөс шаарддаг, төр нь энэ урвуу үзлийг өөгшүүлэн дэмждэг урвуу тогтолцоо хэнд ашигтай вэ. Социализмын үед бид Чингис хааныхаа тухай ярих ч хориотой байлаа. Дунд сургуулийн сурах бичгүүдэд тэр үеийг феодалын дарангуйлал гэсэн тайлбартайгаар товчхон үзээд өнгөрөөнө. Харин ардчилал гарснаас хойш бид эх түүхээ үнэн зөв, бодитойгоор харж, мэдэх боломж бүрдсэн. Гэвч монголчуудын цусанд нэвт шингэсэн туйлшрамтгай зан Чингис хаанаа, омог бардам өмнөх түүхээрээ хэт бахархах үзлийг бий болгожээ.

Гэхдээ тэнгэр заяат монгол гэж 28 жил цээжээ дэлдсэн маань юунд хүргэв. Яг үнэндээ урьдын сайхан түүхээ ярихаас цаашгүй унхиагүй нөхөд болгож хувиргаа юу гэлтэй. Үүний илрэл нь хүн бүр дарга болох гэж тэмүүлдэг, энгийн ажил хийх хүн олддоггүй бидний өнөөгийн байдал. Ар гэрээ олигтойхон аваад явчихаж чадахгүй хэрнээ улс төр гэж мэдэмхийрсэн, түүх ярьж цээжээ дэлдсэн нөхөд таны эргэн тойронд дор хаяж нэг бий гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн аймшигтай нь иймэрхүү нөхдийн эгнээ өдөр ирэх тусам хүрээгээ тэлэх төлөвтэй. Тэгсэн хэрнээ сэтгэл л байхад боловсрол тийм ч чухал биш гэсэн утгатай юм ярьж, бусдыг уриалан дуудах өнгө аястай. Гаднынхантай уулзахдаа манай Чингис хаан танай улсыг эзлэн авч, боолчилж байсан ухааны юм ярьж, дээрэлхэх нь энгийн үзэгдэл.

Гэтэл найман зууны тэртээх түүх гаднынханд ямар ч падлийгүй. Бодит байдал гэвэл бид хөгжил дорой, бусдаас мөнгө гуйсан ядруу улс гэдгээ л ойлгодог болмоор байна. Сайнаас агуу болохын тулд харгис үнэнтэй нүүр тул, хүлээн зөвшөөр гэж орчин цагийн дэлхийн шилдгүүд бичиж байна. Массаараа харанхуй, туйлшрамтгай байгаа нь зөвхөн улстөрчдөд л ашигтай. Харин бид муухай дээрээ улцан болчихгүйн тулд одоо бодит байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийт массаараа ийм харанхуй, туйлшрамтгай байгаа нь зөвхөн улстөрчдөд л ашигтай. Нэг ёсондоо тэдний толгойг яаж л бол яаж эргүүлнэ гэсэн үг. Сонгуулийн өмнө нэг дуулиант мэдээ цацахад л нийгэм тэр аяараа дагаж хошуураад л. Улстөрчид нь үүнийг хараад “Ард түмэн үнэхээр л цагаан цаас юм даа” гэчихсэн хоорондоо инээлдээд суудаг байх даа. Тиймдээ ч боловсролын салбараа албаар дампууруулж, өөд татах гэж хуруугаа ч хөдөлгөдөггүй байх. Нийтээрээ ухамсар дорой байвал тэднийг яаж ч мунхруулж болно. Ингээд эцэст нь тэнгэр заяандаа итгэсэн, цээжээ дэлдэж хөөрсөн бүхэл бүтэн армиар улс орон минь дүүрнэ гэсэн гутранги бодол л төрөөд байх юм. Миний буруу байгаасай билээ.


САНАЛ БОЛГОХ